Дэлхий нийтээр..
АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн хүүхдүүдтэй уулзлаа
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах, үрчлэлтийн дараах хяналтыг тогтмол хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажилладаг.
Энэ хүрээнд “Холт Интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцах уулзалтыг Чикаго хотноо зохион байгууллаа.
![]()
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт, “Холт Интернэшнл” байгууллагын Монгол Улс, БНСУ дахь төсөл хөтөлбөрүүдийн захирал Пол Ким болон Чикаго хот орчимд амьдарч буй үрчлэгдсэн хүүхдүүд, эцэг эхийн хамт оролцов.
Уулзалтын үеэр үрчлүүлсэн хүүхдүүдийн ахуй амьдрал, сурч боловсорч буй орчин, нөхцөлтэй танилцсан бөгөөд эдгээр хүүхдүүд нь эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжиж, өндөр боловсрол эзэмших, сурч хөгжих бүхий л боломжоор хангагдан амьдарч байна. Тухайлбал, Үрчлэгдсэн хүүхдүүдийн зарим нь Висконсин-Мэдисоны их сургууль, Деполын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиудад нийлүүлэлтийн сүлжээ, логистик, урлагийн сэтгэл засал, гадаад харилцаа, маркетинг, санхүүгийн чиглэлээр суралцаж байна. Тэд ирээдүйд хоёр орны гүүр болж, эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцолж байв.

Мөн уулзалтад оролцсон хүүхдүүдийн эцэг, эхчүүд Монгол Улс үрчлүүлсэн хүүхдүүддээ үргэлж анхаарал хандуулж, тэдний сайн сайхны төлөө санаа тавьж байдагт талархал илэрхийлсэн юм.
Монгол Улс 1999 онд Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 18 орны иргэн, гэр бүлд нийт 277 хүүхдийг үрчлүүлсэн бөгөөд үүнээс хамгийн олон буюу 157 хүүхэд АНУ-д амьдарч байна.
![]()
Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн 157 хүүхдийн 71 нь АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлүүлсэн ба тус байгууллагатай хамтран үрчлүүлсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байна.
![]()
Түүнчлэн үрчлэгдсэний дараах хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай 2 буюу 3 талт гэрээг байгуулж, уг гэрээнд үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, мөн уугуул эх орон, ёс заншил, түүх соёлын уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчлан тусгаж өгдөг. Мөн үрчлэгч эцэг, эх нь хүүхдийн ахуй байдал, өсөлт хөгжил, боловсролын талаарх мэдээллийг хүүхдийн насны онцлогоос хамааран тодорхой заасан хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлдэг бөгөөд ирүүлсэн мэдээллийг гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажуулан хувийн хэрэг үүсгэн архивлаж, цаашдын хяналтад ашиглаж байна.
Ийнхүү үрчлэгдсэн хүүхдүүд нь Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц иргэний харьяаллаа чөлөөтэй сонгох боломжтой юм гэж ГИХГ-аас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2025/12/11
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан ...
-
Дэлхий нийтээр..2021/05/14
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа ОУПХ-ны Залуу парламентчдын форумд Монголын парламенты...
-
Дэлхий нийтээр..2023/12/28
“Сүмбэр орд” хотхоноос “Олонлог” сургууль хүртэл замын б...
-
Дэлхий нийтээр..2025/03/07
ГССҮТ: Сар шинийн баяраар гэмтсэн хүмүүсийн 34 хувь нь хүүхэд байна
