Тод мэдээ
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долдугаар сарын 2-нд болж, Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тус тогтоолоор "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид нэгтгэн өөрчлөн зохион байгууллаа.
“Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Дөргөний усан цахилгаан станц” ХХК, Мянгадын нарны цахилгаан станцыг нэгтгэн “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем"-ийн түгээх сүлжээний салбаруудыг нэгтгэн “Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Тайшир-Гуулингийн усан цахилгаан станц” ХХК, “Богдын голын усан цахилгаан станц” ХХК, “Тосонцэнгэлийн усан цахилгаан станц” ХХК, Сэрвэний нарны цахилгаан станц, Мөрөнгийн нарны цахилгаан станц, Борхын нарны цахилгаан станц, Хүнгүй-Галуутайн усан цахилгаан станцыг нэгтгэн “Тайшир ногоон эрчим” ТӨХК-ийг тус тус байгууллаа. Ингэснээр бие даасан есөн компани, тэдний найман салбарыг нэгтгэн дөрвөн компани болж байна.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Тод мэдээ2025/01/21
Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвш...
-
Тод мэдээ2020/07/20
Шалган нэвтрүүлэх товчооноос гадна 6 цэгт хяналтын пост ажиллаж байна
-
Тод мэдээ2024/01/05
Дэлхийн мастеруудын өвлийн наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбаа гардуулла...
-
Тод мэдээ2023/12/06
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам&rdquo...