Дэлхий нийтээр..
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар холбогдох албаныхны хамт Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо /МТИҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэмээх хэлэлцүүлгийг өрнүүллээ. Энэ үеэр тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар сонсон, тусгай хэрэгцээт иргэдийн байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм.
МТИҮХ нь тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрхийн төлөө тэгш оролцоот, хүртээмжтэй нийгмийг бий болгох, эрх ашгийг нь хамгаалахаар 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Мөн тус холбооны зүгээс үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад тулгарч буй гол асуудал нь ажлын байр гэдгийг онцолж байв. Тухайлбал, тэргэнцэртэй иргэдийн сурч хөгжиж, ажиллаж хөдөлмөрлөх хүртээмжтэй орчин хомс, өвчин гэмтлийн дараах өвчин зовуурь, сэтгэл гутралд анхаарах хэрэгтэйг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Бид аль ч шатандаа хандлагаа өөрчлөх шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээт иргэд нь төрдөө гомдоллодог, эргээд төр нь шийдвэр гаргахдаа тэднийхээ үзэл бодол, санал хүсэлтийг тусгадаггүй байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс ч бодлогын хэрэгжилт анхан шатандаа ямар байгааг эргэн нэг харах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж буй. Эл уулзалтыг тусгай хэрэгцээт иргэдийн төвүүд дээр цуврал болгон зохион байгуулна. Ингэснээр нийгэмд түгсэн ойлголтын асуудлыг нэгтгэнэ гэж харж байна. Мөн та бүхний гаргасан төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллана. Харин байрны асуудлыг судалж, нэгдсэн байдлаар шийдье” хэмээсэн юм.
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор:

-Манай холбооны зүгээс бодлогод нөлөөлөх чиглэлийн хүрээнд салбарын яамд дээр байгуулагдсан тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих дэд зөвлөлүүдэд орж, бодлого төлөвлөлтөд нөлөөлж ажилладаг. Мөн тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр Хотын стандарт, хяналтын газартай хамтран барилга хүлээж авах улсын комиссын багт багтан ажиллаж байгаа нь бидний хийж буй томоохон ажлуудын нэг юм. Хамгийн гол асуудал нь тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхэд ажлын байр шаардлагатай байгаа. Хэрвээ ажлыг байрыг нь шийдээд өгвөл бид урсгал зардлаа өөрсдөө шийдэн, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын сацуу тусгай хэрэгцээт иргэдээ хөгжүүлэх боломжтой болох юм.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хуулийн зөвлөх Б.Галсанжамц:

-Одоогоор нийслэлийн хэмжээнд өдөрт 900 гаруй тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй. Үүнээс 30 гаруй хувь нь парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн шинэ автобус юм. Мөн Засгийн газраас нэмэлтээр 800 гаруй автобус нэмэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр бүх автобусаар тусгай хэрэгцээт иргэд саадгүй үйлчлүүлэх боломжтой. Гэвч жолоочийн хандлагаас үүдэн тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих боломж тэр бүр алга. Энэ тохиолдолд тухайн иргэн автобусны бүхээгийн хажууд бичээстэй тусгай утсанд санал гомдлоо илгээх хэрэгтэй. Ингэснээр эрх нь зөрчигдөх магадлалтай иргэдийг ч мөн давхар хамгаалж чадаж байгаа юм гэлээ. Мөн тусгай хэрэгцээт иргэдэд хэрхэн үйлчлэх талаарх уулзалтыг автобус нэгтгэлийн компаниудад зохион байгуулахаа мэдэгдлээ.
Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа:

-Улаанбаатар хотын хувьд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, сайжруулах үүднээс нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 52 стандартыг батлаад буй. Үүнээс 19 стандартад тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжийг хангах тухай заалтууд туссан. Сүүлд нэмэгдсэн 14 стандартын хоёр нь зөвхөн тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн байгаа.
Уулзалтын төгсгөлд холбогдох албаныхан МТИҮХ-ны гишүүдийн асуултад хариулж, санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлахаа мэдэгдсэн юм.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2026/01/23
"Open procurement” сургалт, өдөрлөгийг энэ сарын 30-нд зохион байгуулна
-
Хэн юу хэлэв...2023/09/12
Ч.Батзориг: Нийтийн тээврийн чанар, хүртээмж, зорчих урсгалыг нэмэгдүүлэхээр ажи...
-
Дэлхий нийтээр..2023/09/22
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ
-
Дэлхий нийтээр..2022/08/31
Зарим Байнгын хороодын дарга нарыг сонгож, УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өн...
