Хэн юу хэлэв...
И.Бямбасүрэн: 0-6 хувийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой
Сүүлийн үед хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд “Үл хөдлөх зуучийн мэргэжилтэн” өндөр рейтингтэй яваа билээ. Олон улсын жишгийн дагуу манайд ч бас үл хөдлөх хөрөнгийн салбар нэлээд хөгжиж байна. Бид энэ удаа “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн захирал И.Бямбасүрэнтэй ярилцлаа.
“Улаанбаатар пропертиз” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж, өдгөө иргэдийн хүн амын суурьшил, эрэлт, хэрэгцээнд нийцүүлсэн орон сууцыг хамгийн эрэлттэйгээр борлуулж байгаа юм.
-Та олон жил үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилласан туршлагатай хүн. Таны бодлоор үл хөдлөх бизнесийн онцлог нь юу вэ?
-Үл хөдлөх хөрөнгө бол байнга өсөн нэмэгддэг хөрөнгө юм. Манай улсын хувьд мөнгөний ханш жил ирэх тутам унаж байдаг. Тийм учраас зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх нь чухал. Үл хөдлөх хөрөнгө бол хамгийн эхний сонголт шүү дээ.
-Тийм шүү. “Улаанбаатар Пропертиз” ХХК нь Монголдоо томоохонд тооцогддог барилга, үл хөдлөх зуучлал, түрээсийн компани. Та бүхэн өнгөрсөн хугацаанд хичнээн өрхийг орон сууцжуулаад байна вэ. Бас анхныхаа оффис төслийг амжилттай хэрэгжүүлж яваа, энэ талаараа бидэнд танилцуулаач?
-Манай хамт олон нийслэл хотын барилгын их бүтээн байгуулалт, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа гэж боддог. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Япон архитекторын төгс шийдлээр залуу гэр бүлд зориулсан 413 айлын Залуусын “Х апартмент” хотхон, Баянгол дүүрэгт Герман чанар европ стандартаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын “Скай апартмент” орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Итали архитекторын шийдлээр баригдсан өндөр зэрэглэлийн 353 айлын “Гранде Вилла” хотхон нийт 800 гаруй айл, өрхийн орон сууцыг 100% амжилттай борлууллаа. Мөн анхны Оффис төсөл болох Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлалтай, өндөр зэрэглэлийн 20 давхар “МН тауэр” оффис үйлчилгээний зориулалттай талбайн түрээсийг хариуцан ажиллаж байна.

-Эдийн засаг ийм хүндрэлтэй үед 100 хувийн үзүүлэлттэй ажиллана гэдэг том амжилт. Ялангуяа барилгын салбар хүндхэн байгааг хаа сайгүй ярьцгааж байна. “Улаанбаатар Пропертиз” ХХК-ийн онцлох давуу талыг нэрлээч гэвэл та юу гэж товчхон хариулах вэ. Бусад үл хөдлөх хөрөнгийн компаниудаас ялгарах үнэ цэн тань юу вэ?
-Бодит үнэ
Чанартай орон сууц
Төлбөрийн таатай нөхцөл.
-Эдгээр давуу тал танай компанид бодитойгоор хэрэгждэгийг мэдэх юм байна. Тиймдээ ч уншигчид танай одоогийн хэрэгжүүлж буй төслүүдийг ихэд сонирхож байгаа болов уу. Аль дүүрэгт ямар хотхонуудыг барьж байна вэ?
–Бидний хийсэн судалгаанаас үзэхэд хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа аюулгүй, тав тухтай орчин, чанарыг илүүд эрхэмлэдэг болжээ. Барилгын салбар хурдацтай хөгжихийн хэрээр хуучны орон сууц гэдэг нэгдсэн ойлголт хэдийнэ эвдэгдэж, нэгдсэн төлөвлөлт, цогц үйлчилгээг шингээдэг болсон.
Орон сууцны орц хаалга гэх мэт энгийн байдлыг халж, илүү тав тухтай, шинэ өнгө төрхтэй орон сууцнуудыг бид санал болгож, гадаад тохижилт, эгэл биш шинэ шийдлээрээ Монголдоо анхдагч байсаар ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Энэ ч утгаараа бидний хэрэгжүүлсэн “Скай апартмент”, Залуусын хотхон “Х апартмент”, “Гранд вилла” зэрэг орон сууцны төслүүд нь оршин суугчдын амьдрал хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд, сургууль цэцэрлэгийг төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж, улам л цогц болсоор байна.
Бидний одоо хэрэгжүүлж байгаа төсөл болох “X-Апартмент 2”, “Скай Апартмент-2”, “White House Residence” төслүүд нь яг л адилхан орон сууцны шинэ шийдлүүдийг төлөвлөж, шингээж өгсөн.

-Яалт ч үгүй эдгээр хотхон, барилгууд орчин цагийн залуус, иргэдийн санаанд нийцсэн шийдэлтэй харагддаг. Ингэхэд 0-6 хувийн хүүтэй зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Уншигчид маань нэлээд их сонирхох байх. 8 хувийн зээлд орох гээд чаддаггүй маш олон өрх бий. Харин 6 хувь хүртэлх зээлийн нөхцөлтэй гэхээр үнэхээр таатай сонсогдож байна?
-2013 оноос эхлээд Засгийн газар Монгол банктай хамтран ипотекийн 8 хувийн орон сууцны урт хугацааны зээлийг орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгож эхэлсэн. Монгол Улсын эдийн засгийн байдалтай холбоотоогойр энэхүү зээл нь одоо хумигдаж, хүртээмж муутай болсон. Орон сууцтай болъё гэсэн иргэн бүр уг зээлэнд хамрагдах боломжгүй, ховор болсон учраас бид үүнтэй дүйцэхүйц, өрсөлдөхүйц хэмжээний зээл болон зээлийн хүүгийн нөхцлийг гаргасан. Энэхүү зээл нь Ипотекийн зээлийг бодвол бага хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зохицуулагдаж байна.
-Уншигчдаас ирдэг хамгийн түгээмэл асуулт бол гадаадад ажилладаг хүмүүс НДШ төлдөггүй учраас зээлэнд хамрагдах боломжгүй гэдэг зүйл. Танай компани энэ асуудлыг хэрхэн шийдэж өгсөн бэ?
-Гадаадад амьдарч буй иргэдийн маань дийлэнх нь капитал буюу үл хөдлөх хөрөнгөтөй болох гэж ажил хийдэг. Тогтмол орлоготой хэдий ч НДШ төлдөггүй учраас банкны зээлэнд хамрагдах боломжгүй шүү дээ. Манай байгууллага өөрийн хамтран ажилладаг Банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч Нийгмийн даатгал болон орлого нотлох шаардлагагүйгээр зээлд хамруулж, орон сууцтай болох боломжийг бүрдүүлсэн.
-Энэхүү нөхцөлд хэрхэн яаж хамрагдах вэ. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ?
-Бид 0 хувийн хүүтэй зээлийг “Централ капитал” Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран зөвхөн “Улаанбаатар пропертиз” ХХК-ны хэрэгжүүлж байгаа төслүүдэд олгодог. Зээлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөрөө төлөөд, иргэний үнэмлэхтэйгээ ирж “Орон сууцны барилга захиалах, худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад л болно. Орон сууц худалдан авагчийн зээлд хамрагдах хугацаа, төлбөр төлөх хуваарийг ББСБ-тай харилцан тохиролцож, орон сууцны гэрээ баталгаажсаны дараа зээлийн гэрээ хийгдэнэ.
–0-6 хувийн хүүтэй зээлийн нөхцөл гараад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Хэдэн айл энэ нөхцлөөр орон сууцтай болов оо. Энэ нөхцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
-Бид анх 2017 онд буюу “Гранде вилла” төсөл дээр энэхүү шинэ төлбөрийн нөхцөлийг “Централ капитал” Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран гаргасан нь худалдан авагчдад таалагдсан. Одоогийн байдлаар бид 100 гаруй айлыг энэхүү зээлд хамруулж, орон сууцтай болгосон байна.
-Та энэ салбарт удаан ажиллаж байгаа туршлагатай хүн. Тиймээс уншигчдад маань үл хөдлөх хөрөнгийг урьдчилсан захиалгаар авахад ямар давуу тал байдаг талаар зөвлөгөө өгөөч?
