Дэлхий нийтээр..
Ж.Батбаясгалан: Хүслийн жагсаалт биш хөгжлийн бодит төлөвлөгөөн дээр хөрөнгө оруулагчдаа урьж байна
Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулж, хэлэлцүүлэх “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өнөөдөр боллоо. Форумд Улсын Их Хурлын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, гадаад улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулсан бол, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нээгдсэн шинэ боломжууд, төр хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шинэ төслүүд, авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга замын талаар ажил хариуцсан албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр “Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээв. Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн зураг 2040”-ийн хүрээнд хотыг хоёр шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй болгож, зам, гүүр, уулзвар, гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн юм. Ингэснээр Улаанбаатар хот дахь автомашины дундаж хурд 22.5 км болно гэж тооцжээ.



Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан нийслэл хотод эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Түр хороо нийслэлтэй холбоотой хуулиудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг онцоллоо. Энэхүү эрх зүйн боломжийг ашиглаж чадвал нийслэлд 4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Батмөнх хэлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Улаанбаатар хотод хоёр сайн найз байх ёстой бөгөөд нэг нь хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид байна” гэдгийг тодотгов. Харин хоёр дахь нь сайн технологиуд байх аж.

Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэл хот эдийн засгаа өргөжүүлэх нэрээр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй бөгөөд харин тэднийг дэмжиж, хамтран ажиллана. Ингэж бид нийслэлийн эдийн засгийг тэлэхийг зорьж байна” гэсэн бол Нийслэлийн хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар орон сууцны салбарт хөрөнгөөр баталгаажсан бонд арилжихаар зорьж байгааг дуулгалаа.
“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум-ыг хааж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын хамгийн том суурь нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль юм. Улсын Их Хурал, Засгийн газраас нийслэл хотод урьд өмнө байгаагүй том дэмжлэг үзүүлсэн нь энэхүү эрх зүйн шинэчлэлт. Тэгвэл дараагийн том дэмжлэгийг бидэнд үзүүлэхээр УИХ дээр эдийн засгийн орчныг сайжруулах 16 хууль дээр ажиллаж байна. Эдгээр хуулийн өөрчлөлт, шинэчлэлт нь өнөөдрийн бидний хэлэлцэж буй хөгжлийн төлөвлөгөөг хурдасгах боломжийг бий болгоно. Одоо гагцхүү бид төлөвлөсөн эдгээр ажлаа хэрэгжүүлэх нь чухал байна. Бид төр хувийн хэвшил, бизнесийнхэн, олон улсын донор байгууллага, суурин төлөөлөгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Гэхдээ энэ хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгаагүй биш байсан. Гагцхүү бид зөвхөн тулгамдсан асуудлаар хүслийн жагсаалт хийж байснаас хөгжлийн төлөвлөгөөгөө Техник эдийн засгийн үндэслэлтэй гаргаагүй юм байна. Харин одоо хүслийн жагсаалтаа хөгжлийн бодит төлөвлөгөө болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа урьж байна. Хамтдаа хэрэгжүүлцгээе. ” гэлээ.


Дэлхий нийтээр..
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
Дэлхий нийтээр..
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
-
Дэлхий нийтээр..2023/10/03
ШӨХТГ-аас торгосон 20 сая төгрөгийг “Хасбанк” төлжээ
-
Дэлхий нийтээр..2024/09/19
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно
-
Үйл явдал2025/05/29
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тог...
-
Дэлхий нийтээр..2023/08/28
Энэ хичээлийн жил 4 улирлын бүтэцтэй байна
