Хэн юу хэлэв...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын үндэсний чуулганыг нээж үг хэллээ
Эх орныхоо өнцөг булан бүрээс мянга мянган нөхдөө төлөөлөн энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхэндээ айлчлан ирсэн шинэ оны мэндийг дэвшүүлж, 2025 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг Улсын Их Хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөж мэндчилж байна.
Ахмадууд хэзээний эртэч, ажил хэрэгч зангаараа энэ удаагийн Үндэсний чуулганаа оны эхэнд хийх саналаа ирүүлснийг Улсын Их Хурлын даргын зөвлөл баяртай хүлээн авч, дэмжсэнээр Та бид өнөөдөр энэхүү танхимд чуулж байна.
2025 онд Монголын парламент болон Засгийн газрын хувьд эрх зүйн төгөлдөршил, эрүүл монгол хүн, мега төслийн бүтээн байгуулалт, алдагдалгүй төсөв зэрэг алсдаа үр өгөөжөө өгөх амбицтай томоохон зорилтыг дэвшүүлсэн. Тэр хэмжээгээр Та биднээс зүтгэл чармайлт, бас тэвчээр хүлээлт шаардах их сорилтын жил байх болно.
Иймд эх орныхоо XX зууны их бүтээн байгуулалт, 1990 ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилт, зах зээлийн үеийн баяр жаргал, бэрхшээл сорилтыг биеэрээ туулж яваа ахмадууд Та бүхний нийгмийн оролцоо, дуу хоолой, санал санаачилга, бүтээлч хөдөлмөр урьдын адил чухал хэвээр байна.
Тийм учраас энэ удаагийн Үндэсний чуулган ахмадуудын нийгмийн асуудлын зэрэгцээ ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн олон талт оролцооны талаар түлхүү хэлэлцэнэ гэж итгэж байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль анхлан батлагдснаас хойш 20 жил, мөн Ахмад настны тухай хуульд өнгөрсөн онд оруулсан шинэчилсэн найруулгын хэм хэмжээний томоохон нэмэлт, өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэх цаг хугацаатай энэ чуулган давхцаж байгаагаараа онцлог юм.
Чуулганы зочид, төлөөлөгчид өө
Аль ч цаг үе, аль ч нийгэмд ахмад үеийнхний нийгмийн үүрэг оролцоо нэн чухал байсан, байсаар ч байх болно. “Ахмадын сургаал алт, өвгөдийн эрдэм өв” хэмээн хэлэлцдэг монгол ухаан үүнийг нотолж байна. Ахмад үеийнхэнд амьдралын туршлага хэмээх нийгмийн үнэт капитал буюу баялаг нөөц бий. Ахмадын туршлага бол тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын ухаарал сургамж, ажил мэргэжлийн ур чадвар, амьдрах ухааны хуримтлал байдаг. 2023 оны байдлаар манай улсын нийт хүн амын 10.1 хувь буюу 385.3 мянга нь ахмад настан байна. Ахмадууд Та бүхний туршлага, мэдлэгийн хүч нөөцийг улс орныхоо хөгжилд хэрхэн үр өгөөжтэй ашиглах нь аливаа улс орны Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тогтвортой хөгжлийн нэг үзүүлэлт, нэгэн шалгуур болж байна.
Дэлхий нийтэд ч сүүлийн жилүүдэд төрөлт буурч, дундаж наслалт нэмэгдэж, үүний улмаас ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн сангийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй асуудал тулгарч байна. Энэ бүхэн манайд ч тулгамдсан асуудал болж байна. Үүнийг даван туулахын тулд улс орон бүр өөрийн өөрийн арга барилаар тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд ахмад настны эрхийг хамгаалах, эрүүл, идэвхтэй насжилт руу чиглэсэн байнгын сургалтад хамруулах, технологид суралцуулах, эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгалын системийн тогтолцоонд шинэчлэлт хийх, асаргаа сувилгаа, сэргээн засал болон ахмадын тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх зэрэг шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, ажиллаж байна. Бид ч мөн адил цаг алдалгүй зөв зохистой бодлого барьж ажиллах ёстой.
Иймд ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэх зорилгоор дараах 5 чиглэлд нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай.
Нэгдүгээрт, эрүүл мэнд. Энэ нь хүн бүрд нэн чухал, тэр дундаа, ахмад настны эрүүл мэндийн асуудал нийгмийн бодлого, халамж, үйлчилгээний нэг гол чиглэл байх ёстой. Ахмад үеийнхэн маань улс орон, өрх гэрийнхээ өнөөгийн амьдралыг бий болгохын төлөө залуу нас, эрүүл мэндээ зориулсан бас золиосолсон хүмүүс юм. Одоо тэдэнд анхаарал халамж, асаргаа сувилгаа нэн чухал. Ахмадууд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах онцгой, бүрэн эрхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээ хийж, тэднийг урьчилан сэргийлэлт, эрт илрүүлэгт хамруулах замаар эмнэлгийн яаралтай тусламж, сэргээн засалт, асрахуй сувилахуйн болон эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг олон улсын жишиг, орчин үеийн шаардлагын түвшинд хүргэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Энэ бүхэнд чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулъя.