-Сайхан асуулт байна. Манай иргэд энэ талаар мэдлэг дутуу юм болов уу гэж хардаг. Заавал бэлэн болсон орон сууц биш урьдчилж захиалах нь давуу талтай.
Нэгдүгээрт: уян хатан нөхцөлөөр төлбөр төлөх боломжтой. Орон сууц захиалга авч эхлэхдээ үнийн хувьд хамгийн багаар буюу 10 хувь байх төдийгүй байр ашиглалтанд орох хүртэл өрхийн эдийн засгийн дарамтгүйгээр урьдчилгаа төлбөрөө хүүгүйгээр бүрдүүлэн төлөх боломж олгодгоороо давуу талтай.
Хоёрдугаарт: бусдаас түрүүлж өөрийн хүссэн давхар болон байршлыг сонгох боломжтой. Энэ нь мэдээж таны орон сууцны ирээдүйн үнэ цэнийг хадгалахад чухал нөлөөтэй.
Гуравдугаарт: дотоод засал чимэглэлийг өөрийн хүссэнээр хийлгэх боломжтой. Та байрныхаа ханын цаас, гал тогоо болон 00-н өрөөний плита, өрөөний хаалганы өнгө, дизайныг олон хувилбаруудаас сонгох боломжтой.
Дөрөвдүгээрт: орон сууц захиалга авч эхлэх үедээ эхний захиалагчиддаа маш олон хөнгөлөлт урамшуулал олгодог.

-Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Монгол Улсынхаа хот төлөвлөлт, хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон гэр бүл, залуусыг тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж яваасай гэж хүсч байна. “Улаанбаатар Пропертиз” ХХК-ийн хэтийн зорилгыг тодорхойлооч. Цаашид ямар төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ?
-Баярлалаа. Бид 2020-2021 онд ашиглалтад оруулах 800 хүүхдийн бага сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгтэй, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн цогц төлөвлөлттэй 600 айлын “Ривер Вилла” хотхоны борлуулалтыг, мөн хүүхдэд ээлтэй, хүн төвтэй, төлөвлөлт төвтэй 900 айлын “Зайсан Вилла” хотхоны борлуулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Манай “Улаанбаатар пропертиз” ХХК нь цаашид тасралтгүйгээр шинэ төсөл санаачлан хэрэгжүүлж ажилласаар байх болно.
-Ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.
Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд С.Такаичи мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр болсонд сайшаалтай хандаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
2027 онд тохиох Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Найрсаг харилцаатай улс орнуудын хувьд Монгол, Японы Засгийн газрууд хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Улсын Онцгой комисс, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өгсөн үүргийнхээ биелэлтийг хянаж, уулзалт /2026.10.26/ хийлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нэмэлтээр мэргэжлийн байгууллагын шинжээч нарын баг газар дээр нь ажиллаж байна. Нийт шатсан газар нутгийн 30 хувьд нь машин техник очих боломжтой. Үлдсэн 70 хувьд нь хүрч ажиллах баг маргааш онгоцоор гарна.
Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдээгүй бүс нутагт нэвтэрсэн асуудал хөндөгдөж байна. Хохирлыг хөрс, газрын хэвлий, ургамал, амьтан, агаар зэрэг байгалийн бүрдэл хэсэг бүрээр нь хуулийн хугацаанд тогтооно. Хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шатанд дахин хохирол тогтоох асуудал үүсэхээс сэргийлж Шүүхийн шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээчийг одоо ажиллаж буй багт нэмж ажиллуулна зэрэг мэдээллийг өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нисдэг тэрэгний түлш нийлүүлэх машин өнөөдөр, 13:40 цагт Дорнод аймаг руу хөдөлсөн. Зургаан цэгт ажиллахаар төлөвлөсөн гэлээ.
Ерөнхий сайд “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртлөө. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Ийм хохирол учраад байхад хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан болон Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ч хууль, баримтад тулгуурлан шалгах ёстой гэлээ.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гэхдээ хөрөнгө оруулагчид хууль, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөх зарчимтай гэдгийг онцоллоо.
Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт,
Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд,
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд:
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо.


Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
