Дэлхий нийтээр..
Монголын ойн аж ахуйн сургалтын төвд “Төсөөллийн ой” төгөл байгууллаа
“Ногоон Ази сүлжээ” ТББ-ын дэргэдэх Монголын ойн аж ахуйн сургалтын төв нь БНСУ-ын Нийгмийн халамжийн байгууллагын санхүүжилтээр 2017 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байгуулагдсан юм. Энэ хугацаанд Ногоон Ази сүлжээ ТББ-ын ойжуулалтын талбайн ажилчид, нийслэл, орон нутгийн иргэд, хүүхэд залууст уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн байгаль орчин, цөлжилт, хөрсний нөхөн сэргээлт, мод үржүүлэг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, иргэдийн хамтын ажиллагаа, нөхөрлөл, хоршооны сургалтыг зохион байгуулж ирсэн билээ.
Өнгөрөгч бямба гаригт тус төвийн дэргэд “Төсөөллийн ой” төгөлийн нарс мод тарих арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр, СБД-ийн 16 хорооны Засаг дарга Б.Эрдэнэсүх, СБД-ийн 18 хорооны Засаг дарга Ц.Цогт-Од, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Батболд, “Ногоон Ази сүлжээ” ТББ –ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, “My club” -ийн гишүүд болон мод тарихаар ирсэн сайн дурынхан оролцов.
Ногоон Ази сүлжээ ТББ-ын зүгээс сайн дурынханд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар мэдээлэл өгч, дараа нь мод тарих зааварчилгааг өгсөн юм. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд бий болгож байгаа энэхүү нарсан ойн төгөлийг байгуулах ажилд сайн дурынхан оролцсоноор байгаль орчинд анхаарал тавих хүмүүсийн тоо нэмэгдэнэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
“Төсөөллийн ой” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хорооны 300 өрхөд чацарганы мод хүлээлгэн өглөө
“Ногоон Ази сүлжээ” ТББ –ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху
“Төсөөллийн ой “ төгөлийг бий болгох ажилд гар бие оролцохоор ирсэнд баярлалаа. Саяхан НҮБ-ын Ерөнхий асамблейн дээд хэмжээний 76 дугаар чуулган дээр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цөлжилт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилгоор 2030 он гэхэд Монголдоо нэг тэрбум мод тарина” гэж амласан. Мод тарих маш чухал. Гэхдээ тэр модыг тасралтгүй тогтмол арчлах нь бүр ч чухал ажил юм. Ногоон Ази сүлжээ ТББ нь 4 аймгийн 7 сум, нийслэлийн 2 дүүрэгт ойжуулалтын талбай байгуулан 800 га талбайд 800 мянган гаруй мод тарьсан байна.
Тарьсан модныхоо тогтвортой арчилгааг хангах үүднээс иргэдийг сургаж, дадлагажуулах Монголын ойн аж ахуйн сургалтын төвийг байгуулж, БОАЖЯ-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. БОАЖ-ийн сайдын санаачилсан “Нэг өрх-нэг мод” аянг НЗДТГ-тай хамтран дэмжин ажиллаж ирлээ. Тус аянд 6000 суулгац, Архангай аймгийн Өлзийт суманд 600 ширхэг суулгац хандивласан. 2021 оны хувьд ойжуулалтын орон нутгийн талбайнууддаа 50 мянга орчим модыг тарилаа. Энэ 7 хоногт “Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Монголын ойн аж ахуйн сургалтын төвдөө Солонгосын хөрөнгө оруулалтаар “Төсөөллийн ой” төгөл байгуулах шинэ төсөл эхлүүллээ.
Энэ төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хорооны 300 өрхөд чацарганы мод хүлээлгэн өгч, тарилт, арчлалтын сургалт өгөөд байна. Би Монголд амьдраад 11 жил боллоо. Миний мөрөөдөл бол Ногоон Монголыг бий болгох. Энэ мөрөөдлийг би ганцаараа мөрөөдөөд бүтэшгүй зүйл. Харин та бүхэнтэй хамтдаа биелүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой юм. Бид бүгдийг дэмжин цаашдаа хамтран ажиллавал миний мөрөөдөл биелэх болно. Гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах нарсан ойн төгөл маань цаашдаа “Ногоон Монгол”-ын төлөөх хамтын ажил болон үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Баярлалаа”.
