Хэн юу хэлэв...
Б.Уранцэцэг: Би аавынхаа үргэлжлэл
“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Баасандоржийн Уранцэцэгийг урилаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2019 оны “Шилдэг ажилтан”-аар шалгарсан юм. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь өнгөрсөн онд архивын улсын үзлэгээр “А” үнэлгээтэй дүгнэгдэж аймагтаа гуравдугаар байр эзэлсэн. Тэрээр 1991 оноос хойшхи албаны бүх бичиг баримтаа бүрэн цахимжуулж архивын өрөө тасалгааг стандартын дагуу тохижуулан дохиололтой болгож камержуулсан байна.
-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?
-Бид өглөөг цагтай уралдаж эхлүүлдэг. Нөхөр бид хоёр хоёулаа төрийн тусгай, тэр дундаа Цэргийн байгууллагад ажилладаг учраас шинэ өглөөг эрч хүчтэй, эмх цэгцтэй эхлүүлбэл тэр өдрийн ажил бүтнэ гэж боддог. Хамтдаа өглөөний цайгаа бэлдээд хоёр хүүгээ босгож хувцаслаад л ажил руугаа явдаг даа.
-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу?
-Тийм шүү. Таны хэлснээр хязгааргүй мөрөөдөлд автдаг. Уншсан номныхоо үйл явдлыг бодит болгож өөрийн төсөөлөлд автаад л “Би гол дүр байсан бол ингэх байсан даа” гэж төсөөлнө. Далайн гүн рүү шумбаж нам гүн ертөнцийн нууцыг олж хармаар байна. Шүхрээр бууж өөрийн айдсыг давахыг хүсдэг гээд зөндөө олон юм байна аа байна. /инээв/
-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу. Эсвэл?
-Өөрийгөө бичиг цаасанд дарагдсан ажил хийдэг хүн болно гэж төсөөлдөг байлаа. Тэр маань ч биеллээ олсон. /инээв/. Манай удамд цэргийн хүн байхгүй болоод тэрүү анх Онцгой байдлын байгууллагад ажилд орохдоо их л айж байснаа санадаг юм. Гэхдээ би айдсаа давж чадахаас гадна миний сонгосон хамгийн зөв газар энэ байгууллага байсан гэдгийг цаг үе бүхэндээ мэдэрч, бахархдаг. Ажилтай, аз жаргал дүүрэн гэр бүлтэй болсон болохоор энэ бүхэн л надад хангалттай.
-Нас, насны мөрөөдлийн өнгө өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?
Мөрөөдөл минь цэргийн байгууллагад орсон цагаас л өөрчлөгдөж эхэлсэн. Магадгүй хүсээд байсан мөрөөдөл маань энэ байсан байх. Том хүү маань цагдаа болно гэдэг бол бага хүү маань аврагч болно гэдэг. Тэдний минь мөрөөдөл аав, ээжийнхээ мөрөөдлийн өнгөтэй адилхан болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол
Хүн их ажилд биш эмх цэгцгүй ажилд ядардаг гэдэг үгийг би үргэлж өөртөө хэлдэг. Удирдлага чинь хараагүй байсан ч ажлаа хийсээр байх нь өөрөө амжилт. Манай байгууллага аймагтаа цорын ганц бүрэн цахимжсан байгууллага болж чадсан. Анх ажилд ороод л өөрийн ойлгож сурч мэдсэн бүхнээ хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Өдөр тутмын ажлын хажуугаар архивын баримтаа цэгцлэх хүндрэлтэй, цахимжуулах ажил нь удаашралтай байгаа мэт санагдаж байсан учраас амралтын өдрөөр гэрийнхээ ажлыг амжуулчхаад ажил дээрээ ирээд баримтаа цэгцэлдэг байлаа. Нэг л мэдэхэд би маш их ажлыг амжуулж чадсан байсан. Байгууллагын удирдлага маань надаас ийм л зүйлийг олж харахыг хүссэн байх. Даргын өгсөн үүргийг ял мэтээр хүлээж авдаг хүмүүс түүний цаана ямар амжилт, боломж хүлээж байгааг хардаггүй байх л гэж боддог.
-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг их хурцалдаг вэ ?
