Дэлхий нийтээр..
“Акашагийн мэдээлэл” буюу зөн билгийн орчин...
Уншигч та бүхний амралтад зориулж "“Акашагийн мэдээлэл” буюу зөн билгийн орчин..." хэмээх танин мэдэхүйн мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээлэлд итгэх эсэх нь зөвхөн уншигч таны мэдэх хэрэг юм шүү...
Ихэнх паранормаль үзэгдлүүд маш нууцлаг, оньсого мэт байдаг тул орчин үеийн эрдэмтэд ийм үзэгдлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгч чаддаггүй. Зөнтэй зүүд, далдыг харах чадвар, үхлийн тухай амьдрал буюу хойд төрөл гээд л өнөөг хүртэл шинжлэх ухааны тайлбаргүй ч хүн төрөлхтөн итгэл үнэмшилтэйгээр ханддаг үзэгдлүүд олон. Бидний олонх ямар нэг нөхцөл байдалтай тулгарахаараа урьд өмнө энэ явдал болж байсан гэдгийг мэдрэх, мөн гэнэт л толгойд нь элдэв сонин бодол зурсхийн орж ирээд хожмоо энэ нь биелэх тохиолдолтой учирч байсан. Үүнийг далдын ид шид, бурхантай холбон тайлбарладаг. Магадгүй үндэстэн бүр өөр өөрийнхөөрөө нэрлэдэг бурхан гэгч ямар нэгэн зүйл оршин тогтнож байгаа хэмээдэг. Ямар нэгэн зүйл, өөр өөрийнхөө нэрлэж байгаа хэмээсний учир нь дэлхий дээр болж буй бүхий л үйл явдлыг хадгалан үлдэж, тархинд мэдээлэл дамжуулдаг био оронзай байдаг аж. Энэ талаар эртний сэцэн мэргэн, сэтгэгчид сайн мэддэг байжээ.
Зөн билэгтнүүдийн оньсого мэт үзэгдлүүдийг судалдаг эрдэмтэд тухайн хүмүүс яг тэр мөчдөө хүлээж авахыг хүсч байгаа дүрслэлийг хэрхэн ухамсараа хүлээн авдаг талаараа тайлбарлаж чаддаггүй гэдгийг онцлон өгүүлдэг. Жишээ татахад Мэрилин Монро амиа хорлосон, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, зөвлөлтийнхөн анх удаа сансарт хиймэл дагуул нисгэсэн, Берлиний хана нурсан зэрэг олон үйл явдлыг урьдаас зөгнөн хэлсэн Америкийн нэрт зөнч эмэгтэй Жин Диксон “Миний зөгнөлийн гол эх сурвалж нь харах явдал. Үргэлж бүх зүйл нарийн тодорхой харагддаг юм. Түүнийг тайлбарлах шаардлагагүй, үзэгдэл миний өмнө нээгдэж, миний зүгээс ямар нэг хичээл зүтгэл шаардагддаггүй” хэмээн ярьсан байдаг. Үүний зэрэгцээ бүхий л зөн билэгчид мэдэхийг хүсч буй тэр зүйлдээ анхаарлаа хичээнгүйлэн төвлөрүүлдэг. Магадгүй энэ нь оюун санаагаараа дамжуулан хүсэлт илгээж байгаагийн хэлбэр байж болох бөгөөд гэхдээ хэнд хандан энэхүү хүсэлтийг тавьж байгаа гэдэг нь мөн л оньсого хэвээр үлдэж байгаа юм.
Харин Америкийн зөн билэгч Эдгар Кейсиг судалж байсан эрдэмтэд арай өөр дүгнэлт хийжээ. Тэрбээр ирээдүйг зөгнөн хэлсэн мэдээллүүдээ “Акашагийн мэдээлэл”-ээс олж “уншдаг” аж. “Акаша” хэмээх ойлголт нь дээд тэнгэрийн мөн чанарыг илтгэх бөгөөд энэ ойлголтыг нэн эртний үед Энэтхэгийн сэтгэгчид ахуйд нэвтрүүлжээ. Энэхүү мөн чанар нь огторгуйд болж буй бүхий л үйл явдлыг шингээн, тэмдэглэж авснаар “Акашагийн мэдээлэл” үүсдэг аж. Акаша гэдэг нь огторгуйд тэмдэглэгдсэн бүхий л үйлдэл, үгсийн ул мөр үлддэг агуу том ном гэсэн үг юм. Харин энэхүү “бичлэгүүд”-ийг гагцхүү гэгээрсэн хүмүүс уншиж чаддаг юм байна. ХХ зуунд “Акашагийн мэдээлэл”-ийг судалж байсан Елена Рерих энэхүү үзэгдлийн тухай ийнхүү өгүүлжээ. “Далдыг харах явдал нь ихэвчлэн одоо болон ойрын ирээдүйд хамааралтай байдаг. Харин өнгөрсөн цаг үед хамаарах нь ховор, тэр дундаа алсын ирээдүйн талаар мэдээлэл ирэх нь бүр ховор. Мөн бидний өнгөрсөн амьдралтай холбоотой үзэгдлүүд орж ирэх нь бүр ховор” гэжээ.
