Хэн юу хэлэв...
Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн идэвхжлээс хамаарч мөнгөний бодлогын тохируулга хийнэ
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Тѳв банкнаас ирэх онд хэрэгжүүлэх бодлогын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Жил бүрийн намар Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Инфляцын түвшин 8.9%-д хүрч Тѳв банкны 6+/-2% интервалтай зорилтыг даваад байгаа энэ үед мѳнгѳний бодлогын зорилтоо хэрхэн тодорхойлсон нь анхаарал татаж байна?
-Ирэх оны бодлого маань үндсэндээ цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохоон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байгаа.
Инфляцын хувьд Тѳв банкны зорилтыг цэгэн зорилт бус, интервалтай утгаар тогтоосноор эдийн засгийг мѳнгѳний зѳѳлѳн бодлогоор дэмжих орон зайг олгож буйг онцлох нь зүйтэй. Тухайлбал, цар тахлын сорилтын үед бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалан иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн зардал, зээлийн хүүг бага байлгахад чухал хѳшүүрэг болж байна. Иймд түр зуурын шалтгаанаар инфляц зорилтоос давахыг зѳвшѳѳрѳх ч дунд хугацаанд 6+/-2% интервалд хадгалах зорилго маань хэвээр үргэлжилнэ. Ѳѳрѳѳр хэлбэл, цар тахлын үед нийлүүлэлтийн эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх эрсдэл үүсч болох ч, мѳнгѳний бодлогын хариу үйлдлийг эдийн засгийн идэвхжлээс хамааруулан тохируулга хийнэ гэсэн үг. Мэдээж зарим нэг тохируулгын арга хэмжээг аваад эхэлсэн байгаа.
-2021 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор банкны системд реформын шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж байна. Энэ хүрээнд системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлд гарч, олон нийтэд хувьцаагаа санал болгох тун дөхжээ. Монголбанк 2022 онд банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Энэ чиглэлд гурван үндсэн зорилтыг дэвшүүлээд байна. Нэгдүгээрт, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монголбанк Ковид-19 цар тахлаас үүдэн 2020 онд эдийн засаг болон санхүүгийн мөчлөгийн огцом уналт бий болж, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдах нөхцөл байдал үүссэнийг харгалзан иргэд, аж ахуй нэгжүүдийг хамгаалах, банкны секторын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн. Тухайлбал, төлбөрийн хүндрэлд орсон 146,704 зээлдэгчийн 1.2 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2,249 ААН-ийн 2.6 их наяд төгрөгийн бизнесийн зээл, 59,926 өрхийн 3.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна (2021 оны 6 дугаар сарын байдлаар). Өөрөөр хэлбэл, банкны системээс гаргасан нийт зээлийн 27.2 хувьд бүтцийн өөрчлөлт хийжээ. Цаашид цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдүүлж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг 2021 оны 6 дугаар сард баталсны дагуу банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, актив хөрөнгийг ангилахтай холбоотой шаардлагуудыг шат дараатайгаар хэвийн горимд шилжүүлэх болно. Ингэхдээ эдийн засгийн сэргэлттэй уялдуулан шат дараатай арга хэмжээ авах юм.
Хоёрдугаарт, банкны IPO нь 2022 оны эдийн засаг, санхүүгийн зах зээлд нѳлѳѳлѳх томоохон үйл явдал байна. Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани, бусад банкийг хувьцаат компани хэлбэртэй байх зохицуулалт орсон. Иймд хувьцаат компани хэлбэртэй банкны хяналт шалгалт болон зохицуулалтыг хэрэгжүүлж, системийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ хѳрѳнгѳ оруулагчдад таатай орчныг бүрдүүлэх нь ирэх оны нэг том зорилт, ажил болоод байна.
Гуравдугаарт, Монголбанк банкны салбарын эрх зүйн орчин, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох ажлаа тасралтгүй үргэлжлүүлж, хууль тогтоогч байгууллагатай хамтран ажиллана.
-Технологийн хөгжилтэй зэрэгцээд дотоодод финтек компаниудын тоо нэмэгдэж, олон төрлийн төлбөрийн үйлчилгээг санал болгож байна. Монголбанк төлбөр тооцооны энэхүү хөгжлийг хэрхэн хүлээн авч байна вэ, криптовалют койнууд дээр ямар байр суурьтай байна вэ?
