Тод мэдээ
Монгол Путинтай болохгүй…

Анхлан 200 гаруй хүний эсэргүүцлээр эхэлсэн уг жагсаал 100 гаруй мянган хүнийг хамарч Оросын өнцөг булан бүрт цар хүрээгээ тэлэн өргөжсөөр. Бүх орос Төрийн тэргүүнийхээ эсрэг нэгдэхэд бэлэн болов. Бидэнд хамгийн ойрын жишээ энэ. Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, амьд явах гэхчилэн хүний түгээмэл эрхүүдээ Үндсэн хуулиндаа суулгаж чадсан азтай ард түмэн. Гэвч эрх чөлөөний эсрэг дарангуйллын гэтэлгээ хумсаа нуусан муур шиг ойртож буйг мартаж болохгүй. Ямх ямхаар биднийг залгих нэг хүний дарангуйлал үндэс сууриа бэлдээд эхэлсэн нь Х.Баттулгын монгол Путин болох санаархал юм.
Үүний нотолгоо нь нялх биетэй эхийг, мэндлээд ганц хонож буй алгын чинээ үртэй нь дүн өвлөөр нүцгэн шахам эмнэлгийн машинд ачиж, ХӨСҮТ рүү зөөж буй бичлэгээс харж болно. Үүнд эмзэглэсэн Монголын ард түмэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эцэг хүний хувиар, Засгийн газрын тэргүүний хувиар элэг шимширч байгаагаа мэдэгдэн хоёр сайд бус танхимаараа огцор буйгаа олон нийтэд зарласан нь цочир мэдэгдэл болов.
Нэг хэсэг нь үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль угтсан операци гэж улс төржүүлсэн бол дийлэнх нь Монголд шударга ёсны салхи жинхэнэ утгаараа сэвэлзэж ирсэн хэмээн хүлээн авч байна. Үдээс өмнө иргэдийн үзэл бодлын индэр болсон жагсаал үдээс хойш нь Төрийн эргэлт хийх гэсэн улс төрийн болон Ерөнхийлөгчийн “хор” гүйж эхлэв. Аливааг ашиг болгож хардаг наймаачин хүний зан л байх. Үүнтэй эвлэрвэл үндэсэндээ бид ардчиллын эсрэг асар том нүгэл үйлдэнэ гэсэн үг.
Орос, Монголын хооронд хоёр том ялгаа байгаа юм. Монголд өрнөсөн тайван жагсаалд оролцогчдыг цагдаа нар хүч хэрэглэх бус тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгож, хувцасаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн залуу дээр очсон цагдаа “Ах нь чам шиг хүүтэй хүн. Эрүүл мэнд чухал. Хувцасаа өмс” хэмээн эцэг хүний хувиар зөвлөн хувцасыг нь өмсүүлж байхад хойд хөршид жагсагчдыг бороохойгоор нүдэн, гарт нь гав зүүж, хүч хэрэглэн ачиж байгаа юм.
Одоо 1000 гаруй хүн баривчлагдаад буй мэдээлэл бий. Хэрэв Засгийн тэргүүн У.Хүрэлсүх Хуулийн сайддаа чиглэл өгөөд дараад авах боломжтой ч ард түмнийхээ итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандсан нь түүнийг хэн бэ гэдгийг харуулж өгсөн хамгийн том бодит жишээ юм. Орост өрнөж буй процесс Монголд давтагдахаас тэр урьдчилан сэргийллээ. Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайдаа явуулаад өөрөө үлдэж болох ч тосон ирэх жилүүдэд улс төрийн хариуцлага, ухамсар, ёс зүй байх ёстой гэдгийг өөрөөрөө үлгэрлэж чадсан нь шинэ эргэлтийн эхлэл болж чадав.
Тод мэдээ
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ
АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.
Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.
Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.
Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.
Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.
Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.
Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.
Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Өнөөдөр2019/07/22
ЖДҮДС-с зээл олгох эхний ээлжийн шалгуурыг 16 аж ахуйн нэгжийн төсөл хорооны бол...
-
Тод индэр2020/07/24
Иргэн бүртээ хүрч ажиллахыг Н.Энхтайван сайд үүрэг болголоо
-
Тод зураг2019/06/11
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод мэдээ2021/07/05
Саун, бассейн, фитнес, амралтын газруудтай Хариуцлагын гэрээ байгууллаа