Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Засагтай заргалдагч

Огноо:

,

Сэтгүүлч:

  •  
  •  
  •  
Хүний эрхийн төлөө тэмцэгч-Зоригтон

Одоогоос 44 жилийн тэртээ Нийслэлийн 10 жилийн 17-р сургуулийг төгссөн жаахан  охин шуудангийн машинд сууж Өвөрхангай аймгийг зорьж байжээ. Элсэлтийн шалгалтад ороод Хуулийн сургуулийн хуваарь авч чадаагүй хотын охин хөдөө нутагт нэг жил ажиллаж, дахин шалгалт өгч, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зоримог алхам хийсэн нь тэр. Энэ бол Пэрэнлээгийн Цэвээн байлаа. Тэрээр  Өвөрхангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн  хороонд бичээч хийж, ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Юм юманд идэвхитэй, дуулж бүжиглэдэг, хийж буй зүйлдээ хариуцлагатай, хэн нэгнээр шахуулж шаардуулаад байдаггүй жаахан охин дорхноо л тушаал дэвшин бичиг хэргийн эрхлэгч болжээ. 

Яг энэ үед МАХН-ын Төв  хорооноос Хүүхдийн байгууллагын ажилчдыг бэлтгэх 55-р тогтоол гарч,  УБДС дээр  Түүх, нийгэм Пионерийн удирдагч багш бэлтгэх анги нээгдэж П.Цэвээнд урилгаар суралцах боломж олджээ.  Түүнийг  Монголдоо бэлтгэгдсэн хүүхдийн байгууллагын анхны мэргэжилтнүүдийн нэг гэж хэлж болно. Сургуулиа төгсөөд Нийслэлийн 77-р сургуульд ХЗХ-ны нарийн бичгийн даргаар томилогдон очжээ.  Дарга нэртэй л болохоос биш шавь нараасаа ялгарахгүй жаахан бүсгүй тухайн үед сургуулийн “Хэцүү хүүхдүүд”-ийн араас хөөцөлдөж, эцэг эхийнх нь ажлын газартай холбогдож цалингүй чөлөө  олгуулж, хүүхдээ хичээлд нь суулгах үүрэг даалгавар өгч “Сээгий малгай” шүүрсэн гэх хэрэгт холбогдсон хүүхдүүдийг батлан даалтад авч, урлаг уран сайхны арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байлаа.

-Та социализмын үеийн хүүхдийн байгууллагын ажилтан. Тэр үед хүүхэдтэй ажиллахад хэцүү байсан уу хэмээн асуухад тэрээр “Хэцүү байна даа гэж бодох үе байсан. Гэхдээ би үүнээс хэцүү он жилүүд намайг хүлээж байгааг мэдээгүй юм” хэмээн хэлээд санаа алдав. Үнэхээр ч хүнд хэцүү цаг түүнийг хүлээж байв. Ардчилсан хувьсгал гарч Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгмээс гэнэтхэн л зах зээлийн нийгэмд шилжин оров.  Том үйлдвэрийн газрууд хаагдаж, албан байгууллагууд  үүдээ барьж, Хувьсгалт залуучуудын эвлэл, пионерийн байгууллага гэх мэт хүүхэд залуучуудыг нэгтгэж байсан өнөөх нүсэр том бүтэцтэй, үзэл суртлын байгууллагууд  нэр хаягаа солин Залуучуудын холбоо, Хүүхдийн байгууллага болон өөрчлөгдсөн юм. Энэ үед тэрээр мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран  “Монголын Идэрчүүдийн Холбоо” хэмээх шинэ байгууллагын тулгын чулууг тавьжээ. Монголын Идэрчүүдийн холбоо бас л Монголын хүүхдийн анхны төрийн бус байгууллага байсан юм.  Тус холбооноос  “Одод болохын хүслэн” хэмээх нүсэр том шоуг орон даяар зохион байгуулж, эндээс өнөө цагийн урлагын одод болох Хурдын Отгонбаяр, Байзда, “Сүнс”, “Номин талст” хэмээх томоохон хамтлагууд төрөн гарч, олон гавьяатнууд мэндэлсэн түүхтэй.

