Дэлхий нийтээр..
Г.Занданшатар: 2024 онд шинээр байгуулагдах парламент сонгодог мэтгэлцээний зарчмаар ажиллана
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, Улсын Их Хурлын ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий эдгээр Ажлын хэсгүүдийн гишүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу бүрдэх дараагийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой болон бусад холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийг намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хийх шаардлагатайг онцлон тэмдэглээд энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэн батлах, бэлтгэл хангахад анхаарах асуудалд холбогдох чиглэлүүдийг Ажлын хэсгүүдэд өглөө.
Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах зэрэгт намрын чуулган голлон анхаарах ёстойг дурдаад Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй УИХ-ын үйл ажиллагааг сонгодог мэтгэлцээний зарчимд шилжүүлэх, энэ чиглэлээр Шинэ Зеланд зэрэг олон улсын сайн туршлагаас судалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах чиглэл өгөв. Мөн намын бүлгүүдийн сахилга, хариуцлагыг чангатгах, эрх, үүргийг тодорхой болгох, цөөнхийн эрх ашгийг хангасан эрх зүйн орчин бүрдүүлэх, Улсын Их Хурлын мөрдөн шалгах сонсголын үйл явцыг тодорхой болгох зэрэгт анхаарч холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
Дэлхий нийтээр..
АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжээ
АНУ-ын Миннесота мужийн 30 гаруй усан хангамжийн систем долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд кибер халдлагад өртжээ. Холбооны мөрдөх товчоо халдлагын эх үүсвэрийг тогтоохоор шалгаж байгаа боловч хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Миннесота мужийн Мэдээллийн технологийн албанаас мэдээлснээр халдлагуудын хугацаа болон онилсон төхөөрөмжүүдэд ижил төстэй шинж ажиглагдсан ч бүгдийг нэг этгээд үйлдсэн эсэхийг тогтоогоогүй байна. Халдлагын ихэнх нь усан хангамжийн тоног төхөөрөмжийг алсаас хянах, удирдах системүүдийг онилжээ. Гэхдээ халдлагад өртсөн бүх газрын усан хангамж тасалдаагүй бөгөөд иргэдийн ундны усны чанарт нөлөөлсөн тохиолдол бүртгэгдээгүй аж.
Миннеаполис хотоос хойд зүгт орших 1700 орчим хүн амтай Брахам хотын ус цэвэршүүлэх байгууламж долоодугаар сарын 27-ны даваа гарагт хэдэн цагийн турш ажиллагаагүй болсон байна. Халдагчид худаг болон ус цэвэршүүлэх байгууламжийг удирдах системийг унтраасан тул хотын захиргаа иргэдийг усаа хэмнэхийг хүсжээ. Энэ хугацаанд хэрэглээг усан цамхагт нөөцөлсөн усаар хангасан бөгөөд усны чанарт асуудал гараагүй байна.
Харин 80 мянга орчим хүн амтай Плимут хотод усан хангамжийн дэд бүтцийн холбоо тасарсан ч ажилтнууд системийг хэвийн ажиллуулжээ. Холбоог долоодугаар сарын 28-ны мягмар гарагийн үдээс хойш сэргээсэн бөгөөд усны түвшин болон чанарт өөрчлөлт гараагүй байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг болон бусад байгууллага өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой хакерууд ус, бохир усны систем болон чухал дэд бүтцийн удирдлагын төхөөрөмжүүдийг онилж байгааг анхааруулжээ. Гэхдээ Миннесота мужид гарсан халдлагыг Ирантай холбоотой этгээдүүд үйлдсэн гэх албан ёсны нотолгоо одоогоор гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
