Дэлхий нийтээр..
Хятадын компаниудыг хоригт хамруулсныг Бээжин буруутгав
Европын Холбоо ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээг баталж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг шинээр хоригийн жагсаалтад оруулсантай холбогдуулан БНХАУ-аас Европын Холбоонд суугаа төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ.
Төлөөлөгчийн хэлснээр, Европын Холбоо Хятадын талын удаа дараагийн эсэргүүцэл, шаардлагыг үл харгалзан ОХУ-ын эсрэг шинэ хоригт Хятадын аж ахуйн нэгжүүдийг хамруулсан нь Бээжингийн хүчтэй дургүйцэл, эрс эсэргүүцлийг төрүүлж байна.
Хятадын тал уг асуудлаар Европын Холбоонд дахин албан ёсны эсэргүүцэл илэрхийлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаагаа мэдэгдэв.
Төлөөлөгч мөн Хятад улс Украины хямралын асуудлаар бодитой, шударга байр суурь баримталж, энх тайвныг дэмжих, яриа хэлэлцээг ахиулах бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн гэж онцолжээ. Түүний хэлснээр, Бээжин Украины асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн байна.
Хятадын тал Европын Холбоо Украины асуудлыг далимдуулан хариуцлагаа Хятадад тохох, Хятадыг үндэслэлгүйгээр буруутгах, мөн Хятадын аж ахуйн нэгж, иргэдийг ямар ч үндэслэлгүйгээр хоригийн жагсаалтад оруулахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Европын Холбоо буруу үйлдлээ нэн даруй залруулж, үүссэн сөрөг нөлөөллийг арилган, Хятад, Европын Холбооны харилцааны ерөнхий ашиг сонирхлыг бодит үйлдлээрээ хамгаалахыг Хятадын тал уриалжээ.
Дэлхий нийтээр..
Николас Мадурогийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сард эхлүүлэхээр товложээ
АНУ-д саатуулагдаж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флоресийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр АНУ-ын холбооны шүүгч товлосон байна.
АНУ-ын прокурорууд тэднийг хар тамхины наймаатай холбоотой хэрэгт буруутгаж байгаа бол Мадуро болон түүний эхнэр шүүхэд өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлжээ. Тэднийг Нью-Йорк хотын Бруклин дэх Метрополитан цагдан хорих төвд саатуулж байгаа талаар AP мэдээлсэн байна.
Reuters-ийн мэдээлснээр, Мадуро болон түүний эхнэрийг 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Каракас хотод явуулсан АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр баривчилж, улмаар АНУ-д хүргэсэн аж. Тэдэнд хар тамхины наймаа, тэр дундаа кокаин тээвэрлэх ажиллагааг эрх мэдлээ ашиглан дэмжсэн гэх үндэслэлээр ял тулгажээ.
Мадурогийн өмгөөлөгчид уг хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тэд баривчилгаа олон улсын эрх зүйг зөрчсөн, мөн төрийн тэргүүний халдашгүй байдлын асуудал хөндөгдөнө гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан шатны хүсэлтүүдийг ирэх есдүгээр сараас гаргаж эхлэхээр товложээ.
Дэлхий нийтээр..
Бээжин ЕХ-ны 14 байгууллагад экспортын хяналт тогтоов
Хятадын Худалдааны яам долоодугаар сарын 24-нд мэдэгдэл гаргаж, Европын Холбооны 14 байгууллагыг экспортын хяналт, зохицуулалтын жагсаалтад оруулахаар шийдвэрлэснээ зарлалаа.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Бээжингийн цагаар долоодугаар сарын 23-ны орой Европын Холбоо ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээг албан ёсоор зарлаж, Хятадын эх газар болон Хонконгийн 14 аж ахуйн нэгжийг хоригийн жагсаалтад оруулсан байна. Үүний хариуд Бээжин дээрх шийдвэрийг гаргажээ.
Хятадын тал үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалах, мөн үй олноор хөнөөх зэвсгийн тархалтаас сэргийлэх олон улсын үүргээ биелүүлэх зорилгоор уг арга хэмжээг авч буйгаа мэдэгдсэн байна. Шийдвэрийг “БНХАУ-ын Экспортын хяналтын тухай хууль”, “БНХАУ-ын хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүний экспортын хяналтын журам” зэрэг холбогдох хууль тогтоомжид үндэслэн гаргасан гэж Хятадын Худалдааны яам тайлбарлажээ.
Уг шийдвэрийн дагуу экспортын үйл ажиллагаа эрхлэгчид дээрх 14 байгууллагад хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглоно. Мөн гадаадын байгууллага, хувь хүн БНХАУ-д гаралтай хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүнийг эдгээр байгууллагад шилжүүлэх, нийлүүлэхийг хоригложээ.
Европын Холбооны ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээ нь банк, криптовалютын компани, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэгч зэрэг байгууллагуудыг хамарсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Дэлхий нийтээр..
Рубио: Украины асуудлаар хурдан тохиролцоонд хүрэх гарц харагдахгүй байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ сарын 23-нд Филиппиний Манила хотод мэдэгдэхдээ, Орос, Украины дайныг богино хугацаанд хэлэлцээрээр шийдвэрлэх тодорхой гарц одоогоор харагдахгүй байна гэжээ.
Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ, АНУ Украин дахь дайныг зогсооход бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн хэвээр байгаа ч хоёр талын аль алинд нь хүлээн зөвшөөрөгдөх шийдэл олох нь хамгийн том сорилт болж байгааг онцолсон байна. Рубиогийн хэлснээр Вашингтон өмнө нь дундын байр суурь олох оролдлого хийсэн бөгөөд цаашид ч хоёр талд тохирох боломжит хувилбарыг эрэлхийлэх аж.
Украинд үзүүлэх тусламжийн талаар Марко Рубио АНУ-ын цэргийн дэмжлэг өөрчлөгдөхгүй, НАТО-гийн хүрээнд Украинд зэвсэг нийлүүлэх ажиллагаа үргэлжилнэ гэж мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн өдөр мэдэгдэхдээ, Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотой талууд дипломат харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсон нь эерэг ач холбогдолтой гэжээ. Гэхдээ мөргөлдөөнийг шийдвэрлэх үйл явц ойрын хугацаанд хурдасна гэж хэт өөдрөгөөр харах боломжгүйг тэрбээр онцолсон байна.
Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Манила хотод Марко Рубиотой уулзах үеэрээ Украины мөргөлдөөнийг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэхэд Москва бэлэн хэвээр байгаагаа илэрхийлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Лавров ОХУ-ын байр суурь, өмнөх тохиролцооны саналуудыг дахин дурдсан байна.