Монгол улсын нийт газар нутгийн 76,9 хувь буюу 120 сая га газар цөлжилтөд өртсөн
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр
Монгол Улсын Ерөнхийлөгч 2021-2030 онд тэрбум мод тарих уриалга гарсан. Энэ бол цөлжилт, газрын доройтлыг бууруулах гол тулгуур юм. Монгол улсын нийт газар нутгийн 76,9 хувь буюу 120 сая га газар цөлжилтөд өртсөн. Мөн ойгоор бүрхэгдсэн талбай манай нийт газар нутгийн 7,9 хувийг эзэлдэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 8,6 хувьд хүргэх зорилт тавьсан тул манай байгууллага, төр болон төрийн бус байгууллагууд мод тарих чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн цөл, ойт хээрийн бүсэд модыг хэрхэн яаж тарьж, ургуулах талаар бүх их дээд сургууль, МСҮТ-үүдэд мэргэжлийн боловсрон хүчин бэлтгэхэд анхаарал хандуулж ажиллах цаг үе ирж байна. Ногоон ази сүлжээ ТББ маань БОАЖ-ын сайдын “Нэг өрх-нэг мод- аянд нэгдэж, мод тарих аргыг зааж сурган сургалтын үйл ажиллагаа явуулж байгаад баярлалаа. Дэлхийн стандартаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийслэлийн иргэн бүрийн, өрх бүрийн оролцоо хэрэгтэй. Мод тарихад тодорхой мэдлэг, хүч хөдөлмөр ордог. Энд ирсэн та бүхэн мод тарих арга ухаанд суралцаж, мэдсэн чадсан бүхнээ бусдад түгээж, үргэлжлүүлэн сургахад анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.
Нийслэл хотын хөгжил гэр хорооллоос эхлэх учиртай
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга, Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх
Өвлийн улиралд нийслэл хотын маань агаарын бохирдол ямар болдог билээ. Нийслэл хотын хөгжил гэр хорооллоос эхлэх учиртай. Тиймээс Ногоон ази сүлжээ ТББ маань гэр хороолол руу чиглэсэн ажил хийж байгаад үнэхээр баяртай байна. Манай хорооны иргэдэд 1000 ширхэг чацарганы суулгац хандивласан. Иргэд маань ирэх жилээс чацаргана тарьсан үр шимээ хүртэж, амьсгалах агаар, амьдрах орчин нь ч цэвэр болно. Энэ ажлыг хийж байгаа бүх хүмүүст баярлалаа. Идэвхтэн сайн дурынхан залуучууддаа баярлалаа.
Саяхан Монгол Улсын ерөнхийлөгч маань Нэг тэрбум мод тарих уриалга дэвшүүлсэн. Бид ямар нэг улс төр, нам эвсэл гэж талцалгүй амьдарч байгаа орчноо сайхан болгож, хөрс болон агаарын бохирдолыг бууруулахын тулд мод тарих хэрэгтэй. Яагаад гэвэл бидний хойч үеийнхэний амьдрах орчин. Тэрбум модоо тарьж чадвал үнэхээрийн сайхан орчинг хойч үедээ үлдээнэ. Мод тарих бол энэ насны буян гэдэг. Арчлахдаа нялх хүүхдээ өсгөх мэт анхаарлаа хандуулж, мод тарих сургалт явуулж, хүмүүсийг мэдлэгтэй, чадвартай болгодогт баярлалаа. Өнгөрсөн онд манай хорооны 60 айлд утаагүй зуух үнэгүй өгч, түлшийг нь хямдралтай борлуулсан. Гэр хорооллын иргэдийн төлөө маш их ажил хийж байгаад талархаж байна.
Байгаль орчноо хайрлаж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд тустай маш том дэмжлэг үзүүллээ
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Ц.Цогт-Од
Мод тарихаар ирсэн залуучууд та бүхнээр бахархаж байна. “Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян” гэдэг. Та бүхэн ирээдүйд илүү олон залуусыг эгнээндээ нэгтгээрэй. Хорооны иргэдэд маань 500 мод хандивласанд баярлалаа. Байгаль орчноо хайрлаж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд тустай маш том дэмжлэг юм. “Төсөөллийн ой” төгөл маань улам сайхан ургаж, ирээдүйд амарч зугаалах аятай таатай орчин болно гэдэгт итгэж байна.
Бодитоор нүүрлэсэн цөлжилтийг сааруулах арга бол ойжуулах юм
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Батболд
Байгаль хамгаалагч хүний хувьд Ногоон Ази сүлжээ ТББ -ын үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн. Дэлхий дээр Солонгос хүмүүсээс илүү мод тарьдаг улс байхгүй. Яагаад гэвэл 1953 онд Солонгосын хойгийн дайн дуусахад нэг ч модгүй болсон, гэхдээ өнөөдөр битүү ойжуулж чадсан. Тэр ард түмний төлөөлөл Шин Ги Ху дарга Ногоон ази сүлжээ ТББ-ыг ахлаад, мод тарих ажилд сэтгэл гарган ажилладагт талархаж байна. Монголчуудын амьдралд гол үүрэгтэй мал аж ахуй маань бэлчээрээс шууд хамааралтай. Бэлчээрийн цөлжилт Монгол орны төдийгүй малчдын амьдралд шууд нөлөөлж, мэдрэгдээд эхэлсэн. Бодитоор нүүрлэсэн цөлжилтийг сааруулах арга бол ойжуулах юм. Тийм ч учраас Монголчууд ойжуулах ажил үнэхээр чухал гэдгийг ойлгож мэдэрсэн.
