Тод мэдээ
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн талаарх сайдын мэдээллийг сонсож, ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ, нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар зохион байгуулж эхэлсэн болон хүүхдийн эрт илрүүлгийн товлол, давтамжийг хоёр багцад зургаан төрлөөр, насанд хүрэгчдэд дөрвөн багцад 21 төрлөөр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдээр хийж буйг танилцуулсан юм.
Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1 593 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байна. Тэдний 695 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.
Эрт илрүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 2942 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургагч багшаар, давхардсан тоогоор 39661 хүнд цахимаар сургалт явуулж, цогц үзлэг хийх “Эрүүл мэндийг дэмжих төв” 28-ыг байгуулсны зэрэгцээ орон нутагт автомашинд суурилсан “Нүүдлийн амбулатори” ажиллуулахад нийт 42.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд 2022 онд 16.4 тэрбум төгрөг, 2023 онд 42.6 тэрбум төгрөг олгосон байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Үндэсний Дата төвтэй хамтран серверийн өгөгдөл хадгалах хэмжээг 35 террабайтаар, шуурхай санах ойн (RAM) хэмжээг 1024 гегабайтаар өргөтгөн, эрт илрүүлгийн системийг ХУР системтэй холбожээ. Одоо Е-Mongolia системээс эрүүл мэндийн лавлагаа, мэдээлэлтэй холбоотой 20 гаруй үйлчилгээ авах боломж бүрдээд байгаа юм.
Байнгын хорооны хуралдаанд эрт илрүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав. Уг мэээллээс үзвэл эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54.0 хувийн онош тодорхой тул эмчилгээнд хамруулж, 36.0 хувь буюу 290 175 хүний оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн бол 81 636 хүний үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна. Үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7.0-30.0 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна. Харин насанд хүрэгчдийн 40.0 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй юм. Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна.
ЭМЯ-наас 2024 оны 12 дугаар сард зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсныг сайд Т.Мөнхсайхан танилцуулсан юм. Эрт илрүүлэг 2.0-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.
Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, түүнд тусгагдсан статистик дүн, тоо баримтын талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа 1.6 сая орчим хүн эрт илрүүлэгт хамрагдахад 1.3 сая нь өвчтэй байгаад нөлөөлж буй голлох хүчин зүйлс, шалтгаан, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлийн дүн өндөр гарахад ямар хүнс нөлөөлж байгаа зэргийг асууж, эмийн зэрэгцээ хүнсний бодлого, хяналтыг хэрэгжүүлэх агентлаг байгуулж ажиллах шаардлагатайг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат үзлэг, шинжилгээгээр хүн амын удамшлын өгөгдлийн сангийн мэдээллийг хэрхэн ашигласан болон үзлэг шинжилгээний багцыг баримтлахдаа уян хатан ажилласан эсэх, ариутгал халдваргүйтгэлийн шаардлагыг хангаж чадсан эсэх, хөдөө суманд эрт илрүүлгийг явуулах боловсон хүчин, техникийн боломж ямар хэмжээнд байсан, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийх үндэслэл, энэ эрсдлийн шалтгаан, хүчин зүйлсийн талаар асууж, хариулт авав. Тэрбээр ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн байрны таазны будганд хийсэн шинжилгээгээр 35.0 хувьд нь хром, 55.0 хувьд нь хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн нь илэрсэн талаарх судалгааны дүнг онцлон асууж, энэ асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа бүхий л салбарын зардал санхүүжилтийг хассан атлаа ганцхан Эрүүл мэндийн сайдын багцыг нэмсэн нь онцгойлон ач холбогдол өгч буй хэрэг гэдгийг дурдаад, эрт илрүүлэгт хамрагдаагүй хүмүүсийг хамруулах эсэх, хоёрдугаар эрт илрүүлгийг нийтийн болон чиглэсэн аргачлалын алинаар явуулах талаар асуув. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулахдаа нийтийн буюу масс илрүүлгийн шинжилгээ нь их зардлаар бага өвчлөл илрүүлж, үр дүн багатай байсан тул хоёрдугаар эрт илрүүлгийг таван бүрэлдэхүүн хэсгээр буюу тэдгээрт чиглүүлэх байдлаар явуулна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат эрт илрүүлгийн ажил ихээхэн үр дүнтэй болсныг дүгнээд, нэгэнт хүн амынхаа нийтлэг өвчлөл, тэдгээрийн шалтгаан нөхцлийг тодорхойлчихсон тул одоо тэрхүү шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг арилгах талаар томоохон бодлогын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв. Энэхүү бодлогын арга хэмжээ нь далайцтай, иргэдийн анхаарлыг татсан, хүн амыг нийтээр хамруулсан, дорвитой байх ёстой гээд тэрбээр Английн тамхины эсрэг явуулсан цогц үйл ажиллагааг жишээлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен сайдын мэдээлэлд дурдагдсан тоо баримт, статистик үзүүлэлт олон нийтэд ташаа ойлголт өгөхөөр байгаад анхаарахыг зөвлөж, ерөнхий үзүүлэлтэд агуулсан тодорхой утгуудыг задалж тайлбарлах шаардлагатай гэв. Тухайлбал, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн сэрүүл мэндийн эрсдэлтэй гэсний дотор тулгамдсан асуудал нь юу болох, хэд нь гар утас, компьютерийн донтолттой, хэд нь төрөлхийн эмгэгтэй гэдгийг нарийвчлан гаргах нь зүйтэй гэсэн юм. Мөн халдварт өвчний тархалт, тэр дундаа сүрьеэгийн тархалт зарим насныхны дотор өндөр байгаа нь сургууль, байгууллагад нийтийг хамарсан халдвар тархсан гэж ойлгогдохуйц үзүүлэлттэйгээр сайдын мэдээлэлд туссан байгааг анхаарууллаа.
Хүн амын эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийг тогтоохдоо иргэдийн хаана амьдарч байгааг буюу бүс нутгийн онцлогийг харгалзсан эсэх, эрт илрүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ямар хэмжээнд хамруулсан болон осол гэмтлийн тандалт судалгааг хийсэн эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, хариулт авав. Тэрбээр эрт илрүүлгийн үр дүнгийн талаарх нийт өгөгдөлд прогноз хийж, цаашид авах хариу арга хэмжээ, стратегиа төлөвлөхөд анхаарч ажиллахыг зөвлөлөө. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа орон нутагт эрт илрүүлгийг хийх хүн хүч, тоног төхөөрөмж хангалтгүй байгаа, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоох, мөн сургууль, дотуур байрны хүүхдүүдийн хоол тэжээл, шим тэжээлийн судалгааг хийх шаардлагатай, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн зардал, санхүүжилтийг зохих хэмжээнд шийдвэрлэж ажиллах зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөний зэрэгцээ дархлаажуулалт, вакцинжуулалтын асуудлаарх иргэний нийгмийн олон талт байр суурийг харгалзаж ажиллах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрт илрүүлгээр илрүүлсэн өвчлөл, эрсдэлүүдээ одоо эмчлэх, хяналтанд авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолж, шинжилгээ, оношилгоо хийхдээ ямар нэгэн шалгуур шаардлага тавихгүй байхыг зөвлөв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг эрт илрүүлэгт хамрагдаагүй хүмүүсийг идэвхжүүлэх, хамруулах үүднээс тэдэнд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, явуулын үйлчилгээг өргөжүүлж, иргэдийг амьдарч байгаа газарт нь үзлэг, оношилгоонд хамруулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара зонхилж байгаа өвчлөлүүд, тэдгээрт нөлөөлж байгаа хүчин зүйлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулах, үүнд тодорхой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай бол хамтран ажиллахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа нар иргэдийн эрүүл мэндийн боловсрол, зан үйлийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, судалгаанд суурилан ажиллах, хүнс, хэвшил зуршил болон хөрс, орчныг эрүүлжүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж, зангидаж ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.