-Монголбанк санхүүгийн зах зээлийг хѳгжүүлэх зорилгын хүрээнд шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжих бодлого баримталж байгаа. Ингэхдээ Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргээ хэрэгжүүлнэ. Технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн Монголд төдийгүй дэлхийн бусад орнуудын зохицуулагч байгууллагуудын бодлого шийдвэр, зохицуулалтын орчин, дотоод зохион байгуулалт нь хурдацтай даган шинэчлэгдэж буй. Тиймээс шаардлагатай зохицуулалтын орчныг тухай бүр шинэчилж, төлбөрийн системд тавих хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн төгрөгт итгэх итгэл, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Харин сүүлийн үед зах зээлд гараад буй криптовалют, койнууд нь үүнээс өөр буюу албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш бөгөөд иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа. Монголбанк ажлын хэсэг байгуулан дижитал мѳнгѳ, цахим мѳнгѳний талаар томоохон хэмжээний судалгаа хийж буй.
-2020 оны 10 дугаар сард ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг 6% хүргэж бууруулсан. Цаашид Монголбанк орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү. Цар тахлын хүнд үед Засгийн газартай хэрхэн уялдаж ажиллах вэ?
-Энэхүү хөтөлбөрийг анх хэрэгжиж эхэлснээс хойш 95 мянга гаруй хүн хамрагдаж орон сууцтай болсон байна. Хүүг бууруулж 6% болгосноос хойш л гэхэд 6,288 өрхөд 457.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Ипотекийн хөнгөлттэй зээлийн хөтөлбөр нь дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, агаар, орчны бохирдол болон орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зэрэг бидэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх олон талын ач холбогдолтой. Гэхдээ хөнгөлөлттэй санхүүжилт учир Төв банкны мөнгөний бодлогын зорилттой нийцдэггүй. Тиймээс үндсэн чиглэлийн төсөлд тусгаснаар Монголбанк ипотекийн зээлиййн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хугацаанд Засгийн газар, Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр зээлийг шийдвэрлэнэ гэсэн үг. Нийгмийн олон талын ач холбогдолтой хөтөлбөр учир тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь зүйтэй гэж төв банк үзэж буй юм. Урт хугацаандаа олон улсын жишигт нийцсэн тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь илүү чухал.
Мөн ирэх жил ₮10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гарч буй ажлын байр, хөдөө аж ахуйг дэмжих, репо санхүүжилтийн зээл болон бусад төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн хяналтыг үргэлжлүүлж, Засгийн газартай уялдаа холбоотой ажиллана.
- Цар тахлын үеийн эдийн засгийн сорилтуудаас гадна Монгол Улсад урт хугацаанд шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг энэ удаагийн тѳсѳлд тусгасан байна. Тэгш бус байдал, байгаль орчны асуудлууд нь одоо л анхаарлаа хандуулахгүй бол ирээдүйд эдийн засагт, санхүүгийн системд эрсдэл учруулах зүйлс мѳн үү?
-Дэлхий нийтээрээ л уур амьсгалын ѳѳрчлѳлт, эдийн засгийн тэгш бус байдлын сѳрѳг нѳлѳѳллийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Монгол Улсын хувьд ч ялангуяа, цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү ѳртѳж, эдийн засгийн ѳсѳлтийн хүртээмжтэй байдлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Төв банк эдийн засгийн бодлогын гол институцийн хувьд макро эдийн засгийн тогтвортой байдлын талаас ч тэр, санхүүгийн салбарын тогтвортой байдал болон хѳгжил, санхүүгийн хүртээмж болон гүнзгийрэлт, засаглалын чанараар дамжуулан хүртээмжтэй өсөлтийг бий болгох хѳрсийг бүрдүүлэхэд анхаарна. Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд зѳвхѳн мал аж ахуй, газар тариалан гэлтгүй эдийн засгийн бүхий л салбарт нѳлѳѳлж, улмаар санхүүгийн секторт тусгалаа олох эрсдэл юм. Иймд хүрээлэн буй орчин доройтох нь эдийн засгийг улам л эмзэг болгох тул зайлшгүй анхаарал хандуулах сэдэв юм. Эдгээр асуудалд зохицуулагч байгууллагууд хамтран дорвитой шийдэл, гарах гарц, гаргалгааг бий болгох нь нэн чухал байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