Хоёрдугаарт, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн асуудал. Энэ талаар Улсын Их Хурал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд боломж бололцоондоо нийцүүлсэн шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хувь тэнцүүлсэн болон тэтгэврийн доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 2016 онд 285.2 мянган төгрөг байсан бол 2025 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 848.0 мянган төгрөг болсон. Тэтгэвэр авах хүний тоо 2016 онд 376.5 мянга байсан бол 2024 оны байдлаар 499.2 мянга буюу бараг хагас саяд хүрчээ. Үүнийг дагаад тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд 2025 онд 5.4 их наяд төгрөгийг төсөвлөж баталсан. Энэ онд инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувь нэмсэн. Энэ бодлогыг цаашид тууштай, баримталж, хэрэгжүүлэх болно. Ингэснээр ахмад настны авч буй тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байгаа юм.
Гуравдугаарт, ахмад настны хөдөлмөр эрхлэлт. Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчний насжилт эрчимтэйгээр нэмэгдэхээр байна. Хэдийгээр ахмадууд маань нийгмийн амьдралын бүхий л салбарт хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэврийн насанд хүрч, гавьяаны амралтаа эдэлж байгаа ч тэдэнд хөдөлмөрлөх чадамж бололцоо, хүсэл эрмэлзэл их байгаа.
2024 оны байдлаар 55-69 насны эмэгтэй 203.779, 60-69 насны эрэгтэй 83.336 байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай. Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол үүссэн энэ цаг үед Та бүхний маань хувь нэмэр нэн чухал юм. Судалгаагаар 87.8 мянга буюу нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг мэдээлэл байна.
“Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Ахмадын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа үндсэндээ тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн. Одоо харин хуулиа хэрэгжүүлэхэд хаана хаанаа хүчин чармайлт гаргах ёстой. Төр хувийн хэвшлийн бүх байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг ч сануулж хэлье. Ахмадууд өөрсдөө ч дангаараа болон хамтрах, хорших хэлбэрээр шинээр ажлын байр болон ажиллах боломж бүрэн нээлттэй байна.
Ингэж ажиллаж сайн туршлага, үлгэрлэл, манлайлал үзүүлж байгаа олон ахмадууд байгаа. Тэдэндээ энэ индрээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Дөрөвдүгээрт, ахмад настны хөгжил, идэвхтэй амьдрал. Шинжлэх ухаан, технологийн эрчимтэй өөрчлөлт бүхий шинэ цаг үе нь ахмадын амьдрал, хөгжил, аж төрөх ёсыг шинэчилж байна. Нийгэмд хүүхэд, залуусын шинэ үе ирж байдгаачлан ахмадын шинэ үе ирж байна. Насан туршийн суралцахуй, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг нь шинэ үеийн ахмадуудын нийтлэг дүр төрх болж байна. Манай ахмадууд ч энэ жишгийг дагаж амьдралын хэв маягаа өөрчилж байна.
Өөрийн хүсэл, сонирхол, ур чадварт тохирсон ажил төрөл эрхлэх, шинэ ур чадварт суралцах, шинэ технологи эзэмших болон эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл зүй ба амирхахуйн дасгал бясалгал, спортын санаачилга, биеийн тамирын хөдөлгөөнүүдэд хамрагдах нь ахмад настны хөгжил, тэдний эрүүл насжилт, идэвхтэй амьдралын үндсэн нөхцөл юм.
Тавдугаарт, ахмадын эрхийг хамгаалах тэдний нийгмийн оролцоог дэмжих нь ахмад настны талаар баримтлах бодлогын нэг анхаарах чиглэл байх болно. Хуулийн энэ зарчмыг аливаа иргэн, асран хамгаалагч, аж ахуйн нэгж, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хэн боловч хэрэгжүүлж байх үүрэгтэй. Бидний амьдрал, ахуйд ахмад настны эсрэг нийгмийн хүчирхийлэл янз бүрийн хэлбэрээр гарсаар байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байна. Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг өөрт нь зориулахгүй байх, тэдний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, улмаар эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдлүүд нь хүний эрхийн ноцтой зөрчлүүд мөн. Иймд холбогдох байгууллагууд онцгой анхааралдаа авч, Хүний эрхийн Үндэсний Комисс энэ тухай тайлангаа ирэх жилүүдэд Улсын Их Хуралд танилцуулбал зохино.
