Тод мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа
УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаан 14 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-т "нэгдсэн хуралдаанд УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүй ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ" гэснийг онцлов.
Ингээд УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүнээс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгосон.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь янз бүр байна. Нөгөө талаар Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв, бурууг шүүх эрхтэй субъект байхгүй. Энэ нөхцөлд Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар цэцийн эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх, цаашид ийм маргаантай нөхцөл байдлыг давтуулахгүй байх зохицуулалтыг хийх нь түүний Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж үзэж байна гэж байлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлд зааснаар төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль болон холбогдох хуульд заасан журмын дагуу тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрх Монгол Улсын Их Хуралд хадгалагддаг. Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол эрх зүй, хуулийн хэрэглээний практикт өмнө нь гарч байгаагүй нөхцөл байдал үүсгэсэн.
Мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулах, Үндсэн хуульд кодификац хийх албан ёсны эрх болгон хадгалах, хэвлэн нийтлэхэд хуулийн зарим зохицуулалт хийх шаардлага гарсан тул дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Эдгээр хуулиудыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол УИХ-ын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд миний бие 62 гишүүний хамтаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн гэв.

Мөн тэрбээр, Үндсэн хууль нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр - эрх зүйн тулгуур баримт бичиг болдог билээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална." гэсэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн энэ хуулийн төслийг боловсруулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ийнхүү эцэслэн баталгаажуулах нь Үндсэн хууль, бусад хуулийг зөвхөн Монгол Улсын Их Хурал баталж байх бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа явдал гэж хууль санаачлагч үзэж байна гэлээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан.

Тэрбээр санал, дүгнэлтдээ, Байнгын хороо 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлоод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу зүйл, хэсэг, заалт тус бүрээр нийт 2 санал хураахад тус бүр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 92.9 хувь нь дэмжсэн гэж байлаа.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, С.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасны дагуу “Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар санал хураан шийдвэрлэнэ” гэсний дагуу хэлэлцлээ.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураалт явуулахад, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй буюу 96,8 хувь нь дэмжив.
Иймд хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, чуулганы хуралдаан түр завсарласан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг онцлоод Байнгын хороо 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хоер дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэж байлаа.

Байнгын хороо төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлээгүйг тодотгоод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн саналыг нэгтгэж, эцсийн хувилбарыг бэлтгэснийг Ж.Мөнхбат гишүүн танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлсний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй буюу 98.4 хувь нь дэмжлээ.
Тод мэдээ
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнгөрөгч сард байгуулсан. Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.
Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг барих юм.
Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ.

Тод мэдээ
Хром, хар тугалгын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-9 дахин их илэрч байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй цэгт хөрсний сорьц авч агро химийн болон хүнд металлын 16 төрлийн бохирдуулах бодисын хэмжээг MNS стандарт аргачлалын дагуу тодорхойлж байна.
2020-2024 онуудын хүнд металлын хяналт шинжилгээний дүнгээр Цинк, Стронци тогтвортой бууралттай, Хар тугалаг, Хром, Цайр өсөх хандлагатай, Зэс, Кобальтын агууламж бага зэрэг хэлбэлзэлтэй, Мөнгөн ус, Bорын агууламж 2024 онд бараг тэг болж буурсан байна.
Хром, хар туглагын бохирдол Монгол Улсын хөрсний эрүүл ахуй MNS5850:2019 стандартаас 3-9 дахин их илэрч байгаа ба Харгиа арьс ширний үйлвэрийн орчим, Цагаан чулуутын хогийн цэгийн орчим, ДЦС-3 орчимд стандарт хэмжээнээс их, бусад цэгүүдэд стандарт хэмжээнээс даваагүй ч, байгалийн Фон хэмжээнээс өндөр агууламжтай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тод мэдээ
АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 898 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв.
-
Тод мэдээ2023/02/09
ЗГ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж&r...
-
Өнөөдөр2019/12/20
Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
-
Тод мэдээ2021/11/17
Төрийн албаны ерөнхий шалгалт долоо хоног үргэлжилнэ
-
Тод мэдээ2022/04/28
Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө
