Хэн юу хэлэв...
Их эмч Г.Арвинбуян: Хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж буруу ойлгодог
Метрополис хотын иргэд /Тухайн үндэстнийхээ хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, сэтгэхүйн хэмжээс, соёлын чиг хандлагын төв цэг болсон саяас дээш хүн амтай соёлт хотыг хэлдэг/ АЗ ЖАРГАЛТАЙ /эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, бөглөрөөгүй зам,цэвэрхэн хот гээд л багтаана / амьдарч байгаа болов уу. Энэ их хотын амьдрал биднийг хааш нь хөтөлнө вэ. Хөгжлийг дагаад амьдралдаа үе үехэн “рестарт” хийж байхыг цаг хугацаа харуулсаар л байх аж.
• Агаарын бохирдлоос болж дэлхийд жилд дундажаар 3.7 сая хүн нас бардаг.
• Тарган хүмүүс жирийн хүмүүсээс долоон насаар бага насалж, нас барах тохиолдол 3-4 дахин их байдаг.
• Дэлхийд чихрийн шижин өвчнөөр жилд 3.2 сая хүн нас барж байна. Тодруулбал: Нэг минут тутамд энэ өвчний улмаас хорвоог орхидог.
• Амьсгалын замын харшил нь хүндэрсээр гуурсан хоолойн багтраад хүрнэ. Арьсны харшил нь хүндэрсээр экзем болно, хүнсний харшил нь хүндэрсээр ходоод гэдэсний хямралд хүргэдэг.
• Өдөрт зургаагаас илүү цагаар сууж ажилладаг эмэгтэйчүүд жирийн эмэгтэйгээс эрт хөгширдөг гэхчилэн бичээд л байж болно.
Тэгвэл толгой өвтгөсөн “Хотын өвчин”-өөс хэрхэн сэргийлж болох вэ. Түүн дотроо таргалалтаас яаж “аврагдах” вэ. Энэ хариулт авахаар Манба Дацан нэгдсэн эмнэлгийн УАУ-ы Их эмч Г.Арвинбуянтай ярилцсанаа хүргэж байна.
-УАУ-д цаг улиралдаа явдал мөр, идээ ундыг хэрхэн зохицуулах талаар нарийн заасан байдаг. Тухайлбал, биднийг ярилцаж буй энэ үед буюу өвөл бид хэрхэн “зөв амьдрах” вэ?
-Өвөл бол нар хойдод зорчин нарны хүч буурч, сарны хүч төгөлдөржин шөнө урт, өдөр богиносон гадна жавартай сэрүүнээр биеийн шар үсний нүх сүв хаагдан биеийн илч дотогш хурдаг. Илч дотор хурснаар ходоодны галын илч арвидан, хоол ундыг шингээх нь түргэн байна. Ийм үед идээ унд бага хэрэглэвэл биеийн тамир булаагдах тул амтлаг, исгэлэн, давслаг амттай, бүлээн чадалтай, тослог шимтэй (хонины мах, шар тос, сүү, үрийн төрөл) зэрэг идээ ундыг тохируулан хэрэглэж, гаднаасаа шар тосоор иллэг хийгээд, наранд юм уу галын илчээр ээж, тамирыг тэтгэнэ.
Өвлийн цагт даарваас бөөр бэлхүүсний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчин үүсэх суурь болдог. Гуя шилбээ дарсан үслэг дулаан хувцас, өвдөг шагайнаас дээгүүр давсан гутлыг өмсөх хэрэгтэй. Малгайг бол тогтмол өмсөнө. Түүнчлэн биеийн үе барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлнэ. Учир нь даарснаас барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн барагдаж бүтцэд өөрчлөлт орж үе өвдгөөр өвдөх магадлалтай. Ер нь УАУ-д өвчин үүсэх нөхцөлийг идээ унд, явдал мөр, ад, улиралтай холбон тайлбарлах нь бий. Үүнээс идээ унд, явдал мөрийг улиралтай зөв зохицуулж чадваас эрүүл байх боломжтой юм.
-Өөрийн байх ёстой жиндээ / жишээ нь, 160 см өндөртэй бол 48-61кг жинтэй бол хэвийн гэж үзнэ/ олон жилээр “үнэнч” явахад юу, юу нөлөөтэй вэ? Зөв хооллоно гэж юуг хэлээд байна вэ?
– Бидний хувьд уур амьсгалын эрс тэс байдлаасаа шалтгаалаад бие махбод, түүн дотроо ходоодны галын илч харилцан адилгүй өөрчлөгдөж байдаг. Тиймээс ходоодны галын илчиндээ тохируулан хооллох хэрэгтэйг өвөг дээдэс маань заагаад өгчихсөн байна шүү дээ. Тухайлбал, өвөлдөө махаа, хавартаа борц, зундаа цагаан идээгээ, намартаа айраг цагаа, бага зэрэг ангийн мах ид гэх мэт. Гэхдээ бид ингэж хооллож чадаж байна уу гэдгээ асуух хэрэгтэй. Хэрэв ингэж хооллож чадахгүй байгаа бол та буруу хооллож байна гэсэн үг. Буруу хооллолтоос болж хамгийн түрүүнд ходоод, элэг гэмтдэг. Ходоод, элэг гэмтэж эхэлснээс хооллох процесс алдагдан, төрөл бүрийн өвчин үүснэ. Үе мөч, ходоод, элэг, зүрх, уушги, нарийн, бүдүүн гэдэс өвдөж эхэлнэ. Тэгээд сав, давсаг бөөр нь өвчилж, улмаар бүх эрхтнийг өвчлүүлнэ. Энэ бол буруу хооллолтоос үүдэлтэй.
