Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны тавдугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн 2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндэсний аудитын газрын удирдлагыг томилж чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоолууд, шинээр томилогдсон Ерөнхий аудиторын намтар, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын удирдлага, гишүүдээс гаргасан саналуудыг танилцуулав.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн намтрыг танилцуулж, Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласныг тодотгосон. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулсны дараа томилогдсон анхны Ерөнхий аудитор гэдгийг онцлоод, чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга, гишүүдээс аудиторын байгууллагын удирдлагад хандаж хэлсэн саналуудыг товч танилцуулав. Тухайлбал, Төрийн аудитын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангаж, үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар төрийн аудитын байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөн олон улсын аудитын байгууллагын туршлага, бүтцийг судалж гэрээгээр хамтран ажилладаг аудитын байгууллагыг сонгох, нягтлан бодох бүртгэлийн олон улсын аудитын стандарт, сахилга, ёс зүйтэй байдлыг үйл ажиллагаандаа баримтлах нь зүйтэй гэсэн саналуудыг уламжилсан.
Мөн эдийн засаг, нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хийгддэг нийцлийн аудитын чанарыг сайжруулж, хэрэгжилтэд анхаарч ажиллах, бүх төрлийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн саналууд гарсныг тодотгосон юм. Түүнчлэн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төслүүдийн ашиглалт, зарцуулалтад аудит хийхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх, төсөвт байгууллагуудын санхүүгийн байдалд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн хяналтын аудит хэрэгжүүлж ажиллахыг захиад, хуулийн хүрээнд Улсын Их Хуралтай үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Загджав тамга, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгч, шинээр томилогдсон Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхийг хүслээ.
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ил тод, нээлттэй ажиллах зарчмыг хангаж, мэдээлэл технологийн дэвшлийг бүрэн ашиглаж ажиллана хэмээсэн. Мөн аудит хийх явцад илэрсэн хууль тогтоомжоос давсан дүрэм, журмуудыг нэгтгэж, УИХ-ын чуулганд танилцуулна хэмээн мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.