Харин орчин үеийн зөн билэгчид “Акашагийн мэдээлэл” мэтийн үзэгдэлд өөр тайлбар олжээ. Тэдний үзэж байгаагаар өнгөрсөн болон ирээдүйн тухай бүхий л мэдээлэл дэлхийг хамарсан эрчим хүч мэдээллийн оронд хадгалагддаг аж. Энэхүү орон зайд бактер үхсэнээс эхлээд галт уулын дэлбэрэлт хүртэл бүхий л үйл явдал чухал эсэхээс үл хамааран хадгалагдан үлддэг аж. Энэхүү онолыг уламжлалт шинжлэх ухааны эрдэмтэд ч гарган ирсэн гэдгийг энд дурдах хэрэгтэй. Гараг ертөнц дээр асар богино хугацаанд ч гэсэн оршин байсан бүхий л материаллаг объектууд өөрийн гэсэн эрчим хүчний орон болон зохих цацрагтай байдаг.
Энэ нь эд зүйлсийн соронзон орон, газар нутгийн гео соронзон орон, амьд амьтны био орон ба хамгийн гол нь хүний био орон юм. Тэдгээрээс гарч байгаа цацраг нь объектийн шинж чанар төдийгүй энэ объекттой холбоотой болсон бүхий л үйл явдлын тухай мэдээллээр дүүрсэн байдаг. Энэ тохиолдолд ертөнц дээрх бүхий л зүйл хоосноос үүсдэггүй, хаашаа ч алга болдоггүй, бүгд нэг хэлбэрт оршиж байгаад нөгөөд шилждэг гэсэн энерги хадгалагдах хуулийг санах хэрэгтэй. Тэгэхээр дэлхий дээр явагдаж буй бүхий л үйл явдлын мэдээлэл нь биднийг хүрээлэн байх даяаршлын мэдээллийн оронд орж, тэнд үүрд хадгалагдан үлддэг байх нь.
Даяаршлын мэдээллийн орноос бүхий л боломжит цацрагийн төсөөлшгүй бөөгнөрөл гардаг байна. Тэр бүгд нь материаллаг объект болон цаг хугацааны явцад өөрчлөгдөж буй түүний өөрчлөлтүүдийн тухай тодорхой мэдээллийг агуулдаг аж. Үүнийг орон зайд, оролцогч бүр нь өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэж байгаа найрал дуу эгшиглэж байгаатай зүйрлэж болно. Гэхдээ энэхүү “найрал дуу” нь маш том аюулыг өөртөө агуулж байдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Учир нь түүний хэсгүүд нь дуу чимээний чичиргээгээрээ бидний тархины долгионы дотоод чичиргээнд ойрхон байдаг аж.
Профессор Д.И.Дубровскийгийн үзэж байгаагаар даяаршлын мэдээллийн орноос авсан эдгээр импульсуудын боловсруулалт нь бидний мэдрэхүйн дотоод эрхтнүүдээс авсан бүхий л мэдээллийг задлан шинжлэхэд шаардагддаг энергийн алдагдлаас таваас зургаа дахин их энерги шаарддаг аж. Хэрвээ хүн даяаршлын энэхүү орон руу байнга нэвтрэх гарц нээгдсэн бол хүний тархи цахилгаан соронзон бөөгнөрөл дунд учраа мэдэхгүй болох байсан. Гэхдээ цэцэн ухаант байгаль эх бидэнд зориулан серотонин хэмээх найдвартай хамгаалалт бий болгож өгсөн юм. Хүний тархи энэхүү гормоныг тодорхой мэдээллүүдийн дохиог солилцоход зориулагдсан нейронуудын янз бүрийн хэсгүүдийн дотоод холбоонд зориулан ашигладаг байна.
Зөнтэй зүүд бол мэдээллийн дэлхийн банктай холбогдох хамгийн өргөн дэлгэрсэн хувилбар юм. Учир нь серотонин гормон нүдээр харсан дүрслэх үзэгдлийн мэдээллийг харааны төвд дамжуулдаг нейронуудыг боловсруулдаг. Шөнийн цагаар тэдгээр нь ачаалалгүй шахам байдгийн зэрэгцээ мэдрэхүйн дотоод эрхтнүүдээс гарсан дохиог боловсруулахад шаардагддаг дотоод энергийн зарцуулалт буурдаг байна. Энэ үед хүнд серотонин “чимээ” намсаж, мэдээллийг зөвхөн хүлээн авах биш тархины төв боловсруулах боломж олгодог илүүдэл энерги үүсдэг. Ингэснээр зөнтэй зүүд зүүдэлдэг аж.
Тэгэхээр хүмүүс зүүд биеллээ, зүүдээрээ дамжин ирээдүйгээ харлаа гэж ярилцдаг нь ортой төдийгүй, тархины нарийн үйл ажиллагаатай холбоотой болж таарлаа. Гэхдээ ирээдүйг харах үзэгдэл нь эрдэмтдийн хувьд оньсого болоод байгаа цорын ганц үзэгдэл биш ээ.
Хүний тайлбарлаж чадахгүй олон үзэгдлүүд хариултаа нэхэн оршин тогтносоор байгаа, хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг гэдгийг батлан нууцлаг үзэгдлүүдийг үгүйсгэх биш ердөө л олон жилийн судалгааны үр дүнд тайлагдашгүй нууцууд тайлалтай нууц болно гэдгийг хүлээх хэрэгтэй.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
