Чөлөөт бүс
Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүллээ

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна. Иймд нийслэлийн Байгаль орчны газраас анх 2017 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт хуучин тарвага нутагшиж байсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор мониторинг судалгаа хийж байна.
Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургууль, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран айлын хашаанд хамгийн ойр тархсан Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 7 бүлийн 32 толгой тарвагыг барьж ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016 онд хийгдсэн зэрлэг амьтны тархац, нөөцийн судалгаагаар 51 зүйл хөхтөн амьтан, 227 зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд зүйлийн олон янз байдлын хувьд харьцангуй баялаг юм. Судалгааны үр дүнд Монгол тарваганы /Marmota sibirica/ өсөлтөд хүний зүгээс үзүүлж буй сөрөг нөлөө их байгааг онцолсон байдаг. Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан юм.
Нийслэлийн Байгаль орчны газар
Чөлөөт бүс
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
Чөлөөт бүс
Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!
Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.
Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.
Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.
Чөлөөт бүс
Өнөөдөр Аугаа их Ялалтын баярын өдөр
Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Ялалтын баярын 80 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.
Тус дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр тэр үеийн ЗХУ-ын дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэжээ. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан Адольф Гитлерийн армийн цахилгаан дайны төлөвлөгөө Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.
НҮБ-ын шийдвэрээр дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон энэ өдөр Орос улсад хүн төрөлхтний түүхийн хамгийн аймшигт дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодорхойгүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ л өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр гэж хүндэтгэн тэмдэглэдэг.
1945 оны тавдугаар сарын 9. Монголчуудын хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж, эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс, тэдний дунд цусаа урсган, эрэлхэгээр тулалдаж, тэмцэж асан Монгол угсаатан олон зуун охид, хөвгүүдийн гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!
-
Тод мэдээ2024/04/29
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд о...
-
Тод индэр2023/12/06
П.Сайнзориг: Нийслэлийн ирэх жилийн төсөв дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чигл...
-
Тод зураг2020/01/13
Мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна
-
Өнөөдөр2021/01/05
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.01.05/