П.Цэвээн багш Монголын хүүхдийн төлөө үндэсний төвд 1992 оноос эхлэн 5 жил ажиллажээ. Монгол Улс дөнгөж зах зээлд шилжсэн, картын бараатай, ажилгүйдэл, ядуурал, архидалт... Одоо ч тэр энэ тухай ярихдаа “Хоёр нийгмийн шилжилтийн хамгийн том хохирогч нь хүүхэд байсан юм шүү” гэж хэлээд нулимс цийлэгнүүлж байсан. Нулимс унагахад ч багадмаар тийм л орчин... Улаанбаатар хотын гудамжаар эгнэсэн гуйлгачин хүүхдүүд...Гэрт нь очихоор өмсөх хувцас бүү хэл идэх хоолгүй хүүхдүүдийн хайр горьдсон өрөвдмөөр харц. Задарсан нийгмийн ядарсан айлын  хаягдсан хүүхдүүдэд туслахаар хүүхдийн байгууллагын ажилчид  өөрийнхөө хүүхдийн хувцснаас хүртэл илүүчилж, цөөхөн хэдхэн төгрөгийн цалингаасаа хумслан ганц хуушуур ч гэсэн авч өгөхөөр гүйдэг байж.  Бөөстөж, хуурстсан хүүхдүүдийг цуглуулан усанд оруулж, хувцсыг нь солиод л явуулна. Гэвч хэд хоногийн өнөөх хүүхэд өлсчихсөн, өмсөх хувцасгүй шахам бөөсөндөө баригдаад л тэнэж явна... Ийм л дүр зураг... Өөрчлөх хүсэл байвч төр нь ядуу, түмэн нь ч хэцүү ийм л цаг үед хүүхдийн байгууллагын ажилчид ёстой л яахаа мэдэхгүй цаг үед тэд учраа олохгүй самгардаж байсан гэдэг. П.Цэвээн багш “Монгол хүний заяа өндөр” гэж үнэн шүү. Яг л тийм хэцүү, барьц алдаж байх үед Английн Хүүхдийг ивээх сан, НҮБ-ын Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр Монголд орж ирсэн гэж дурсаж байсан. Энэ үеэс л Хүүхдийн эрх, Хүний эрх гэсэн үгийг Монголчууд анх удаа жинхэнэ утгаар нь сонссон цаг. П.Цэвээн багш Хүний эрхийн чиглэлээр Монголдоо бэлтгэгдсэн анхны сургагч багш нарын нэг.

-Таныг оюутан байхад хүүхдийн эрхийн талаар заадаггүй байсан хэрэг үү гэтэл “Юун хүүхдийн эрх. Бид хүний эрхийн талаар ч ойлголтгүй байсан шүү дээ. Энэ хэдэн өнчин ядуу хүүхдээ яана даа л гэж санаа зовдог байснаас биш энэ хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж мэддэг ч үгүй явсан хэмээн харуусангуй ярьж байсан юм.  Тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Б. Дэлгэрмаа 1997 онд П.Цэвээн багшид “Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв” хэмээх байгууллагыг байгуулах санал тавьжээ. “Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв” үүсэн байгуулагдаад 23 жилийн нүүр үзэж байна.  Тэр Монголд хамгийн анх Хүүхдийн нэвтрүүлгийн өдрийг зохион байгуулж, хүүхдийн эрхийн талаар сургалтуудыг хийж, “Хүүхдийн утас” ажиллуулж Японы хөрөнгө орууулагчдын дэмжлэгтэйгээр маш олон төсөл хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохын төлөө хичээж ажилласан. Зах зээлийн тогтолцоонд шилжсний дараа гудамжинд гарсан олон хүүхдүүд одоо хэр яваа бол, хаана байгаа бол гэсэн бодол түүнийг шаналгаж байсан хэрэг. Тиймээс Монголд анх удаа “Гэр бүл эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийн нийгэмшилтийн судалгаа” хийжээ.  Тэрээр  1997  оноос хойших бүхий л материалыг судалж, үрчлэгдсэн, орхигдсон, хараа хяналтгүй хүүхдүүдийн мэдээллийг цуглуулан, эрж хайж ажлыг эхлүүлжээ. Монголын төр  тэр үед хичнээн хүүхэд үхэж байгааг бүү хэл төрж байгааг ч мэддэггүй байсан үе. Гадаадын хөрөнгө оруулалттай асрамж, халамжийн төвийн судлагааг Хүн ам нийгмийн хамгааллын яамнаас нэхэхэд 22 газрын нэр гаргаж өгчээ. Гэвч энэ 22 төв бүгд сэжигтэй, хүүхдийн эрхийг хамгаалахаасаа илүүтэйгээр зөрчдөг болох нь илэрчээ. Төвд ирсэн, явсан хүүхдүүдийн бүртгэл ч бас учир битүүлэг. Үүнийг анзаарсан П.Цэвээн багш бүхий л асрах газруудаар орж үзэх шаардлагатайг ойлгосон гэдэг.



