Дэлхий нийтээр..
Гадаадад суугаа монголчуудад хөрөнгийн зах зээлд оролцох үүд нээгдлээ
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэх, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудтай байнга хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад хөрөнгийн зах зээлд хялбар, шуурхай байдлаар оролцох бололцоог бүрдүүлэх, зах зээлд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварын түвшинг сайжруулах цаашлаад хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн ажлыг эхлүүлж байна.
Тодруулбал, “Хай пэймэнт солюшнс” ХХК, “Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК хамтран HiPay аппликейшн ашиглаж гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад онлайнаар цахим мөнгөний болон үнэт цаасны данс нээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад ХК-аас ногдол ашгаа авах, цахим мөнгө ашиглаж хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, “Стоклаб секьюритиз” ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар баталсан “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ын хүрээнд Хороо “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах компанийн бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, холбогдох зөвшөөрлийг өгсөн. Ингэснээр Монпэй аппликейшн /Monpay/ ашиглах замаар компанийн бондыг анхдагч зах зээлд санал болгон худалдаж, шаардлагатай санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлж, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдсанаас хойш анх удаа цахим мөнгөөр дамжуулж үнэт цаас худалдан авсан.

Харин энэ удаад гадаадад байгаа монголчууддаа дотоодын хөрөнгийн зах зээлд хялбар, шуурхай байдлаар оролцох бололцоог бүрдүүлж, зах зээлд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварын түвшинг сайжруулахаар ажиллаж байгаад талархалтай байна. Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэд технологийг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хувийн хэвшлээс хэрэгжүүлж буй санал, санаачлагыг бодлого, зохицуулалтаар дэмжиж, хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.
Санхүүгийн зохицуулах хороо УИХ, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгүүдэд туссан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч санал, санаачлагуудыг байнга дэмжиж ажилладаг бөгөөд энэ удаад технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээнд шинээр нэвтрүүлж буй үйлчилгээтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хууль, журам, дүрмийн хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
