Дэлхий нийтээр..
Хүний эрхийн үндэсний комиссоос УОК-т шаардлага хүргүүллээ
Коронавируст халдвараас Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний үүрэг юм. Энэ үүргийг хэрэгжүүлэхдээ хүний зарим эрх, эрх чөлөөг хууль гаргаж, хязгаарлаж болно. Гэхдээ ийм хязгаарлалт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгыг биелүүлэхэд зохистой хэр хэмжээтэй, хүний эрх, эрх чөлөөнд хамгийн бага хязгаарлалт тогтоосон байвал зохино. E-barimt системд суурилсан хөдөлгөөний бүртгэлийг журмаар зохицуулахгүйгээр ашиглаж эхэлсэн нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдлийг үүсгэсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 29-нд ХЭҮК-ын гишүүний шаардлагыг Улсын Онцгой Комисст хүргүүллээ.
Шаардлага
Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч, УОК-ын дарга Я.Содбаатар танаа
Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/ тархсантай холбогдуулан халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын хавьтлыг илрүүлэх, тархалтыг хянах, эрсдэлд орсон хүмүүст мэдээлэл шуурхай хүргэх зорилгоор E-barimt системд суурилсан бүртгэлийн апликейшнийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс ашиглаж эхэлсэн. Энэ арга хэмжээ нь хүнийг мөрдөж мөшгисөн шинжтэй, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж байгаа тухай гомдол, мэдээлэл Комисст ирж байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-аас иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь цар тахлын нөхцөлд төрөөс тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой хүний эрхийн үүрэг мөн. Хүний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Хүний эдгээр эрхийг хангах, хамгаалах үүргээ биелүүлэх зорилгоор хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, тус пактаар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахад баримтлах Сиракузын зарчмууд (НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн E/CN.4/1985/4 дугаар тогтоолоор батлагдсан), Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэх ёстой.
Коронавируст халдвар /Ковид-19/-ыг хязгаарлах үүднээс дэлхийн улс орнууд гар утасны апликейшн, технологид суурилсан бүртгэлийн систем ашиглаж байна. Бүртгэлийн дээрх аргыг хүн амын 60-аас доошгүй хувь нь ашиглаж байгаа, халдварыг оношлох үр дүнтэй тогтолцоо бий болгож, хослуулан хэрэглэсэн тохиолдолд хавьтлыг шуурхай тогтоож, эрсдэлд орсон хүнд мэдээлэл өгч, төрийн албан хаагчийн ажлын ачааллыг бууруулах сайн талтай юм. Гэвч зориулалт, чадавхиасаа үл хамаарч, ийм технологи нь хувь хүний нууц, халдашгүй чөлөөтэй байх эрхийг ямар нэг хэмжээгээр хязгаарладаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, дур мэдэн хэнийг ч ... мөрдөн мөшгиж, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан. Хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9, 17 дугаар зүйлүүдэд тус тус баталгаажуулсан.
E-barimt системд суурилсан бүртгэлийн талаар уг технологийг хөгжүүлэгч Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-аас “Бүртгэлийн цэгт тавигдсан QR кодыг уншуулахад иргэнээс уг цэгийн код, төхөөрөмжийн ID, код бүртгүүлсэн цагийн мэдээлэл авагдана. Энэ мэдээлэл нь Тагнуулын ерөнхий газрын Үндэсний дата төвд хадгалагдаж, төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиудаар хамгаалагдана. Мэдээллийг зөвхөн коронавирусын халдвартай тэмцэхэд ашиглах бөгөөд энэ зорилгод нийцсэн хэлбэр, техникийн нөхцлөөр цуглуулж байгаа” гэсэн тайлбарыг Комисст өгсөн. Энэ тайлбарыг хөндлөнгийн шинжээчээр магадлуулж, апликейшний техникийн үзүүлэлт, мэдээллийн хамгаалал нь хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхийг цаашид нягтлавал зохино. Үүний өмнө энэ арга хэмжээ хүний эрхийг хязгаарлахад тавигддаг хууль зүйн дараах шаардлагуудыг хангасан эсэхийг хянах нь зүйтэй байна.
Нэгдүгээрт, E-barimt системд суурилсан бүртгэл нь коронавируст халдвар /Ковид-19/-аас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үр нөлөөтэй байх эсэхийг шинжлэх ухаанчаар тооцсон байх, үүнийгээ олон нийтэд тайлбарлах. Баримт, судалгаанд үндэслэн шийдвэр гаргах нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлэх нөхцөл болно.
Хоёрдугаарт, E-barimt системд суурилсан бүртгэл, цугларсан мэдээллийг ашиглах, хадгалах, хамгаалах, зорилгоо биелүүлж дуусмагц цугларсан мэдээллийг устгах тухай асуудлыг журмаар зохицуулсан байх. Хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуулиар хязгаарлах шаардлагыг Монгол Улсын олон улсын гэрээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 хэсэгт тогтоосон.
