Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 23-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна.
2025 оны тавдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 24-нөөс 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 24-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн баруун хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 27-нд нутгийн зүүн хагаст хална.
Үйл явдал
“Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн баг Хөвсгөл аймагт үзлэг хийж байна
Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Эмч нарын багт эрүү, нүүрний мэс засал, хэл яриа засал, гажиг заслын шүдний эмчилгээний чиглэлийн эмч, мэргэжилтнүүд болон бөөрний тасгийн нарийн мэргэжлийн эмч нар багтжээ.
Тэд иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч, шаардлагатай өвчтөнүүдийг цаашдын эмчилгээ, мэс заслын төлөвлөгөөнд хамруулах юм.
Үзлэг, оношилгоо 2026 оны долоодугаар сарын 24-31-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт үргэлжилж байна.
Уруул, тагнайн эмгэгтэй хүүхдүүд болон бөөрний мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай өвчтөнүүд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв”-ийн цахим бүртгэлд хандан цаг авч, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Үйл явдал
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг 27 хувиар өсжээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.
Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нийт 293 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл, 20 хүртэлх насны 8 буюу 2.7 хувь, 20-30 насны 91 буюу 31 хувь, 30-39 насны 107 буюу 36.5 хувь, 40-аас дээш насны хүн 87 буюу 29.6 хувийг эзэлж байх бөгөөд 92 хувь нь эрэгтэй байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс зонхилон холбогджээ.
Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 65.1 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.
Анхан шатны шүүхээс 169 хүнд торгох, 30 хүнд хорих, 41 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 44 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 4 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.
Судалгааны дүнгээс харахад дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, шүүхээр шийтгэгдсэн хүний тоо улам өсөх хандлагатай байна. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Үйл явдал
Монголын Хүннүгийн өв ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад орлоо
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Тод зураг2020/06/04
“C5+1” дипломат платформ
-
Дэлхий нийтээр..2024/10/04
Хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна
-
Дэлхий нийтээр..2023/04/25
Нислэгийн тийз борлуулалтын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийв
-
Дэлхий нийтээр..2025/02/19
Төрийн 7 байгууллага зөвшөөрлөөс давсан 27 журмыг бүхэлд нь хүчингүй болгож, 8 ж...