Эрх нь хангагдсан ахмадууд нийгмийн дунд идэвхтэй амьдрах боломж бүрдсэнээр тэдний нийгмийн оролцоо аяндаа өргөжих юм.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан олон хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын нийт ахмадуудын нийгмийн оролцоо нэн чухал. Манай парламентын насаар ахмад гишүүн Д.Рэгдэл гуайгаар ахлуулсан “Ахмад настны оролцоог дэмжих” бүлэг байгуулагдан ажиллаж байгааг дуулгахад мөн таатай байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэлд амжилт хүсье. Оролцоог нь нийтээрээ дэмжье, урамшуулъя. Хамтдаа иргэндээ ээлтэй, шинэ нийгмийг байгуулж ажиллахыг бүх иргэдэдээ уриалъя.
Чуулганы зочид оо,
Ахмад настны нийгмийн асуудлаарх дээр дурдсан бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүх шатандаа хүчин чармайлт гаргаж, үйл ажиллагаагаа нэгтгэж, эрчимжүүлж, үр дүн гаргах нь чухал байна.
Үүний төлөө Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу Ахмад настны тухай хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангаж ажиллахыг Засгийн газраас шаардах төдийгүй хууль, бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг ямагт хичээж ажиллана.
Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй, ахмадын төлөөлтэй манай парламент хүн төвтэй хуулийн үзэл баримтлалын хүрээнд Ахмад настны тухай болон түүнтэй холбогдох бусад хууль, журмуудын зохицуулалтыг иж бүрнээр боловсронгуй болгох чиглэлээр санаачилгатай ажиллах болно.
Энэ цаг үед мөн ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх үүрэг бүхий ахмадын байгууллагын үйл ажиллагаа ч шинэчлэгдэх шаардлагатай.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогын баталгааг хангах, идэвхтэй насжилтыг дэмжих, оролцоонд суурилсан ахмад настны цогц тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, тэдний эсрэг, нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хүчирхийллийг гаргуулахгүй, газар авхуулахгүй байх чиглэлээр бүх шатны төв орон нутгийн байгууллага, иргэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах шинэ эрэл хайгуул нэн чухал юм.
Ахмадын холбоод маань харилцан сайн туршлагаа солилцож, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж, хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриалж байна.
Энэхүү чуулганаас 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор болсон “Шинэ сэргэлт: Ахмадын оролцоо” сэдэвт чуулганы үр дүнгээ хэлэлцээд цаашид бид хэрхэн хамтран ажиллах, ямар арга барилыг нэвтрүүлэх талаар үнэтэй санал, зөвлөмж гарах болно гэсэн хүлээлттэй байна.
Өмнөх чуулганаас гаргасан зөвлөмжид тусгагдсан Улсын Их Хуралд хамаарах 5 арга хэмжээ үндсэндээ бүрэн биелсэн болохыг Та бүхэндээ дуулгахын ялдамд энэ чуулганаас гарах санал, зөвлөмжийг бүрэн дэмжиж, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлье.
Ахмадуудынхаа зөвлөмж, дэмжлэг, нийгмийн оролцоотойгоор Та бид хамтдаа илүү тав тухтай, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт ахмадууд, чуулганд оролцогч зочид, төлөөлөгчид Та бүхэндээ болон Монголынхоо нийт ахмадууддаа гарч байгаа шинэ он, ирж буй могой жилдээ эрүүл энх, эрч хүч, амжилт ололтоор дүүрэн байхыг ерөөж, чуулганы ажиллагаанд амжилт хүсье.
2025.01.08
Улаанбаатар хот
Хэн юу хэлэв...
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.
Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.
Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.
Өдгөө:
-
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
-
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
-
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
-
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
-
“Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.
Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.
Хэн юу хэлэв...
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа.
Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг хөндөж байлаа.

Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, дүүрэгт “Ногоон өртөө” байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар асууж хариулт авлаа. Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв.
Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн тодотгол батлагдвал, 11 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө нэмнэ. Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, цаг уур, соёл, спортын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдэнэ. Санхүүжилтийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг 1.6 их наяд төгрөгөөс зарцуулна. Мөн мах, гурилын үнээ тогтворжуулах хүрээнд стратегийн нөөцөө бүрдүүлнэ. 20,000 тонн мах, 100,000 тонн улаанбуудай, 12,000 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгааг онцлов.

Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгоно, Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дүүргийн хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгоно. Орон сууцжуулалтын бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. 16,000 айл ипотекийн зээлд хамрагдана. Үүнээс төрд байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр нь 15 хувь байна. Ирэх жил барилгын салбарт 500 сая ам.долларын санхүүжилт босгоно. Багануурт шинэ орон сууц барих сонирхолтой ААН-ийг дэмжинэ.

Том төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Төсвөөс мөнгө гаргаж шийдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагааг Ерөнхий сайд хяналтдаа авсан. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авах гэж байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд шударга зарчимтай, нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Багануур дүүргийн иргэд улсын төсөв хэлэлцэж буй үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.




