Дэлхий нийтээр..
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, манай орон зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 байранд явдаг. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрээ түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Зэс хайлуулах үйлдвэрлэлээс хүхрийн исэл гарна. Тэрхүү хүхрийг олборлох үйл ажиллагаандаа ашиглана гэв. Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга Г.Манлайжав, төслийн үйл ажиллагааны үр дүнд 250 тонн цацраг идэвхт хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын зохих хууль, журмын дагуу хог, хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгана. Төслийн явцад 3 төрлийн хог хаягдал гарна. Шатах, тослох материал буюу аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барина, цацраг идэвхт буюу шар нунтгийн сав, бээлий зэрэг хог хаягдлыг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаах гэсэн 3 аргаар хог хаягдлыг шийдэхээр тохиролцсон гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, цацраг идэвхт ашигт малтмал олборлохтой холбогдуулан болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хийхээр тусгасан байна. Байгаль орчны үнэлгээг хийсэн атлаа хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаарх үнэлгээ тун тааруу байна хэмээгээд хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг сайжруулах талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сандаг-Очир, хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталж байгааг тэмдэглээд төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг нийтээрээ ойлгож, цаг нь ирэхээр аливаа төсөл эхэлдэг гэдгийг харуулж байна гэв. Цаашид гэрээг үр ашигтай байгуулахад анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.
Түүний дараа Байнгын хорооны бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах санал гаргав. Нэгдсэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэж байх хооронд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасны дараа өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцэслэн батлахаар тогтов.
Түүний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн оршил хэсэгтээ “Монголын ард түмэн бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тунхагласан нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин биелүүлэхийн үндэс болсон. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, өрх бүр дээдлэн залахыг уриалж, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төрийн байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах; Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулж сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалах зохицуулалтыг тусгасан байна. Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах, уг тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Үндсэн хуулийг тунхаглалын шинж чанартай биш, залуучууд хойч үедээ Үндсэн хуулийн үзэл санааг бага наснаас нь ойлгуулах, бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тодорхой тусгаж, эргэх холбоог нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн үзэл санаа боловсролын байгууллагын хөтөлбөрт одоо хэрхэн туссан, түүнийг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа эсэх, хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах бус үүрэгжүүлэх боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Алтангэрэл нар Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлүүлэх хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, саналаа хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь дэмжиж батлав.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найрууллагыг танилцууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжин, баталлаа. Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2023/04/17
Монгол Улс, Уругвай Улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх ...
-
Үйл явдал2020/02/13
Ерөнхийлөгч Х.Баттулга "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ...
-
Хэн юу хэлэв...2022/04/15
С.Амарсайхан: МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд ипотекийн зээлийг одоогийн ...
-
Дэлхий нийтээр..2022/03/28
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
