Хэн юу хэлэв...
УИХ-ын ээлжит бус чуулганы хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг
Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна.
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлаа бүрэн шийдвэрлэснээр ийнхүү өндөрлөж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн хэсгийг хүчингүй болгосонтой холбоотой асуудлыг Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит бус чуулганаараа хэлэлцэв. Ингэхдээ,
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болсон, түүнийг шүүн хэлэлцэх боломж хуулийн хязгаарлалттайг үндэслэж;
Хоёрдугаарт, Цэцийн эцсийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх, Улсын Их Хурал, Үндсэн хуулийн Цэцийн хооронд эрх зүйн ямар нэгэн зөрчил үүсгэхгүй байх зарчмыг баримталж;
Гуравдугаарт, Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдах Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгож;
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх бүхий цорын ганц субъектийн хувьд Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад зохих тодотгол хийсний үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталгаажууллаа.
Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан учир түүнд нийцүүлэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулах тухай саналаа өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэлээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөлөө.
Одоо хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн хүсэж буй хүлээлтэд нийцүүлж, тулгамдсан болон бодлогын асуудлуудаа шуурхай, хурдтай шийдвэрлэж, бодит үр дүнд хүргэж ажиллах үүрэг шинэчлэгдсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд ногдож байна.
Монгол Улсын Их Хурал Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг бүрэн дэмжиж, гар сэтгэл нийлж ажиллахын зэрэгцээ, хяналт хариуцлага, сахилга ёс зүйг шаардаж ажиллах болно.
Эрхэм нөхөд өө,
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг энэ чуулганаар сонссон.
Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Боловсрол, шинжлэх ухааны сайдуудын мэдээллийг Байнгын хороодоор сонсож, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцсан.
Эдгээр нь Засгийн газрын ойрын үед зайлшгүй анхаарах учиртай өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт гэх мэт онцгой чухал асуудлууд юм.
Ирэх өвөл амаргүй нөхцөл байдал үүсэж мэдэх нь судалгаа, ажиглалт, дотоод, гадаад олон хүчин зүйлээс тодорхой байна. Тиймээс мал сүргийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, хадлан тэжээлийн нөөцийг шаардлагатай түвшинд бүрдүүлэх нь чухал байна.
Түлш шатахууны үнийг тогтворжуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барих, цахилгаан, дулааны хангамжаа тасалдуулахгүй байх, алдагдлыг бууруулах, зардлыг хэмнэхэд онцгой анхаарах шаардлагатай.
Цар тахлын дахин дэгдэлтээс сэргийлэх, эмнэлэг, боловсролын байгууллагуудын бэлтгэлийг бүрэн хангах, дотоодоос хангах боломжтой хүнсний хангамжийн найдвартай нөөц бүрдүүлэх, Төрийн хэмнэлтийн хуулийг ёсчлон хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зэрэг чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар хамтарч ажиллах нь зайлшгүй шаардлага болж байна.
Тиймээс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагууд Улсын Их Хурлын намрын чуулган эхлэх хүртэлх хугацаанд шахуу хуваариар ажиллаж, зохих шийдвэрүүдийг гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлэх ёстойг сануулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Сарын дараа Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхэлнэ. Намрын чуулганаар хэлэлцдэг уламжлалт асуудлын нэг бол ирэх жилийн улсын төсөв байдаг.
Дэлхий бүхэлдээ хувиран өөрчлөгдөж байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын санаа бодол, олон улсын шинэ нөхцөл байдал, гадаад харилцаанд үүсэж буй шинэ дэг журам, парламентыг төлөвшүүлэх, засаглалын чадавхыг сайжруулах чиглэлээрх ойрын ирээдүйн зорилго зэрэг нь биднээс асуудалд мэдлэгтэй, мэдрэмжтэй, уян хатан, шуурхай, дайчин, зоригтой, шийдэмгий хандахыг шаардаж байна.
Тиймээс Үндсэн хуулийн цэцийн удаа дараагийн шийдвэрүүд, улс төрийн намууд, зарим эрдэмтэн судлаачдаас гаргаж байгаа саналтай уялдуулан Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урган гарч байна. Энэ асуудлыг Улсын Их Хурал анхааралдаа авч, судалгаа шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.
Мөн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд ард түмний “засаглах эрх”-ийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоо хэд байх, сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар хэрхэн баталгаажуулах асуудлыг судлан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.
Эдгээр асуудалд Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар онцгой анхаарч, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, ард түмэнтэйгээ зөвшилцөн хэлэлцэж, “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстойг эцэст нь тэмдэглэе.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Дэлхий нийтээр..2023/04/06
БШУЯ: Ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 893 нийгмийн ажилтан ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2025/03/19
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа
-
Үйл явдал2024/06/18
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож байгаа...
-
Дэлхий нийтээр..2020/06/26
СОНГУУЛЬ 2020: 3-р тойрог /Баянхонгор аймаг/
