Дэлхий нийтээр..
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 23-нд хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Хуулийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа.
Тэрбээр, УИХ-аас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм. Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцад орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт бүрдүүлэх үүрэгтэй юм.
Хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тус төслийг олон улсын түвшинд сонирхолтой, хөрөнгө оруулалтыг татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах, цаашид дэлхийд танигдсан хот болгон хөгжүүлэхэд хотын нэр чухал үүрэгтэй. Гэтэл Зуунмод хот гэх нэршил нь Төв аймаг буюу Зуунмод хотын дагуул хот, эсвэл Зуунмод хотыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөлт гэсэн зөрүү ойлголтыг төрүүлж байна. Олон улсын туршлагаас үзэхэд хотын нэрийг тухайн улс орны талаарх төсөөллийг бий болгох соёлын өв түүхийг онцолж, олон улсын санхүү, бизнес, аялал жуулчлалын төв, ухаалаг хот гэдгийг илэрхийлж чадахуйц, олон улсад дуудах бичихэд хялбар, ойлгомжтой байдлаар тогтоох нь цаашид маркетингийн стратегийг өргөн хүрээнд төлөвлөх боломжийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хотын оноосон нэр нь улс орны хөгжил төдийгүй түүх, соёл, байгаль орчин, эдийн засгийн чадамж зэрэг бусдаас ялгарах онцлог болон хотын хөгжлийн зорилго, ирээдүйг бүрэн илэрхийлснээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, түншлэл дэмжлэгийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.
Монголчууд эртнээс төрт ёсны түүхтэй Евроази төдийгүй дэлхий дахинд нэр алдар нь түгсэн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг бөгөөд Евроазийн хээр талд нүүдлийн иргэншил давамгайлан хөгжсөнөөр Хүннү нар Төв Азийн тал нутагт төрийн зохион байгуулалттай хүчирхэг нүүдэлчдийн төрт улсыг үүсгэн олон улсын худалдаа Торгоны замыг хяналтдаа авч, Евроазийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн байдаг. Тиймээс Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг цогц байдлаар илэрхийлэх зорилгоор Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэн Монгол Улсынхаа төрт ёс түүх, уламжлал, соёлыг, олон улсад таниулах, цаашлаад олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулав.
“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт энэхүү хотыг Хөшгийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудлийг түшиглэн Монгол Улсын тээвэр ложистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн агаарын зорчигч тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгааг Ж.Батсуурь сайд онцолсон. Энэхүү дагуул хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд Хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж буйг илэрхийлсэн.
Энэ хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлийг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Тиймээс дээрх зорилтод нийцсэн, амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилг,о олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Хүннү хот болсноор Хүннү улсыг англиар "Xiongnu Empire" гэж бичдэг байдлыг өөрчлөн Хүннү гэх монгол дуудлагыг хоногшуулах “Hunnu Empire” гэсэн бичиглэлийг олон улсад хэвшүүлэх хэрэгцээг харгалзан үзсэн байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хувьд Улаанбаатар хотод ирж байгаа төвлөрлийг задалж суурьшлийг тэнцвэржүүлэн, зам тээвэр ложистикийн үйлчилгээ, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хүннү гэдэг нэрийн бичиглэлийг өөрчлөх асуудал, түүний ач холбогдлын талаар тодруулсан.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж, Хүннү гэдэг нэрийн дуудлагыг өөрчилж байгаа асуудал энд байхгүй. Гагцхүү 2000 гаруй жилийн өмнө Хүннү гэдэг улсын нэрийг Хятадад хэрхэн тэмдэглэж байсныг цэгцлэх гэж буй юм. Тухайн үеийн хятад хэлний дуудлага өөрчлөгдсөөр ирсэн байна. Судлаачид тухайн үед Хүнно юм уу, Хүнна гэж нэрлэж байсан гэдгийг таамаглан сэргээсэн. Гэвч эрдэм шинжилгээний хүрээнд яг одоогийн хятад дуудлагыг англиар галиглаад “Xiongnu” гэж бичээд байдаг. Тийм учраас уугуул дуудлагад нь дөхүүлээд Хүннү гэж нэрлээд, түүнийг “Hunnu” гэсэн латин галигаар бичиж хэвшүүлэх асуудлыг тавьж байгаа юм.
Хүннү бол Монголын анхны төрт улс. Тийм учраас дэлхий даяар энэ хотоо Хүннү нэрээрээ дамжуулж таниулах, бататгах үүднээс энэ нэрийг санал болгож байгаа гэсэн хариулт өглөө.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2023/03/21
Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад орлоо
-
Дэлхий нийтээр..2020/01/20
Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай бо...
-
Дэлхий нийтээр..2020/12/16
Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй төлбөрийг...
-
Дэлхий нийтээр..2024/06/13
3, 4 хорооллын авто замыг хааж, засварлана