Шүүмжлэлийг зөвөөр хүлээж авч өөртөө тусгаж ажиллаж чадвал амжилтад хүрдэг гэж боддог. Хааяа шүүмжийн үгэнд гомддог ч эргээд харахад түүний хүчээр өдий зэрэгтэй яваа мэт санагддаг. Харин магтаалын үгэнд дургүй хүн байдаггүй шүү дээ. Манай хүн “Миний хань ажилсаг шүү” гэж хэлэхэд л урамшаад гэрээ улам цэмцийлгэх, “Манай Уранаа ажлаа сайн хийсэн байна” гэх хамт олны үг, цагаа олсон магтаал нь шантрах үеийг минь давах хүч, улам хичээх шалтгаан нь болдог. Ямар ч зүйлд зөв хандлага л хэрэгтэй.
-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
-Аз жаргал та бидний зүрхэнд байна. Аз жаргал биднээс холдох боломжгүй. Хайртай хань, үр хүүхэд, аав ижий минь хажууд байгаа учраас.
-Таны бахархал
Миний бахархал миний аав. Тэр эгэл жирийн, ажилсаг, хөдөлмөрч зангаараа Өлгий нутагт алдаршсан хүн. Цагаан Бааскаа гэдэг нэрийг сонсвол танихгүй хүн гэж бараг байхгүй дээ. Намайг бага байхад аав маань гүйлтийн тэмцээнд ороод тэргүүн байр эзэлж шагналын мөнгөө аваад 3 охиндоо цагаан даашинз авч өгч байсныг би үргэлж санадаг. Насаараа төрийн албанд зүтгэж ариун цагаан хөдөлмөрөөрөө үр хүүхдээ өдий зэрэгт хүргэсэн учраас тэднийхээ ачийг хариулж ажилдаа хариуцлагатай байж амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг хичээдэг. Би аавынхаа үргэлжлэл…
Эх сурвалж: "Онцгой мэдээ” сонин
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд оролцогчидтой уулзлаа
Хэн юу хэлэв...
“Монастери тауэр” төслийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар олгожээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Эхлэл брэнд” ХХК-д дуудлага худалдаагаар олгосон газар болон тус газарт хэрэгжүүлж буй “Монастери тауэр” орон сууцны төсөлтэй холбоотой тайлбар гаргажээ.
Нийслэлийн Өмч хувьчлах комисс 2025 оны дөрөвдүгээр сарын 15-нд 2008 оны “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” тогтоолыг хүчингүй болгосон байна. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах, 3150 ам метр талбай бүхий газар дээрх хоёр давхар эмийн үйлдвэрийн барилгыг буулгаж, газрыг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэжээ.
Дуудлага худалдааг 2025 оны тавдугаар сарын 21-нд зохион байгуулж, 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсоноос “Эхлэл брэнд” ХХК 9.3 тэрбум төгрөгийн үнийн саналаар ялагч болсон байна. Улмаар нийслэлийн Засаг даргын 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн захирамжаар тус компанид газар эзэмших эрх олгож, газрыг хүлээлгэн өгчээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд “Эхлэл брэнд” ХХК уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа аж.
Харин дуудлага худалдаагаар худалдсан 3150 ам метр газар нь өмнө нь хувьчлагдаагүй, нийслэлийн өмчид байсан газар бөгөөд дуудлага худалдаа болон тухайн газартай холбоотой хууль хяналтын байгууллагад үүссэн маргаан байхгүйг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас онцолжээ.
Мөн “Эхлэл брэнд” ХХК-ийн газар эзэмших эрх нь нээлттэй дуудлага худалдааны үр дүнд шинээр үүсэж, төлбөрийг бүрэн төлж, холбогдох гэрээг байгуулснаар баталгаажсан байна. Тус компанийн газар эзэмших эрх болон гэрээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн, хязгаарласан шийдвэр гараагүй гэж тайлбарлав.
Иймд “Монастери тауэр” орон сууцны төсөл нь хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших эрхэд үндэслэн хэрэгжиж буйг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдлээ.
Хэн юу хэлэв...
Намрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтэсээс 2026 оны 9-11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.
Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргадаг уламжлалтай.
Есдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Аравдугаар сар: Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ: Намрын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй хур тунадас багатай, дулаан байх төлөвтэй байгаа боловч 9 болон 11 дүгээр саруудад төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, агаарын дундаж температур дунджаас сэрүүн болох төлөвтэй байна. Иймээс нойтон цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах магадлалтай байгаа тул ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагууд өвлийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаарна уу.