Хотоос зайдуу байрлах асрах төвийнхөн нохойгоор хөөлгөж, зарим харуулууд буу шийдэм барин сүрдүүлж байсан тохиолдол ч бий. Тэр ч бүү хэл нэгэн асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцсны дараа гадаадын Элчин сайд өөрийн биеэр хэлмэрчээ дагуулан  ирж дарамталж байсан удаатай. Христын сүмийн асрамжийн газраас судалгаа нэхсний төлөө хожим УИХ-ын гишүүн болсон нэгэн өмгөөлөгч түүнийг хууль цагдаагаар сүрдүүлэн айлгаж байжээ. Гэхдээ тэр энэ судалгааг хийж чадсан. Судалгааны дүнгээ барин Нийгмийн хамгааллын сайд Д.Дэмбэрэл дээр орж “Яг одоо хүүхэд хамгаалах, асрах байрнуудын стандарт тогтоо” гэдэг шаардлага тавьж, сайдын зөвлөлийн хурал дээр “Хэрвээ та нар энэ саналыг хүлээж авахгүй бол, энэ замбараагүй асрах байрнуудад хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирвол сайд та л  хариуцлагыг нь хүлээнэ шүү” хэмээн хэлээд хаалгыг нь чангахан хаагаад гарч байлаа. Үүний дараа Хүүхэд асрах халамжлах газруудад стандарт мөрдүүлж, П.Цэвээн багшийн хүчин чармайлтын үр дүнд ямар ч бүртгэлгүй байсан гадны 30 гаруй асрах төв илэрч, Монгол төр ядарсан хүүхдүүдээ хаана байгааг олж бүртгэж авсан түүхтэй. Энэ бол том гавьяа, бас асар их хүч хөдөлмөр зориг шаардсан ажил байсан юм. Хэрвээ П.Цэвээн багш үүнийг зориглож хийгээгүй бол гадны хөрөнгө оруулалттай асрах төв нэртэй газарт хичнээн хүүхэд хохирч, хичнээн хүүхэд үрчлэлт нэрээр хил давж ямархан хувь тавилантай золгох байсныг таашгүй.

Үүгээр П.Цэвээн багшийн  сэтгэл амарсангүй. “Гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд байна. Хүүхдийн асран хамгаалагчийг тогтоохдоо хянамгай хандаач, би шинжээчээр ажиллаж өгье” гэсэн саналаа бүх шүүхэд илгээжээ.  Шүүхүүд ч түүний саналыг хүлээн авч, П.Цэвээн багш 1000 гаруй гэр бүл цуцлах шүүх хуралд оролцсон аж. “Муухай шүү. Хөрөнгөндөө хайртай хэрнээ хүүхдээ хайхрахгүй хүмүүс  байдаг гэдгийг би тэгэхэд л ойлгосон” хэмээн тэр яриад санаа алдаж байсан юм. Эдийн шуналтангуул мөн л түүнийг дарамталж, хэл амаар доромжилж байсан ч шантраагүй. Өнөөдөр түүний эхлүүлсэн энэ ажил төрийн ажил болон хэрэгжиж байгаа.

