Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, ААН-ийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан бичиг хүргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын зүгээс үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо.
Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг (ваучер) олгох хэрэгтэй гэжээ.
Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Түүнчлэн гамшигтай тэмцэхэд зарцуулагдаж байгаа төсвийн болон хандив тусламжийн хөрөнгө ил тод бус, хардлага эргэлзээ төрүүлэх, хэт даамжирвал ард түмний жигшил, дургүйцлийг дээд зэрэгт хүргэн өдөөх хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгах хаалттай, бүрхэг байдлаар зарцуулагдаж болохгүйг санууллаа.
Тодруулбал, цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлах нь зүйтэй гэжээ.
Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:
1. Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
2. Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;
3. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
4. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
5. Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2024/04/01
"Хүүхдийн зохиолчтой хамтдаа" өдөрлөг боллоо
-
Үйл явдал2020/04/16
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2021/01/20
Банкны удирдах ажилтан мөнгө угаасан хэргээр шалгагдаж байна
-
Дэлхий нийтээр..2020/11/23
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын ажилтан, албан хаагчид 07.00-22.00 цагт...
