Дэлхий нийтээр..
УИХ: Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Б.Болдбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг оролцжээ.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Уянгахишиг нар тус тус танилцуулсан.
Байнгын хороодын санал, дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнийг дурджээ.
Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Э.Бат-Амгалан, Ш.Бямбасүрэн, О.Номинчимэг, Г.Очирбат, Ц.Баатархүү нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүдийн хийсэн ажлын тайлан хэмээх өнгөтэй, өртөг өндөртэй хэвлэмэл материалуудыг олноор тараах байдал хэтэрсэн учраас зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байх. Гэхдээ гишүүдийн иргэд, сонгогчдодоо сүүлийн зургаан сар хийсэн ажлаа тайлагнах эрхийг нь хааж, Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нарт ажлаа тайлагнах боломжийг олгосноор ялгамжтай байдлыг бий болгож байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ямар учраас ард түмний төлөөлөл болсон парламентын гишүүний иргэд, сонгогчидтой уулзах, тайлангаа тавих боломжийг хаах гээд байгаа юм бол гишүүд ард түмний саналыг авч сонгогдчихоод тайлангаа ч тавихгүй, уулзахгүй алга болдог байдлыг өөгшүүлсэн хууль болох вий гэсэн саналтай байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сонгуулийн жил тайлан тавьж байгаа хүн бүр дараагийн сонгуульд өрсөлдөх биш, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулаад улс төрөөс холдох гэж буй хүмүүсийн боломжийг хаасан, нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хязгаарлаж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд цэцийн дүгнэлтэд дурдсан асуудал нь тараах материалын тухай хөндөж байгаагаас биш сонгогчидтой уулзахыг хориглоогүй тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүхэлд нь гуйвуулж болохгүй. Сонгуулийн сурталчилгааны тараах материал гэж юуг хэлэх юм гэдгээс эхлээд зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн,3.5 жилийн хугацаанд сонгогчид гишүүнээ хэдийнэ дүгнэсэн, таньсан байх тул үнэтэй, өнгөтэй зардал ихтэй сэтгүүл тараах нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсны дараа ажлын хэсэг гаргаад Улсын Их Хурлын гишүүдийн тайланг цахимаар эсвэл тараах асуудлыг тодорхой болгох, орон нутагт буй төрийн албыг гишүүд сонгуулийн сурталчилгаандаа татан оролцуулахгүй байх, төрийн өндөр дээд албанд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд өөрийн нэртэй гарын бэлэг өгөхийг хориглох нь чухал гэж байлаа.
Ингээд Байнгын хороодын саналаар хуулийн хэсэг, заалт бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2020/05/18
Орон нутгийн нисэх буудлууд шинэ техниктэй болов
-
Үйл явдал2021/06/29
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/05/10
Smartcar 3.0 аппликейшний хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
-
Хэн юу хэлэв...2026/08/03
Шатахууныг наймдугаар сарын 15 хүртэл тэгш, сондгой дугаараар олгоно