Түүний хийсэн бас нэг томоохон судалгааны нэг нь “Өсвөр насны хүүхдүүдийн садар самуун, бэлгийн мөлжлөгт өртөж буй талаарх судалгаа” байлаа. Шөнийн арга хэмжээ зохион байгуулж, цагдаа нартай явж, биеэ үнэлж, бэлгийн мөлжлөгт өртөж байгаа охидын талаар хийсэн судалгаа бас л олон хүнд таалагдсангүй. Охидын биеийг үнэлсэн мөнгөнөөс цагдаа нар хүртэл хүртдэг, зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэг болсныг П.Цэвээн багшийн судалгааны хүрээнд тогтоож, зохих хүмүүс хариуцлага хүлээж, тэрээр буруу замаар орсон 20 охиныг төсөлд хамруулан амьдралын замд хөтөлж  чадсан. Хэргээ дарах гэсэн сонирхолтой хүмүүс бас л дарамталж, судалгааны дүнг нь үгүйсгэхийг оролдож, хэл амаар доромжилж байсан ч ухарч буцаагүй. Гэхдээ П.Цэвээн багш бас л хаширсангүй. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хөвгүүдийн асуудлыг сөхөж, лам жаалуудын эрх ашгийн төлөө дуугарч олны анхаарлын төвд авчирч чадсан. Бурхан номын ариун газар, арван цагаан буянтнууд хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг лам нар болон шашны мяндагтангуудын дундаас бас л бөөн хараал зүхэл, доромжлол ирсэн. Гэхдээ тэр даваад гарч чадсан.

Үүний үр дүнд лам хүүхдүүдийн  эрхийг хамгаалах, хараа хяналт тавих хүмүүс олширч, эцэг эх нь ч үр хүүхэддээ санаа тавих нь нэмэгдсэн гэдэг. П.Цэвээн багш олон төсөл хөтөлбөр дээр ажиллаж,  цөөнгүй айлын амьдралыг өөд нь татаж, орон гэртэй болгохыг зорьсон. Тэгж явахдаа нэг зүйл анзаарчээ. Энэ бол унаач хүүхдүүдийн асуудал. Тэрээр баячуудын хороолол гэж нэрлэгддэг Өлзийт хороолол руу очжээ. Баян айлын адууны жүчээнд мориных нь тохомноос дор хувцас өмссөн жаахан хөвгүүд...Ямарч хараа хяналтгүй, зарц барлаг мэт амьдарч байгааг, олон хүүхэд гэмтэж бэртснийг тогтоожээ. “Морь бол уламжлал юм, өв соёл юм. Монгол хүүхэд морь хоёр салшгүй холбоотой” гэдэг уяачид, наадам, цагаан сар болохоор малгайныхаа орой дээр “тод манлай”, “манлай” гэсэн том алтан тэмдэг хаддаг уяач УИХ-ын гишүүдтэй тэр сөргөлдөх шаардлагатай болсон. Эхний ээлжинд ядаж л өвлийн морины уралдааныг зогсоох ёстой хэмээн П.Цэвээн багш Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Засагтай заргалдсан шүүхийн нэхэмжлэх түүнд дахиад л сайн нэр авчирсангүй. Хэвлэлүүдээр “Хужаагийн эрлийз, төслийн мөнгө идэгч, шуналтай авгай, шантаажчин” гэх мэт мэдээллүүд гарч, улс төрчид ээлж дараалан утасдаж, зарим нь сануулах, заналхийлэхийн дундуур “За аятайхан л байгаарай. Гудамжинд нэг өдөр толгой руу чинь тоншчихоод, цус харваад нас барчихсан байна гэсэн эмнэлгийн дүгнэлтийг наадуул чинь гаргаж мэднэ шүү” хэмээн утасдаж, уулзаж, учирлаж эхэлжээ. Гэхдээ П.Цэвээн багш халшираагүй.  Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчидтэй нэгдэн тэмцэж, гурван шатны шүүхээр ялалт байгуулсан. Үүний үр дүнд өвлийн морин уралдааныг зогсоож чадсан юм.

