Үйл явдал
Монгол Улсын Гавьяат багш, зурхайч Я.Аюурзана: Билэгдэлтэй үг биелж баяр жаргал авчирдаг ерөөл лугаа юм
- “Хилэнт эх” хэмээх модон хөх луу жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байна вэ?
- Хөх луу жил морилон ирж байна. Жилийн өнгө төлөвийг гаргадаг олон аргаас хамгийн магадлал сайтай нь “Шороон үхрийн зурлага” юм. Энэ жил уг зурлагаар ногоон толгойтой, улаан ходоодтой шар үхэр зурагдаж байгаа. Шар өнгө нь шороон махбодын өнгө юм. Энэ нь байгалийн болон таримал ургамлын ургац сайн байхын шинж. Толгой ногоон байгаа нь жилийн эхэнд хавар салхи ихтэй, цасан ба шороон шуургатай. Өвлийн улирлаар үзэхэд эхэн сардаа цасан шуургатай гэж сэрэмжлүүлж байна. Ходоод улаан байгаа нь жилийн дундуур өөрөөр хэлбэл зуны дунд сард халуун болно. Зарим нутагт ган болох магадлалтай. Мөн хавар, зун, намрын дунд саруудад хуурайшилт ихтэй, галын аюулаас болгоомжлууштайг илтгэж байгаа юм.
Үхэр хариулаач нь ногоон дээлтэй, цагаан бүстэй, шар царайтай, үс нь хоёр чихний араар орсон, нэг хөлдөө гуталтай, хөл нүцгэн хүүхэд гүйж яваа юм. Үхэр хариулаач хүүхэд байгаад, үс нь чихний араар хийсэх нь нялхаст ээлтэй, ард олон амгалан байхыг, залууст буюу түшмэдэд маш хатуу, өвгөдөд буюу өндөр дээд албан тушаалтнуудад хатуу, ногоон дээл, цагаан бүстэй гүйж яваа нь хэл ам, хямрал эсэргүүцэл гарах магадлал байна гэж сэрэмжлүүлж байгаа юм. Нэг хөлдөө гуталтай, нөгөө нь нүцгэн байгааг дүрсэлбэл алаг цоог бороотой, зарим нутагт хур багатай, зарим газар үер усны аюул гарч болзошгүйг анхааруулж байна.
- Цагаан сар. Төрт ёсны энэ баяр ойртоход танд юу бодогддог вэ?
- Цагаан сар -төрт ёсны энэ баяр бол олон зуун мянган жил, олон нийгэм төр засгийн үед орхигдолгүй тэмдэглэсээр ирсэн үндэсний уламжлалт өв соёл юм. Ахас ихсээ хүндэлж, золгож мэндэлдэг өвөрмөц сайхан ёс заншил, зан үйлээрээ монголчууд дэлхийн бусад олон ястан үндэстнээс ялгардгаа Цагаан сарын баяраар л үзүүлж байгаа учраас ийм сайхан, ёс журамтай монгол хүн гэдгээрээ бахархдаг.
- Хүүхэд насны цагаан сартай холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцаач. Айл их хэснэ биз? Ер нь таны хүүхэд хаана өнгөрсөн бэ?
- Миний хүүхэд нас хөдөө өнгөрсөн. Цагаан сарын шинийн 1-нийг хоног тоолон хүлээнэ. Хөгшин залуугүй биедээ хүндэтгэлтэй хандана. Бага байхад гэртээ золгочхоод хамт өвөлжиж байгаа айлдаа зочилж бууз баншаар дайлуулна. Багачууд бидэнд хийх ажил мундахгүй. Ирэх зочдыг догдлон хүлээнэ. Хүн ирэх бараанаар нохой хорьж өгнө, золгоно, бэлгээ авна. Харин морь унаж чадахтайгаа болоход ахтайгаа авга, нагац нарынхаараа хэсдэг болсон. /инээв/ Тэднээр “Ямар том болоо вэ? гэж хэлүүлэх, морь унаад явах ямар их аз жаргал, баяр хөөртэй гоё гэж санана. Хөл газар хүрэхгүй хөөрч байгаа нь тэр. Харин манайх сургуульд орсноос хойш сумын төвд суудаг болсон. Тэр үед гэртээ золгочхоод багшийндаа очиж золгоно. Дунд ангид байхдаа ангийн болон хичээл заадаг багш нар, ангид хамт суудаг найзынхаараа орж золгоно доо.
- Монголчууд цагаан сараар ах дүү хамаатан садандаа “хувь” өгдөг. Хувь гэдэг нь хэн нэгэнд өгч буй хүндэтгэлийн идээний дээж хэсэг байсан. Хожмоо “хувь” нь хувьсаад бэлэг болсон тухай уншиж байлаа. Бэлгийн тухайд та юу гэж боддог вэ?
