Дэлхий нийтээр..
БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх сургалтанд хамруулах болон хүний нөөцийн туршлага судлах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чухал ач холбогдол бүхий гэрээ юм. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Тасгийн дарга Я.Энхбаясгалан, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйг эрхлэх газрын Сургалтын төвийн захирал Шинь Ин Жэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны төвийн дарга Гвон Жүн Гю болон албаны бусад хүмүүс оролцов.

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх үйлдвэрийн осол гэмтэлд ихээр өртөж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа билээ. Зөвхөн сүүлчийн 2019~2020 оны байдлаар гэхэд л ажлын байран дээрх үйлдвэрийн осолд өртөн тус төвд хандсан нийт 403 Монгол улсын иргэнд Солонгосын Хөдөлмөр халамжийн корпораци, Үйлдвэрийн ослын даатгалын газраас 345 371 476 воны нөхөн олговор олгуулаад байна. БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах энэ осол гэмтлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн холбогдох удирдлагуудтай 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уулзалт хийн Монгол Улсын иргэдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Үүний үр дүнд тус хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн төсвөөс санхүүжүүлэн гадаад иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах төсөлт ажлыг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөдөр ийнхүү албан ёсны баримт бичиг болж үзэглэгдэж байна.

Төвийн дарга Д.Баярмандах гэрээ байгуулах үеэр хэлсэн үгэндээ “Манай залуус ажил амьдралаа сайжруулах, мэдлэг боловсролтой болох, мэргэжил технологи сурч судлах, БНСУ-ын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, дэлхийн шилдэг иргэн болохын тулд Солонгос орныг зорьж, тэмүүлж ирцгээдэг. Одоо ч гэсэн ирэх хүсэл дүүрэн мянга мянган залуус нааш тэмүүлж байгаа. БНСУ-д ажиллаж амьдрахаар тэмүүлж ирсэн эдгээр залуусаа, монгол иргэдээ амар амгалан, аюул осолгүй, эрүүл саруул байлгаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд БНСУ-тай хамтран хийхээр болж буй нэгэн томоохон ажлын эхлэл ийнхүү тавигдаж байна” гэж гэрээний ач холбогдлыг онцлон хэллээ. БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын дарга Шинь Ин Жэгийн хэлснээр тэрээр сургалтын хүрээлэнгийнхээ баг бүрэлдэхүүний хамт Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд өнгөрсөн хоёр жилийн дотор хоёр удаа очиж уулзалт хэлэлцээр хийн сургалт зөвлөгөөг зохион байгуулж байсан бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн талбарт хөлсөө урсган ажиллаж буй монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бид хамтдаа хичээн зүтгэж ажиллах боломж улам нэмэгдэж байна гэжээ.

Мөн энэ өдөр тус гэрээний дагуу БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газраас Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Төвийн мэргэжилтнүүдэд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх гурван төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд хамрагдсанаар Төвийн мэргэжилтнүүд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэддээ үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж сургалт хийхэд илүү нарийн мэргэших юм.