Хүүхдийн эрх, хүний эрхийн төлөө тэмцэгчид яалт ч үгүй засаг төртэй л тэмцэх хэрэгтэй болдог. Зөрчил арилгуулах, хууль тогтоомж, төсөв мөнгө гаргуулахын тулд зарга үүсгэх хэрэгтэй болдог. Хүний эрхийг хүн л зөрчдөг. Харамсалтай нь зөрчил гаргаж байгаа энэ хүмүүс эрх мэдэлтэн эсвэл чинээлэг баячууд, яахаас ч буцахгүй харгис этгээдүүд, архины хамааралтай хүмүүс байдаг. Тиймээс дарамт шахалт, гүтгэлэг доромжлол тасардаггүй гэнэ. Түүнтэй ярилцаж суухад П.Цэвээн багш “Хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах ажил бол нэр төрийн ажил биш шүү. Энэ ажил сэтгэлийн ажил байдаг юм” хэмээн даруухнаар хэлж байсан. Хүүхэд, залуучуудын төлөө хүүхэд байхаасаа ажиллаж, амьдралынхаа 43 жилийг хүүхдийн төлөө зориулсан П.Цэвээн багш “Хүүхдийн эрхийн төлөө ажиллаж байгаа хүмүүс ямар хүн нөхцөлд ажилладаг вэ гэдгийг манайхан мэддэггүй. Нойр хоолгүй зүтгэж яваа тэднийг ямар нэг дуулиан шуугиантай асуудал гараад ирэхээр л бүгд харааж зүхэн ад үзэж, тэр хаана байсан юм, юу хийсэн юм гэж загнадаг. Хэдийгээр Монгол Улс хүүхэд хамгааллын тухай хуультай болсон ч хуулийг хэрэгжүүлэх боловсон хүчин дутмаг, байгаа хэдэн мэргэжилтэн нь ч мэргэшиж чадаагүй, засаг даргаасаа эхлээд шат шатандаа хүүхдийн эрх гэдгийг мэддэггүй хүмүүсийн дунд хүүхдүүд маань өсч байна даа” хэмээн харуусангуй ярьж суусан. 

П.Цэвээн багш маань эдүгээ 60 насны босго алхсан ч гэсэн  Хүүхдийн эрхийн Үндэсний төв гэсэн хаягтай жижигхэн өрөөндөө, хийх ажлуудаа төлөвлөөд л сууж байна. “Та энэ их ажлын хажуугаар өөрийнхөө  хүүхдүүдэд хэр цаг зав гаргаж чаддаг вэ гэсэн миний хатгасан асуултад тэрээр “Үнэнээ хэлэхэд хоёр охиндоо цаг зав гаргаж чадаагүй. Тэд маань аав, өвөөгийнхөө асрамж халамжаар л өсч өндийсөн. Зав гарч гэмээнэ зээ нартаа цаг гаргаж, хоёр охиндоо үзүүлж чадаагүй хайр халамжаа тэд нартаа зориулна гэж боддог юм” гээд гунигтайхан санаа алдсан юм.

Хүүхдийн төлөө 43 жилийн амьдралаа зориулсан П.Цэвээн багшийн хийсэн ажлыг дөрөв, гуравхан хуудсанд багтааж бичнэ гэж байхгүй. Гэхдээ л түүний хийсэн үйл олон хүний амьдралыг өөрчилж чадсан юм. Арвин зузаан намтартай ч алдар гавьяанаас хол, ажил амьдралаа зөвхөн хүүхдийн төлөө зориулсан ийм нэгэн хүн бидний дунд амьдарч байна. 

Б.ЦООЖЧУЛУУНЦЭЦЭГ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв. 

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв. 

Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. 

Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.  

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав

Огноо:

,

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.

СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм. 

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав. 

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.

Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад  хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна. 

Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ. 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..2026/07/22

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдий...

Үйл явдал2026/07/22

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт х...

Үйл явдал2026/07/22

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жу...

Үйл явдал2026/07/22

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын ү...

Хэн юу хэлэв...2026/07/22

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь М...

Үйл явдал2026/07/22

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тог...

Үйл явдал2026/07/22

Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна

Үйл явдал2026/07/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Үйл явдал2026/07/22

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална

Үйл явдал2026/07/21

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэл...

Үйл явдал2026/07/21

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно

Үйл явдал2026/07/21

Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26...

Үйл явдал2026/07/21

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Хэн юу хэлэв...2026/07/21

Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн б...

Үйл явдал2026/07/21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлч...

Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Санал болгох