Коронавируст халдвартай хүний ойрын хавьтлыг тогтооход гар утасны апликейшн, технологи ашиглахад нэн түрүүнд тавигддаг эдгээр шаардлагуудыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт болсон уулзалтаар бид танай Комисст тайлбарласан. Мөн энэ талаарх журмыг эрх бүхий байгууллагуудаас шуурхай батлан гаргах, журамд Комиссын саналыг авах талаар бид өмнө нь тохиролцсоныг дурдах нь зүйтэй. Энэ хүрээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журмыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын болон Цагдаагийн ерөнхий газрын дарга хамтран батална” гэсэн заалтыг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.17 дахь хэсэгт нэмсэн. Гэвч уг журам өнөөг хүртэл батлагдаагүй байгаа нь хувь хүний мэдээлэл хяналт, хамгаалалтгүй цугларах, хүний эрх зөрчигдөх эрсдлийг үүсгэж байна.
Түүнчлэн, E-barimt системд суурилсан бүртгэлийн талаар журам гаргаагүй, энэ арга хэмжээ нь албан журмын эсхүл сайн дурын байх эсэх талаар шийдвэр гараагүй байхад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас бүртгэл хангалтгүй хөтөлсөн аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах талаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахим хуудсаараа мэдэгдсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.
Иймд хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох үүднээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээ авахыг шаардаж байна. Үүнд:
- E-barimt системд суурилсан бүртгэл нь цар тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад гарцаагүй шаардлагатай, үр нөлөөтэй байх эсэх, энэ хязгаарлалт нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхэд хамгийн бага хязгаарлалт тогтоосон, зорилгодоо тохирсон эсэх талаарх үндэслэл, баримтыг Комисст ирүүлэх, олон нийтэд мэдээлэх;
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18 дугаар хэсэгт заасан журмыг нэн даруй батлах;
- E-barimt системд суурилсан бүртгэлийг хангалтгүй хөтөлсөн шалтгаанаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, шийтгэл оногдуулахгүй байх.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасаны дагуу 14 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.
Дэлхий нийтээр..
Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Украинд Оросын дрон довтолгооны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Чернигов хотод болсон шөнийн довтолгооны үеэр 16 настай хүү амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бол орон сууцны барилгууд галд өртсөнийг орон нутгийн захиргаа онцоллоо. Мөн Херсон хотод дрон тээврийн хэрэгсэлд цохилт өгсний улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн шархадсан байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор нийт 236 дрон харваснаас 203-ыг нь устгасан ч үлдсэн хэсэг нь хэд хэдэн байршилд онож, хохирол учруулжээ.
Үүний зэрэгцээ Украин хариу цохилт өгч, ОХУ-ын Таганрог хот дахь дрон үйлдвэрлэлийн үйлдвэрийг онилон цохилт өгсөн талаар цэргийн удирдлага мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр гал гарч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хохирол учирсныг албаныхан дурдлаа.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр тал харилцан дрон ашигласан довтолгоог эрчимжүүлж буй нь дайны шинэ шатанд шилжиж буйн илрэл бөгөөд иргэний дэд бүтэц, энгийн иргэдэд учрах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ Ормузын хоолойд Ираны хөлгийг саатуулж, хяналтдаа авлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсанд нийтлэхдээ АНУ-ын тэнгисийн явган цэргүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Ираны далбаатай ачааны хөлгийг саатуулж, хяналтдаа авсан талаар мэдэгдэв.
Түүний мэдээлснээр уг хөлөг Ормузын хоолойд хэрэгжиж буй АНУ-ын тэнгисийн хоригийг зөрчин нэвтрэхийг оролдсон бөгөөд анхааруулгыг үл тоомсорлосны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч хөлгийг саатуулжээ.
АНУ-ын талын мэдээлснээр тус хөлгийг саатуулах явцад тэнгисийн цэргийн хөлөг онгоц хөдөлгүүрийн хэсэгт нь чиглэсэн гал нээсний дараа ажиллагааг зогсоож, улмаар тэнгисийн явган цэргүүд хөлөгт нэвтэрч хяналт тогтоосон байна.
Одоогийн байдлаар Ираны талаас уг үйл явдалд шууд тайлбар өгөөгүй байгаа ч зарим эх сурвалжид уг ажиллагааг буруушааж, хариу арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн талаар мэдээлжээ.
Энэхүү үйл явдал нь дөрөвдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн АНУ-ын тэнгисийн хоригийн хүрээнд хүч хэрэглэсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Одоогоор Ираны талаас уг үйл явдалд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
