Дэлхий нийтээр..
“Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэмт шинжилгээний хурал 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв.
Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн монголчуудын дуу хуур, бүжиг наадам, ардын баяр цэнгэлд голлох байрыг эзэлж ирсэн бөгөөд монгол ардын уртын дуу, үлгэр тууль, ардын бий, биелгээг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг нь үүний нотолгоо мөн хэмээн онцоллоо.
Иймд монгол үндэстний хөгжмийн зэмсэг, морин хуурыг уламжлан хөгжүүлэхэд төр засгаас анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаар зарлигаар морин хуурыг “Үндэсний хөгжмийн зэмсэг” болохыг зарлаж, улмаар 2008 оны 11 дүгээр сард “Уламжлалт морин хуур хөгжмийн урлаг” нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж,
- Ерөнхий боловсролын сургуулиуд, дотоод гадаад дахь соёлын төвүүдэд морин хуурын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
- Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэх, морин хуур хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл урлалыг дэмжин хөгжүүлэх,
- Монгол айл өрх бүр морин хуурыг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах,
- Морин хуурын олон улсын наадмыг тогтмол хугацаанд зохион байгуулж байх талаар чиглэл өгсөн билээ.
Түүнчлэн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоор 2024 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж, морин хуур хөгжмийг хөгжүүлэх, зааж сургах, үйлдвэрлэх хүний нөөц, материаллаг баазыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг нь дэмжин хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж эхлээд байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн үгэндээ дурдлаа.


Морин хуур хөгжмийг сурталчлан таниулах, судлан шинжлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхэд “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эрдэм шинжилгээний хурлаар Ардын багш, Соёл урлагийн их сургуулийн зөвлөх профессор, доктор С.Дуламын “Хуурч болох зан үйлийн мета домог зүй”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улсын дэсийн бодисын бус соёлын өвийг өвлөн тээгч, морин хуурын их багш, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Чи Булагийн “Морин хуурын үүсэл, хөгжил”, яруу найрагч, Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Морин хуур-монгол соёлын ой санамж”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн доктор, профессор Хөгжилтийн “Хялгасан хуурын эрт ба эдүгээгийн тухай” зэрэг нийт 16 илтгэл хэлэлцүүлэв.
Хуралд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн газрын удирдлагууд, Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн үндэсний төв, морин хуур судлаач, урлаач, багш, эрдэмтэн, докторууд, зохиолчдоос гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцлоо.


Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2026/05/22
Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
-
Дэлхий нийтээр..2021/09/24
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүл...
-
Үйл явдал2023/12/27
Улаанбаатарт өпөртөө 10 хэм хүйтэн
-
Хэн юу хэлэв...2023/01/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Горд...
