Өнөөдөр
Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ

Хөдөө аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангалт ямар байгааг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллалаа.
Өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн 11 суманд зудын нөхцөл байдал нэн хүнд байсан бол энэ зун 15 суманд гангийн эрсдэл өндөр байна. Өнөө жил ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.
Баянхонгор аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, УОК-оос 100 сая төгрөг шийдвэрлэв.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид ч дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа тооцоолол гарсан. Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах асуудал нэн чухал учраас Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд онцгой анхаарахын зэрэгцээ төслийн зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байна. Энэ талаар малчдад ойлголт мэдээллийг сайтар өгч, хаана хаанаа хамтран ажиллах хэрэгтэй” гэлээ.
Өнөөдөр
Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр усархаг бороо орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-ны өдөр Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 20-ны өдөр Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь аймгийн нутгаар, 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны наймдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн төв хэсгээр нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Өнөөдөр
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй
МЭДЭГДЭЛ
Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс эдгээр өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг үүгээр мэдэгдье.
Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх болно.
МИАТ ТӨХК