Тод мэдээ
Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм.
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт байрлах "Гоожингийн өндөр" хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг 2014 оноос эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа аж. Тэд тухайн барилгыг нийслэлийн соёлын дурсгалт өвөөр бүртгүүлэх, эсвэл барилгыг буулгаж, дахин барилга барих зөвшөөрөл авах хүсэлтэйгээ илэрхийллээ. Тус байгууламжийг 2008 онд Баянзүрх дүүргийн, 2015 онд нийслэлийн хамгаалалтад авчээ. Мөн 2016 онд тухайн барилгын газар болон барилгын үнэлгээ хийх Ажлын хэсэг, 2018 онд тухайн асуудлыг судлах Ажлын хэсэг гарч байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч тухайн барилгыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн М.Болормаа Хан-Уул дүүргийн Богдхан уулын Зайсан-Баруун, Зүүн ширээт рүү иргэд эрүүл мэнддээ анхаарч алхдаг. Мөн гадаадын иргэд ч алхаж байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, түүнчлэн аялал жуулчлалаа хөгжүүлэх үүднээс явган аяллын замын тохижилтод саналаа илэрхийлж, аль болох байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Чинзориг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилладаг байна. “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн CU сүлжээ дэлгүүр нь 120 салбартай бөгөөд 23 салбарын эрхийг авсан франчайз эзэмшигчдийг 24 цагаар ажиллах боломжоор хангаж өгөхийг хүслээ. Цар тахлын улмаас улаан түвшинд байгаа энэ үед ямар ч аж ахуйн нэгж 24 цагаар ажиллах боломжгүй байгаа тул халдварын тархалт буурч, энгийн түвшинд очихоор асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч хэллээ.
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн З.Цэнгэлсайхан уран хатгамалчдыг дэмжих "Эгнэшгүй санаа" төв НҮТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тэрбээр монгол үндэстнийхээ уламжлалт хатгамлыг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс гар урлалын бүтээл туурвих боломжтой байрны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын холбогдох хүмүүст тохиромжтой байр судлахыг даалгав. Мөн гар урлалын бүтээлүүдээ ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэх үйлсэд амжилт хүсэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй ээлж дараалан уулзаж байгаа юм.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Өнөөдөр2020/06/06
Түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна
-
Өнөөдөр2019/06/11
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
-
Тод зураг2020/05/06
Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар авдаг боллоо
-
Тод мэдээ2024/06/19
Шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ булга...