- Цагаан сараар “хувь” өгдөг үе байжээ. Тэр үеийн цагаан сараа “хувь сар” гэж нэрлэж байсныг түүхэн шастирт тэмдэглэсэн нь бий. Цаг цагийн хөгжил хувьслаар өөр нэр, ёс заншил нэмэгдэж баяжих нь зүй ёсны хэрэг. “Цаг цагаараа байдаггүй. Цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж монголчууд цэцэлдэг шүү дээ. Цаг үеэ дагаад ах дүүсдээ, ахмадуудадаа хүндэтгэл үзүүлж, бэлэг өгөх зан үйл нь өөрчлөгдөж байна. Намайг багад лам багшдаа хадаг барьж мөргөж, золгодог байлаа. Одоо багш болоод хүн бүрд хүндэтгэл үзүүлж хадаг барьж золгодог болжээ.
Дээхэн үед ирсэн зочид золгоод сууж, хөөрөглөөд, мэндчилж аягатай цайгаа уусны дараа бэлэг сэлтгээ гаргаж дэлгээд гэрийн эзнээс эхлээд хүн бүрд барьдаг байсан юм. Одоо золгож байх үедээ ууттай бэлгээ задлалгүй барьчихдаг болоод байна. Мөнгө бариад золгоод байгаа нь бэлгээ хамт бариад байгаа хэлбэр юм байна. Эдгээрийг буруутгах аргагүй.

- Сар шинийн баяр бол бэлгэшээл шингэсэн баяр. Баярын өдрүүдээр үгийн сайныг хэлцэхийг чухалчилдаг. Үг амьтай тийм ээ?
Сар шинийн мэндчилгээний үгс нь бэлгэтэй сайхан үгс байдаг. Дүү хүн нь ахмадынхаа тохойноос нь өргөсхийн хүндэтгэл үзүүлж золгохдоо “Та амар байна уу?” гэх, хэрвээ багштайгаа золгож байгаа бол “Та амар айлдаж байна уу?” гэж мэндчилнэ. Хариуд нь “Мэнд ээ”, “Амар байна уу” гээд золгоно. Дүү хүн мөн л “Мэнд ээ” гэж хэлээд золгох үйл дуусна. Сүүлийн үед золгохдоо үнсүүлж, үнсэх үйл нэмэгдээд байна. Монголчууд саяхан болтол золгож байхдаа хэнийг ч үнсдэггүй байлаа. Одоо эргээд санахад халдвар хамгааллыг сахиж мэндчилдэг чухал мэндчилгээ байж.
Зарим залуус золгож байхдаа “Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж байх юм. Энэ нь “хөөрөглөж” байхад хэлэгдэх мэндчилгээ юм. Хөөргийг дүү хүн нь эхэлж бариад “Бие тань амархан сайн оров уу?” гэж хэлээд барина. Нөгөө хүн нь “Мэнд ээ, амар сайн оров уу?” гээд хөөргөө зөрүүлдэг. Хөөрөг аваад тамхилж байх үедээ “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу” гэж мэндэлдэг юм. Шинэлэх гэдэг үгийн язгуур нь шинэ гэсэн үг. Шинэ жил гарлаа. Нас нэмэгдэж, шинэ настайгаа золгож шинэ боллоо. Бүх юм шинэчлэгдлээ гэсэн утга санаа байгаа юм. Зарим нь “Та шинэд амархан сайн шинэлж байна уу?”, “Мал сүрэг нь тарган сайн оров уу?”, “Сайхан хаваржиж байна уу?” гэх мэтээр мэндчилдэг. Зарим нэг хүмүүс энэ бүгдийг хурааж, “Тарган сайн оров уу?, Сайн оров уу?”гэж хэлж байх нь бий. Энэ нь зохимж муутай, агуулга нь тодорхойгүй мэндчилгээ болоод байгаа юм.
Хөөргийг барихдаа ахмад хүнийхээ хөөргийг хүндэтгэлтэй аваад өөрийн хөөргийг гарт нь бариулж байх нь түүнийг ихэд хүндэтгэж байгаа хэлбэр юм. Хөөргийг зөрүүлэхдээ харшуулахгүй байх ёстой. Өөрийн хөөрөгний толгойг суллаад жаахан дээш татах маяг үзүүлээд бусдад барьдаг. Хөөрөгний доороос чигчий хуруугаар унахаас сэрэмжлэн доороос нь түшиж бариад их л хүндэтгэлтэй өгч авалцдаг.
Хөөрөгний толгой дээр хуруугаараа дарж хүнд барьдаггүй. Толгойг доош дарж чангалах, толгой дээр нь дарж хүнд барих нь гашуудалтай байгаа юм уу, тэр хүнээ үл хүндэтгэсэн, эсвэл өөр санаатай байгааг илэрхийлсэн хэрэг болдог. Монголчуудын мэндлэх хүндлэх ёс журам нь маш их нарийн агуулгатай байдаг юм. Цагаан сараар мэндчилэхээс эхлээд бусад яриа хөөрөө нь билэг дэмбэрэлтэй сайхан үг хэлж, яриа өрнүүлдэг. Үг амьтай. Билэгдэлтэй үг биелж баяр жаргал авчирдаг ерөөл лугаа юм.

- Бас энэ өдрүүдээр цээрлэх ёсон бас байна аа. Ингэхээр өв соёлын том баяр төдийгүй хүмүүжлийн их ач холбогдолтой баяр юм шиг ээ. Тухайлбал, сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлэхгүй гэх мэтчилэн.
- Хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Бусдыг хүндэтгэх хайрлах, энэрэл асралын сэтгэлийг үүсгэх, ахас ихсийг хүндэтгэх ёс зүй болон зочлох, зочлуулах мэндчилэх монголын өвөрмөц, ёс заншилд суралцдаг ач холбогдол бий. Цагаан сарын өдрүүдээр айлд зочилж очиход танихгүй зочид байвал тэдэнтэй бас золгож, мэндчилдэг. Энэ нь монгол хүн хэнийг ч хүндэлж хайрладаг сайхан сэтгэлтэй хүн гэдгээ харуулж байгаа юм. Хүүхдүүд маань таних, танихгүй хэнийг ч хүндэлж хайрладаг ёс зүйд суралцаж байгаа юм. Айлд зочилж буй хүн ёслол хүндэтгэлийн идээ зоогийг ёс журмыг бодож зооглодог. 40 наснаас доош хүн архи амсдаггүй. Түүнд архи хундагладаггүй. Цагаан сараар хүмүүс ер нь архи ууж согтуурдаггүй. Иймд ширүүн үг, хэл ам, хэрүүл үүсдэггүй. Ийм үйлээс хүн бүр цээрлэдэг. Энэ нь өөрийгөө болон бусдыг хүндэлж буй хэрэг.
Монголын цагаан сар бол ач холбогдол өндөртэй, дэлхийд бусдаас ялгарах маш их сайхан өвөрмөц соёл, ёс заншилтай юм. Бидний бахархалт, орхиж болохгүй, зайлсхийж болшгүй хүндэтгэн үзэх баяр юм.
- Ярилцсанд баярлалаа.
Үйл явдал
“Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн баг Хөвсгөл аймагт үзлэг хийж байна
Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Эмч нарын багт эрүү, нүүрний мэс засал, хэл яриа засал, гажиг заслын шүдний эмчилгээний чиглэлийн эмч, мэргэжилтнүүд болон бөөрний тасгийн нарийн мэргэжлийн эмч нар багтжээ.
Тэд иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч, шаардлагатай өвчтөнүүдийг цаашдын эмчилгээ, мэс заслын төлөвлөгөөнд хамруулах юм.
Үзлэг, оношилгоо 2026 оны долоодугаар сарын 24-31-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт үргэлжилж байна.
Уруул, тагнайн эмгэгтэй хүүхдүүд болон бөөрний мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай өвчтөнүүд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв”-ийн цахим бүртгэлд хандан цаг авч, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Үйл явдал
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг 27 хувиар өсжээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.
Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нийт 293 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл, 20 хүртэлх насны 8 буюу 2.7 хувь, 20-30 насны 91 буюу 31 хувь, 30-39 насны 107 буюу 36.5 хувь, 40-аас дээш насны хүн 87 буюу 29.6 хувийг эзэлж байх бөгөөд 92 хувь нь эрэгтэй байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс зонхилон холбогджээ.
Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 65.1 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.
Анхан шатны шүүхээс 169 хүнд торгох, 30 хүнд хорих, 41 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 44 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 4 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.
Судалгааны дүнгээс харахад дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, шүүхээр шийтгэгдсэн хүний тоо улам өсөх хандлагатай байна. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Үйл явдал
Монголын Хүннүгийн өв ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад орлоо
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Үйл явдал2020/04/13
УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2024/04/15
Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна
-
Үйл явдал2024/03/19
Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ...
-
Дэлхий нийтээр..2020/10/06
Олон улсын мэдээлэл зүйн онлайн олимпиадаас монгол сурагч алтан медаль хүртлээ