-Таргалалт гэх өвчнийг УАУ-д хэрхэн эмчилдэг вэ?
-Таргалалт бол нэг төрлийн өвчин. Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор жингийн илүүдэл гэдэгт булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. Таргалалт гэхээр эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Уламжлалт анагаах ухааны үүднээс үзвэл таргалалт нь бодисын солилцооны эмгэг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсдэг. Долоон тамир буюу тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал /улаан, цагаан дусал байх бөгөөд улаан нь сарын тэмдэг, цагаан нь үрийн шингэн/, мөн гурван хир болох өтгөн, шингэн, хөлс зэрэг нь хэвийн ялгарч байх ёстой. Хэвийн хэмжээнээс арвидах, эсвэл дутуудсанаар бодисын солилцооны алдагдалд орж, таргалалт төдийгүй өөр олон өвчин үүснэ. Долоон тамир дундаас өөх арвидсанаар харвин, өөх ихсэж таргалах шалтгаан болно. Ер нь дотор өвчин бүхний шалтгаан нь эс шингэх юм. Тиймээс таргалалтын гол шалтгаан нь хоол тэжээлийн буруу хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу дадал хэвшил, сэтгэлзүйн тавгүй идэвхгүй байдал хорт зуршил болно. Түүхий ногоо, шүүслэг жимс, амтлаг хоол хүнс, чихэр шоколад, амттанууд, кофе, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, зайр-маг зэрэг ходоодны галын илчийг дардаг хүнд чанартай хоол хүнсийг их хэрэглэх нь таргалалт үүсгэх гол нөхцөл болно. Иймээс эдгээр хүнснээс аль болох татгалзаж, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.
07:40-11:40 цагт галын илч хамгийн бага байдаг учир хооллохгүй байх,
11:40-15:40 цагт галын илч хамгийн сайн байдаг учир шим тэжээлтэй хоол ундыг хэрэглэж болно,
15:40-19:40 цагт шингэц сайтай, хөнгөн, шимтэй хоол идэх хэрэгтэй,
19:40-23:40 цагт хоол идэхгүй байж ходоод гэдсийг амраах хэрэгтэй.
23:40-03:40 цагт хоол идэх нь хор идсэнтэй адил учир хооллохгүй.
03:40-07:40 хөнгөн шимтэй хоол хүнсийг заавал хэрэглэж заншихыг зөвлөнө дөө.
-УАУ-д жингээ хасах хамгийн шалгарсан арга юу байна вэ? Байх боломжтой юу?
-Таргалсан үед хүний бие махбодод гадна, дотор өөхжилт ихээр үүснэ. Мах, булчин дагаж хаван суваглаж, сав эрхтнүүдэд хий хуримтлагддаг. Тэгэхээр том гэдэстэй байх нь өвчин тээж явна л гэсэн үг юм. Бидний эрхтэн бүр өөр, өөрийн хэмжээтэй. Тухайлбал, ходоодны хэмжээ хүний өөрийнх нь гарын хоёр алганы хонхортой тэнцүү хэмжээтэй. Тиймээс нэг удаагийн хооллолтоор ¾-ийн хэмжээтэй хоол унд идэх ёстой атал хэмжээнээс нь хэтрүүлэн их иддэг. Ингэж хэтрүүлэн идсэнээр “Шингэлтийн гурван хүч” боловсруулах хүчин мөхөсдөж, шимтэй тунгалаг болон илүүдэл цөвөө зохих ёсоор боловсруулж дийлэхгүйд хүрдэг. Бас эхний хоол тэжээлийг идсэний дараа бүрэн шингэх хүртэлх хугацаанд буюу дөрөв хүртэлх цагийн хугацаанд дахин нэмж хоол идэхгүй байх хэрэгтэй. Эхнийх нь шингээгүй байхад дараачийн хоолыг идэж болохгүй юм. Мөн тунгалаг, цөвийн дотоод боловсролт ид явагддаг үе буюу 20:00-05:00 цагийн хооронд хоол идэж болохгүй. Энэ нь тунгалаг, цөвийн боловсролтын явцыг хэвийн явагдахад чухал нөлөөтэй. Бас бадган хүйтэн нь ихсээд, өөхжилт тарга үүссэн байхад нь нэмээд их хэмжээний ус уух, чихэрлэг амттай жимсний шүүс дагнан хэрэглэх гэх мэт сэрүүн, хүнд чанартай хоол, унд хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй.
-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Тод зураг2020/04/21
Испанийн засгийн газарт өндөр үнээр маск зарсан компанийг шалгаж байна
-
Үйл явдал2020/01/07
Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл өр...
-
Дэлхий нийтээр..2026/02/02
2025-2026 оны галлагааны улиралд 283,949 тонн хатуу түлшийг айл өрхүүдэд нийлүүл...
-
Үйл явдал2023/03/13
Цахим гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
