Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиож, “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд ойн хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран 200 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад ажиллах хугацаанд цар тахлын хүнд бэрх цаг үе таарсан ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд болсон. Өдгөө хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, иргэд хоорондын харилцаа ойр дотно болсныг тодотгосон юм. Япон Улс нь Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Түүнчлэн “Ковид-19” цар тахлын хүнд хэцүү цаг үед Япон Улсын төр засаг, ард түмэн бүхий л талаар тусалж, дэмжсэнээр Монгол Улс аливаа сорилт бэрхшээлийг төвөггүй даван гарсныг Монголчууд үргэлж санах болно гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки цаг зав гарган уулзаж буйд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л цаг үед эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа хэлэв.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ, “Монгол Улсад нийт 11 жил ажиллаж, амьдарсан байна. Монгол Улс бол эх орны маань дараа орохуйц чухал улс болсон байна. Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, олон чухал түүхэн үйл явдал болсон. Тухайлбал, хоёр улсын харилцааны шинэ бэлгэдэл болох “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед хоёр улсын парламент хоорондын төдийгүй иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өрнөж байсан. Улсын Их Хурлын даргын санаачилгаар “Япон лугаа хөгжье” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь хоёр улсын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон” хэмээгээд Монгол Улсад ажиллах хугацаанд бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Элчин сайд Х.Кобаяши түүхэн үүрэг гүйцэтгэсэн болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлээд цаашдын ажилд нь амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