Эрдэмтэдийн судалгаагаар Монгол улсын 70 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн талаар ярьж байна. Монгол орон маань урд хэсгээрээ цөл, зүүн хэсэг нь тал хээр, баруун талдаа өндөр уулс, хойд хэсэгтээ ой модтой, төв хэсэг нь холимог тогтоцтой. Хээр тал ихэнхийг нь эзэлж, цөлөрхөг хэсэг нь хойшлоод байгаа. Өөрөөр хэлбэл малчдын амьдрах орчин тэр чигтээ өөрчлөгдөж байна. Өнөөдөр хүмүүсийн ухамсарт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдэг бодол суугаад эхэлчихсэн байна. Миний мэдэхээр 20 жилийн өмнө Монголчууд мод тарихаар ирэх нь цөөхөн байсан. Харин өнөөдөр сайн дураар мод тарих хүмүүс эрс нэмэгдсэн байна. Хүмүүсийн ухамсар сэтгэхүйд өөрчлөлт орсон байна.
Сайн дурынхан: Мод тарих нь ирээдүй хойч үедээ үлдээж байгаа бидний өв
Манай дүү анх мод тарих сайн дурын ажил байна гээд судлаад үзтэл Ногоон ази сүлжээ ТББ маань маш олон газар мод тарьдаг болохыг мэдсэн. Хоёул хамтдаа ирсэн. Би сайн дурын ажил их хийдэг, манай дүү мод тарих ажилд анх удаа оролцож байгаа. Ер нь мод тарина гэдэг маш сайхан буянтай ажил. Би зусландаа зөндөө мод тарьсан. Бидний хувьд Ерөнхийлөгчийн нэг тэрбум мод тарих уриалгад нэгдсэндээ баяртай байна. Мод тарих нь өөрөө байгаль орчинд маш ээлтэй ажил. Энд дандаа залуучууд зорьж ирсэн байна. Анх 20 хүн бүртгэнэ гэсэн ч 200 гаруй хүн холбогдсон гэнэ. Сайн дураараа ажиллах хүн олон болж байгаа нь үнэхээр сайхан. Би 2013 оноос хойш сайн дурын ажилд оролцож байна. Миний хувьд 2 хүүхэдтэй, мод тарих нь ирээдүй хойч үедээ үлдээж байгаа бидний өв гэж боддог.
Бид 15 настай. Өмнө нь мод тарьж үзээгүй учраас энэ жил мод тарьж үзэхийг төлөвлөсөн байсан. Сайн дурынханыг мод тарихад уриалсан мэдээллийг хараад бүртгүүлсэн. Мод тарих их сайхан санагдаж байна. Хүмүүс нь ч их сайхан халуун дулаанаар хүлээн авч, мод тарих аргыг маш сайн зааж зөвлөлөө. Мод тарих хэцүү гэж бодож байсан. Энэ жил зориглоод ирсэн чинь амархан санагдлаа. Мэдээж арчилж тордоход цаг хугацаа, анхаарал орох байх. Гэхдээ энд ажилладаг хүмүүс маш сайн анхаарна итгэж байгаа. Залуу үеэ төлөөлөөд ирсэндээ бахархаж байна. Бидний хийсэн ажил Улаанбаатар хотын хойд хэсэгт байх гэр хорооллын агаарыг цэвэршүүлэхэд чухал үүрэгтэй гэж бодохоор сайхан байна. Бас найз нөхөддөө хийсэн ажлаа хэлж, сайн дурын ажил хийх хэрэгтэй гэж уриална.
Дашрамд дуулгахад, Монголын ойн аж ахуйн сургалтын төвийн үйл ажиллагааг хариуцан явуулж байгаа “Ногоон Ази сүлжээ” ТББ нь уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий, шар шороон шуурга, цөлжилтийг сааруулж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хүүхэд залуучуудын байгаль орчны сургалт, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд судалгаа шинжилгээ зэрэг олон ажлуудыг хийж байна. Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумд, нийслэлийн Багануур, Сүхбаатар дүүрэг, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Төв аймгийн Аргалант, Баянцогт, Эрдэнэ сумд, Архангай аймгийн Өгийнуур суманд ойжуулалтын талбайг тус тус байгуулсан. Өнөөдрийн байдлаар “Ногоон Ази сүлжээ” ТББ нь Монгол орны хэмжээнд нийт 800 орчим га газарт 800 мянга орчим модыг тарьж ургуулаад байна. Өнгөрсөн жил БНСУ-ын Ойн агентлаг, Инчеон хотын Олон улсын нисэх онгоцны буудалтай хамтран сайжруулсан зуух, байгальд ээлтэй түлш нийлүүлэх төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаагийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах эко тосгон байгуулах төсөлтэй уялдаа холбоотойгоор хот суурин газрын нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах ногоон хөгжлийн жишиг загвар болно хэмээн харж байна.








Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Тод зураг2020/03/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Хэн юу хэлэв...2026/06/30
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх...
-
Дэлхий нийтээр..2021/05/07
Санхүүгийн салбарын 2021 оны нэгдүгээр улирлын тойм мэдээллээ танилцууллаа
-
Хэн юу хэлэв...2020/12/31
Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төри...
