Дэлхий нийтээр..
ТББХ: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль, тогтоолын төслүүдийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамж болон бусад бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулж, хот төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгажээ.
Монгол орны төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн онцлогийг тээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг тээврийн хэрэгслийн шийдэл бүхий иргэндээ ээлтэй хотыг байгуулахын тулд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг дэмжихтэй холбоотой эрх зүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд бүс нутгийн хөгжлийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үндсэн зорилго нь оршиж буйг сайд Л.Гантөмөр танилцуулгадаа дурдсан.
Засгийн газар оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, шинжлэх ухаан, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс нутагт шинээр бий болгосноор хүн амын хэт төвлөрлийг бууруулахаас гадна дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой гэж үзжээ.
Хуулийн төслийг D.Parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа хэмээсэн.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль зүйн дүгнэлт гаргасныг Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулсан юм.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын зэрэглэлтэй хотын өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь органик шинжтэй, суурь хууль болохын хувьд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонтой холбоотой тухайлан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэсний дагуу Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл нь тус хуулиар тогтоосон зарчим, зохицуулалттай бүрэн нийцэх ёстой буюу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан суурь харилцааны агуулгад нийцэж байх ёстой.
Хуулийн төслөөр хуулийн төслийн зорилтод заасан харилцааг бүрэн хамруулаагүй, тухайн хуулиар зохицуулах харилцаанд хамааралгүй, суурь хуулиудаар зохицуулсан харилцааг өөрөөр зохицуулсныг хэлэлцүүлгийн шатанд анхаарч, төслийг боловсронгуй болгох шаардлагатай. Мөн хуулийн төсөл Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай гэсэн нэртэй хэдий ч төслөөр хотын эрх зүйн байдлыг давхар зохицуулсан нь нэртэйгээ зөрчилдөж байгааг анхаарах хэрэгтэй байна.
Мөн хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Монгол Улсын Үндсэн хуулийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх зүйн үндсийг тодорхойлсон Дөрөвдүгээр бүлгийн зохицуулалттай нийцүүлэх, зохих шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн засаг, захиргааны нэгж дэх хотын удирдлагатай хэрхэн харилцах асуудлыг тодорхой болгох нь зүйтэй байна хэмээн танилцуулав.
Түүнчлэн хууль зүйн дүгнэлтэд хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг батлах тохиолдолд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиас гадна Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай зэрэг тухайн салбарын суурь хуулиудын холбогдох зохицуулалттай нийцүүлж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах шаардлагатайг дурджээ.
Эцэст нь хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх шатанд нэр томьёо, хууль зүйн техникийн шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж үзсэнийг Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур дурдсан.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Зулпхар, Б.Батбаатар нар асуулт асууж хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Шинэ Хархорум” хотыг байгуулах асуудал нь үндэсний үйл хэрэг, эрмэлзэл, итгэл үнэмшил, татах хүч учраас хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд хотын газар зохион байгуулалт, хот хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн бол, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хотын эрх зүйн байдлыг тогтоох асуудлыг зохицуулахаас илүүтэй бүтээн байгуулалтыг дэмжих агуулгын хүрээнд хуулийн төслийг дэмжиж байна хэмээсэн. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2021/08/24
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Дэлхий нийтээр..2023/06/15
Хонь ноослогч чиргүүлийн туршилт хийлээ
-
Дэлхий нийтээр..2022/08/29
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн ёслол боллоо
-
Үйл явдал2021/05/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