Дэлхий нийтээр..
Николас Мадурогийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сард эхлүүлэхээр товложээ
АНУ-д саатуулагдаж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флоресийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр АНУ-ын холбооны шүүгч товлосон байна.
АНУ-ын прокурорууд тэднийг хар тамхины наймаатай холбоотой хэрэгт буруутгаж байгаа бол Мадуро болон түүний эхнэр шүүхэд өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлжээ. Тэднийг Нью-Йорк хотын Бруклин дэх Метрополитан цагдан хорих төвд саатуулж байгаа талаар AP мэдээлсэн байна.
Reuters-ийн мэдээлснээр, Мадуро болон түүний эхнэрийг 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Каракас хотод явуулсан АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр баривчилж, улмаар АНУ-д хүргэсэн аж. Тэдэнд хар тамхины наймаа, тэр дундаа кокаин тээвэрлэх ажиллагааг эрх мэдлээ ашиглан дэмжсэн гэх үндэслэлээр ял тулгажээ.
Мадурогийн өмгөөлөгчид уг хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тэд баривчилгаа олон улсын эрх зүйг зөрчсөн, мөн төрийн тэргүүний халдашгүй байдлын асуудал хөндөгдөнө гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан шатны хүсэлтүүдийг ирэх есдүгээр сараас гаргаж эхлэхээр товложээ.
Дэлхий нийтээр..
Хятадын компаниудыг хоригт хамруулсныг Бээжин буруутгав
Европын Холбоо ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээг баталж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг шинээр хоригийн жагсаалтад оруулсантай холбогдуулан БНХАУ-аас Европын Холбоонд суугаа төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ.
Төлөөлөгчийн хэлснээр, Европын Холбоо Хятадын талын удаа дараагийн эсэргүүцэл, шаардлагыг үл харгалзан ОХУ-ын эсрэг шинэ хоригт Хятадын аж ахуйн нэгжүүдийг хамруулсан нь Бээжингийн хүчтэй дургүйцэл, эрс эсэргүүцлийг төрүүлж байна.
Хятадын тал уг асуудлаар Европын Холбоонд дахин албан ёсны эсэргүүцэл илэрхийлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаагаа мэдэгдэв.
Төлөөлөгч мөн Хятад улс Украины хямралын асуудлаар бодитой, шударга байр суурь баримталж, энх тайвныг дэмжих, яриа хэлэлцээг ахиулах бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн гэж онцолжээ. Түүний хэлснээр, Бээжин Украины асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн байна.
Хятадын тал Европын Холбоо Украины асуудлыг далимдуулан хариуцлагаа Хятадад тохох, Хятадыг үндэслэлгүйгээр буруутгах, мөн Хятадын аж ахуйн нэгж, иргэдийг ямар ч үндэслэлгүйгээр хоригийн жагсаалтад оруулахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Европын Холбоо буруу үйлдлээ нэн даруй залруулж, үүссэн сөрөг нөлөөллийг арилган, Хятад, Европын Холбооны харилцааны ерөнхий ашиг сонирхлыг бодит үйлдлээрээ хамгаалахыг Хятадын тал уриалжээ.
Дэлхий нийтээр..
Бээжин ЕХ-ны 14 байгууллагад экспортын хяналт тогтоов
Хятадын Худалдааны яам долоодугаар сарын 24-нд мэдэгдэл гаргаж, Европын Холбооны 14 байгууллагыг экспортын хяналт, зохицуулалтын жагсаалтад оруулахаар шийдвэрлэснээ зарлалаа.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Бээжингийн цагаар долоодугаар сарын 23-ны орой Европын Холбоо ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээг албан ёсоор зарлаж, Хятадын эх газар болон Хонконгийн 14 аж ахуйн нэгжийг хоригийн жагсаалтад оруулсан байна. Үүний хариуд Бээжин дээрх шийдвэрийг гаргажээ.
Хятадын тал үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалах, мөн үй олноор хөнөөх зэвсгийн тархалтаас сэргийлэх олон улсын үүргээ биелүүлэх зорилгоор уг арга хэмжээг авч буйгаа мэдэгдсэн байна. Шийдвэрийг “БНХАУ-ын Экспортын хяналтын тухай хууль”, “БНХАУ-ын хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүний экспортын хяналтын журам” зэрэг холбогдох хууль тогтоомжид үндэслэн гаргасан гэж Хятадын Худалдааны яам тайлбарлажээ.
Уг шийдвэрийн дагуу экспортын үйл ажиллагаа эрхлэгчид дээрх 14 байгууллагад хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглоно. Мөн гадаадын байгууллага, хувь хүн БНХАУ-д гаралтай хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүнийг эдгээр байгууллагад шилжүүлэх, нийлүүлэхийг хоригложээ.
Европын Холбооны ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээ нь банк, криптовалютын компани, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэгч зэрэг байгууллагуудыг хамарсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
-
Дэлхий нийтээр..2022/10/25
“Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр сургалт з...
-
Дэлхий нийтээр..2021/09/10
Нийслэлийн хүн амын II тунгийн хамралт 70 хувь байна
-
Дэлхий нийтээр..2024/03/28
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав
-
Үйл явдал2020/04/30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