Олон улсын хэмжээнд тогтож, шалгагдсан өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх бүтэц бий болгож, тэрхүү бүтцээр судалгаа, хяналт, урьдчилан сэргийлэх болон прогноз хийх, нийтэд мэдээлэх, анхааруулах зэрэг ажлыг цогц байдлаар хийдэг байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Байнгын хорооны хуралдаанаар мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Дүрмийн төслийн талаарх танилцуулгыг Эрүүл мэндийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга Т.Мөнхсайхан хийлээ. Тус Зөвлөлийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм нийт зургаан бүлэг, 33 хэсэг, 29 заалттай бол шинэчлэн боловсруулсан дүрмийн төсөлд уг дүрмийн 23 заалтыг өөрчлөн найруулж, 18 заалтыг шинээр нэмж, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан 25 заалтыг хасаж, давхцал хийдлийг арилгасан байна. Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа, дүрмийн шинэчилсэн төсөлд ЭМДҮЗ-ийн бүрэн эрхийг өргөжүүлсэн, ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулж, цалингийн сүлжээ, албан тушаалын ангилал, зэрэг дэвийг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын ажлын албатай дүйцүүлэн тогтоосон зэрэг томоохон өөрлөлт тусгагдсаныг дурдаад Нийгмийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг дүрмийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгасан тухай дэлгэрэнгүй танилцуулав.
ЭМДҮЗ-ийн дүрмийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Б.Бейсен, О.Саранчулуун нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн хуралдааныг ил тод нээлттэй явуулах, давхар хариуцлага хүлээж ажилладаг тус Зөвлөлийн гишүүдэд тодорхой хэмжээний урамшуулал олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг сайжруулах, хариуцлагын механизмыг тодорхой болгох, Зөвлөлийн гишүүдийн эрх, үүргийг тэлж, бие даасан байдал, засаглалын шаардлагуудыг өндөрсгөх, Ажлын албаны чиг үүргийг тодорхой болгох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын хүний нөөц, тэдгээрийн байршлын судалгаа, ажлын байрны зураг авалтыг хийх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт болон тусламж, үйлчилгээний уялдааг хангах, санхүүжилт, хяналтын тогтолцоог оновчтой болгох, ЭМДЕГ-т тавих Зөвлөлийн хяналт, шалгалтын эрх, үүргийг өндөржүүлж бэхжүүлж, ЭМДС-гийн үр ашгийг дээшлүүлж, төсвийн гүйцэтгэлд тавих хяналт болон гүйцэтгэлийн санхүүжилтийн тохируулгыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох зэрэг олон асуудлыг хөндөж, ЭМДҮЗ-ийн дарга, гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа “ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай” Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Тод мэдээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо хоногт албаныхан мэдэгдэж байсан. Тэгвэл уг таван багц тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр албан ёсоор зарлалаа.
Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байна. Тендер зарлахаас өмнө бэлтгэл ажлын хүрээнд талбайг хашаажуулах ажил бүрэн дууссан. Цэвэрлэгээ, ариутгал, инженерийн дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа үргэлжилж байна.
Уг 3, 4 дүгээр багц тендерийг 5 багц болгон өргөжүүлснээр дотоодын үйлдвэрлэгчид, дотоодын барилга угсралтын компаниудыг дэмжих ач холбогдолтой. 3, 4 дүгээр багц тендерийг 5 багц болгон задалснаар төслийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон хэдий ч ерөнхий графикт өөрчлөлт оруулахгүйгээр алдагдсан хугацааг шахаж, 2026 ондоо 5 багц тендерийн ажлыг дуусгах хуваарийн дагуу ажиллахаа “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн төслийн багаас мэдээллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.07.07/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Хууль зүйн байнгын хороо |
· Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2025.07.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Бусад |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · ухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Монголбанкны бүтцийн талаар Монголбанкны мэдээллийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Монголбанкны бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ · Эдийн засагт тулгамдаж буй асуудлууд болон холбогдох байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонсох · Хадгаламжийн даатгалын корпорацын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар болон хадгаламжийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн талаар Монголбанкны мэдээллийг сонсох · Бусад |
13.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
3 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Улсын Их Хурлын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайлан |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
4 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2025.07.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаарх Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэдээллийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
14.30 |
“Их засаг” |
5 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Байнгын хороодын хамтарсан тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ |
15.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
6 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. |
· Байгаль орчин болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ · Бусад |
- |
“Их Эзэн Чингис хаан” |