Дэлхий нийтээр..
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өчигдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдөр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор “Шинэ Зуунмод хот”-ыг нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан.
Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцад орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт хүртэх нөхцөл боломжийг бүрдүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шатанд шийдвэрлэх шаардлагатай тодорхой нөхцөл тулгараад байгаа юм байна.
Тус хотын бүтээн байгуулалтын төслийн явц, үр дүнгийн зах зээл, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, олон улсын хэмжээнд оруулах хувь нэмрийг тодорхойлж, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, түншлэл, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд хотын хөгжлийн зорилго, ирээдүйн байр суурийг төлөөлөхүйц нэр шаардлагатай болсныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
Иймд олон улсад брэндинг хийх нөхцөл бүрдэх, түүнчлэн хотын нэрийг соёлын өв, түүхийг онцолж, судалгаанд үндэслэн маркетинг, сурталчилгааны стратегийг төлөвлөх ач холбогдолтой хэмээн үзэж олон улсын түвшинд шинэ хотыг илэрхийлэн таниулах, Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг илэрхийлж чадах нэрийг “ХҮННҮ ХОТ” хэмээн тодорхойлжээ. Энэ хүрээнд Hunnu Empire бичиглэлийг олон улсад хэвшүүлэх хэрэгцээ үүсч байгааг мөн танилцуулж байв.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй байх бөгөөд нэгдүгээр зүйлд хуулийн “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хэмээх нэрийг “Хүннү хот” болгон өөрчлөх болон хууль доторх эшлэл авсан зохицуулалтыг өөрчлөх, хоёрдугаар зүйлд хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцох, гуравдугаар зүйлд хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төслүүдийг баталснаар шинэ хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ “Хүннү” ухаалаг хот байгуулах төслийн агуулга, ач холбогдлыг тодорхой болгож, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад нэр томьёоны хувьд төөрөгдөл үүсгэхгүй төдийгүй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, өнөөгийн төдийгүй ирээдүйн хэрэгцээг хангахын зэрэгцээ байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмждэг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх нөхцөлийг хангахад ач холбогдолтой гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2021/07/01
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч у...
-
Дэлхий нийтээр..2025/04/14
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
-
Үйл явдал2022/08/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2024/06/07
“Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв
