Дэлхий нийтээр..
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдав
Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2023 оны 12 сарын 8-ны өдөр боллоо. Хурлын эхэнд мөнгөн тэмдэгт ба цахим мөнгөний талаар авч хэрэгжүүлж буй ажлын тайланг хэлэлцлээ. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөг байгаа бөгөөд тогтвортой, нөөц хэвийн байна. Цахим мөнгийг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр гаргах, тэр нь мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, хэрэглэгчийн анхны шаардлагаар мөнгөжих боломжтой төлбөрийн хэрэгсэл болохыг хуульчилсан. Энэ дагуу цөөхөн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагууд голчлон цахим мөнгөний үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна. Мөн Криптовалютыг зохицуулах үндэсний хууль тогтоомж одоогоор гараагүй, энэ талаар Монгол улсын хүлээн зөвшөөрсөн Олон улсын аливаа хэлцэл хийгдээгүй болохыг Монголбанкны Төлбөр тооцооны газар, Санхүү бүртгэлийн газрын удирдлагууд мэдээллээ. Тэгвэл МБХЗ-ийн гишүүдийн зүгээс улсын хэмжээнд төлбөр тооцооны 96 орчим хувь нь бэлэн бусаар хийгдэж байгаа нь эдийн засаг, мөнгө санхүүгийн оновчтой удирдлага явуулах нааштай хөрс бүрдсэнийг онцолсноос гадна иргэд, байгууллагыг хууль бус хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оролцож, хохирол хүлээхээс сэрэмжлүүлж ажиллахыг анхааруулав.
Дараа нь Монголбанкнаас мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнгийн талаарх танилцуулгыг сонслоо. Монголбанкны Хяналтын зөвлөл нь Монголбанкны мөнгөний бодлогыг бус зөвхөн түүний үр дүнг авч үзэх хууль эрх зүйн зохицуулалттай. Тиймээс МБХЗ нь 2023 оны хувьд инфляцыг 10 нэгж хувиас доош оруулах Монголбанкны зорилтын хүрээнд инфляц 8 хувьд хүрч буурах, улмаар он гаргаад 6 хувь руу ч ойртох байх гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн мөнгөний хатуу бодлого барих ёстой гэсэн Олон улсын Валютын сан, өрнөдийн зарим орнуудын мөнгөний бодлогыг сохроор хүлээж авч, бодлогын хүүг нэмдэг, удаан хугацаанд түүнийгээ барьж эдийн засгийг царцаах нь манай орны хувьд илүү сөрөг үр дүнд хүргэх эрсдэлтэй байж болохыг МБХЗ-ийн зарим гишүүд онцолж, нийлүүлэлтэд тасалдал үүсэж, үнийн буруу менежмент хийгдээд байдаг 5 хүрэхгүй барааны нөөц бүрдүүлэлтэд байнга анхаарч ажиллах, энэ талаар Засгийн газарт мэдээлэл өгч хамтран ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо. Мөн Монгол Улсад нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй төсвийн зарим байгууллагын ажилтнуудаас эхлээд төрөл бүрийн давхардсан зуучлагч хүмүүсийн тоо ихэдчихсэн учраас л инфляц архаг шинжтэй болсныг арилгах учиртай. Ковидын хүнд үе, Олон улсад үүссэн зөрчил, дайн байлдаанаас шалтгаалан тээвэр логистикийн хүндрэл, барааны тасалдал, бензин шатахууны үнэ өсөхөөс өмнө инфляцын түвшин 4-6 хувь руу ороод ирсэн тэр үеийг 2024 онд дахин харна гэсэн найдлага тээж байгаагаа ч Хяналтын зөвлөл илэрхийллээ.
Хуралдааны дараагийн хэсэгт Монголбанкны санхүүгийн байдал, эрсдэлийн болон бусад сан, өнөөгийн байдал, цаашдын бодлого арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Монголбанк өөрийн эзэмшиж байгаа үнэт цааснуудынхаа авлагыг барагдуулахын тулд тэдгээрийг гаргагч компаниуд, баталгаа гаргасан төр, засгийн байгууллагуудтай ойрын хугацаанд гэрээ хэлэлцээрт орж үүрэг, хариуцлагыг нь сануулж, авлагын чанарын асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг, улмаар үнэт цаас эзэмшигчдийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс урьдчилан хамгаалах нь зүйтэй гэж Хяналтын зөвлөл үзлээ. Мөн Монголбанкны хуримтлагдсан алдагдлын зарим хэсгийг Монголбанкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Засгийн газраас нөхүүлж авах, тэдгээрийн төлбөр тооцооны хуваарийг тохиролцож ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хуралдааны төгсгөлд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх бодлого, түүний хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Танилцуулгын эхэнд аливаа мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж түгээгдсэнээр холбогдох гаднын талд мэдээлсэн гэж үзэж болохгүй бөгөөд тэдгээрийг нягталж баталгаажуулах ёстой, хууль, тогтоомжийн дагуу хамтран ажиллах банк санхүү, бүртгэл, хил, гааль, хууль хяналтын байгууллагатай үр өгөөжтэй, байнгын харилцаатай болж, тэдэнтэй ажил хэргийн байнгын холбоо тогтоон ажиллахыг зарим гишүүд санал болгов. Мөн цаашдын судалгаанд хэрэгтэй мэдээлэл бүхий голлох харилцагчидтайгаа хэрхэн хамтран ажилласныг МБХЗ дараа онд жич авч үзэхээр тохирлоо. Үүнээс гадна мэдээллийг Олон улсын шаардлага, түвшинд хүргэж боловсруулахын тулд хэрэгцээтэй техник, шаардлагатай хөрөнгийг бүрэн хангуулж авах, дутуу орон тоондоо өнөөгийн трендэд нийцсэн ажлын байранд ажиллах хүмүүсийг авч сургах шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэж, Санхүүгийн мэдээллийн албаны ажлын нааштай үр дүнг улам сайжруулж, Монгол улсаа санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нь амжилт хүслээ.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
