Дэлхий нийтээр..
ЦЕГ: 21 үхэр, 5 адуу хулгайлан, худалдан борлуулах гэж байхад нь илрүүллээ
Малчин түмний ажил мундахгүй их. Үүр хаяарахаас үдшийн бүрий хүртэл сааль сүүгээ базаах, хотоо цэвэрлэх, хадлан тэжээлээ бэлдэх, мал сүргээ хариулах гэхчлэн хөлсөө дуслуулсан хөдөлмөрийн үр шимээр хэдэн малаа өсөхийг харах л тэдний жаргал гэлтэй. Эртнээс Монголчууд мал сүргээ үр хүүхэд лугаа хайрлан, нүдлэн өсгөдөг байсан уламжлал өдгөө ч хадгалагдсаар. Гэтэл чин шударга хөдөлмөрийн эсрэг туйлд тэвчишгүй хулгайн замаар амьдрагсад ч гэж байсаар...
Малчин өрхийн санхүүгийн гол эх үүсвэр нь мал сүрэг нь байдаг. Гэтэл хээлтэй малыг бэлчээр дээр нь нядалж, хэдхэн цаасны төлөө хөрш зэргэлдээ айл сахалтаа тонон дээрэмдэж, амьдралаа залгуулах ганц тугалтай үнээг нь нутгийн буурайгаас хулгайлах хүн чанаргүй үйлдэл өнөөдрийн хотонд орсон чоно лугаа хулгайчдаас гарсаар байна.
Манай сурвалжлах баг Төв аймгийн Шарын аманд намаржих нутгийн айлаар зочиллоо. Биднийг 20 тооны үхрийнхээ талыг нь алдаад хөлөө цуцтал хайсан буурай магнайгаа тэнийтэл баярлан хүлээж авсан юм. Учир нь цагдаагийн байгууллагаас хулгайд алдсан малыг нь олж тогтоон, бүрэн тоогоор нь хүлээлгэн өгсөн байжээ. Нээрээ л насаараа хураасан буяныг нь нэг л шөнө атгаг хулгайчид туугаад явсан байхдаа...
Тус хэргийг тодруулбал Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэр, нийслэл орчмын малчин иргэдийн 21 тооны үхэр, 5 тооны адууг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан Дархан-Уул аймагт худалдан борлуулах гэж байхад нь цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 524 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 128 нэгжээр буюу 19,6 хувиар буурсан. Энэ нь гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас нэг бүрчилсэн хяналт тогтоон, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаатай холбоотой юм.
Мөн Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор "МАЛ МАХ" нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
Тиймээс иргэд та бүхэн мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг төв суурин газарт худалдан борлуулах, тээвэрлэх тохиолдолд заавал мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагатай, зарим тохиолдолд малын хулгайчид энэхүү гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдэх, энэ асуудлыг хариуцсан зарим албан тушаалтан хуурамч гарал үүслийн бичиг гаргаж өгч, малын хулгайчдыг өөгшүүлэх үйлдэл бүртгэгдэж байгаад тухайн орон нутгийн иргэд өөрсдөө давхар хяналт тавьж хамтран ажиллах шаардлагатай байна.
Түүнчлэн иргэд алдсан, олдсон малын зар мэдээллээ “Малчин лавлах-109” дугаарт үнэ төлбөргүй өгөх, малчин өрхүүд өөрийн өмчлөлийн мал сүргийг бэлчээрт олон хоног, удаан хугацаагаар эзэнгүй, хариулгагүй орхихгүй байх, сүүлийн үеийн шинэлэг техник тоног төхөөрөмж /чип, байршил тогтоогч, камер гэх мэт/-ийг ашиглах, орон нутгийн мал бүхий иргэд нэгдэх нөхөрлөл, бүлгэм үүсгэж мэдээ, мэдээлэл солилцох, цагдаагийн байгууллагатай байнга мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллах, малаа алдсан тохиолдолд хугацаа алдалгүй нэн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна. Учир нь малчид эхлээд өөрсдөө хайж явсаар цаг хугацаа алддаг тал байгааг анхаарах хэрэгтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Малч ухааныг хулгайгаар биш хөдөлмөрөөр үргэлжлүүлнэ.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2020/07/03
АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ
-
Дэлхий нийтээр..2023/05/05
БШУЯ: Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг бэлтгэж эхэллээ
-
Үйл явдал2024/06/11
Живэх нь 1-4 хүртэлх насныхны гэнэтийн ослоос үүдэлтэй нас баралтын тэргүүлэх ша...
-
Үйл явдал2024/11/14
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
