Хэн юу хэлэв...
Н.Батжин: Зээлийн эргэн төлөлтийн хүндрэлийг харгалзаж, дэмжлэг үзүүлж байна
Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.
- Уг шийдвэр гаргах болсон шалтгаан, нөхцөл байдлын талаарх мэдээллийг юуны өмнө өгнө үү. Тодруулбал, COVID-19 вирусын тархалттай холбоотойгоор зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтүүд хэрхэн доголдож байгаа вэ, өмнөх оны энэ үетэй харьцуулахад байдал ямархуу байгаа вэ?
- COVID-19-ийн хүрээнд хийгдэж буй хөл хориотой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогсох, иргэд, ажилчдын цалин орлого тасалдаж, улмаар зээлийн үүргээ хугацаандаа төлөх боломжгүйд хүрч, энэ байдал цаашид тодорхой хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна.
Өмнөх онуудтай харьцуулахад зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлтүүд, ялангуяа чанаргүй зээлийн хувь хэмжээ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл шинээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх хандлагатай болсон.
Үүнтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийн доголдол үүссэн зээлдэгчдийн зээлийн ангиллыг түр хугацаанд бууруулахгүй байх, зээлийн түүхийг дордуулахгүй байхаар банкуудад мөрдүүлж буй холбогдох журмын нөхцөл шаардлагыг түр хугацаанд түдгэлзүүлэх арга хэмжээ аваад байна.
- Ялангуяа, зээлийн эргэн төлөлтийн хугацаанд өөрчлөлт оруулсан шийдвэрийн талаарх мэдээллийг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй болсон хүн хэрэглээний зээлээ гурван сараар хоцрооход алданги, торгууль төлөхгүй юм байна. Эсвэл зээлээ төлөхгүй байх бодолтой нэгэн ч байна. Энийг тайлбарлаж өгнө үү?
- Товчхондоо энэхүү арга хэмжээ нь өмнө нь зээлээ хэвийн төлөөд явж байсан зээлдэгчид COVID-19-ийн тархалттай холбоотойгоор үүссэн өр, төлбөрийн дарамтыг түр хугацаагаар хойшлуулж байгаа арга хэмжээ юм. Энэ нь Зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” ангилалд бүртгэгдэх хугацааг түр хойшлуулж байгаа болохоос иргэдийг зээлээ төлөхгүй байж болно гэж байгаа юм биш. Зээлдэгчийн зээлийн үүрэг нь хэвээр үлдэх тул зээлийн гэрээний дагуу зээлээ төлөх боломжтой байгаа иргэд маань зээлээ төлж байх нь зүйтэй юм. Харин үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор түр хугацаанд зээлийн төлөлт доголдох тохиолдолд зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” буюу “Хугацаа хоцролттой” гэж бүртгэхгүйгээр уртасгасан хугацаанд багтаан зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрөө төлөх боломжийг иргэдэд олгож байгаа.
- Монголбакнаас авч хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээ нь чухам ямар нөхцөл байдалтай зээлдэгчид хамаарах вэ?
- Энэ зохицуулалт гарахаас өмнө 90 хоног хүртэл хугацаа хэтэрсэн зээлтэй байсан зээлдэгчдэд голчлон хамаарч байгаа. Тухайлбал, зохицуулалт үйлчлэх өдрийн байдлаар 30 хоногоор хугацаа хэтрүүлсэн зээлтэй байгаа иргэний хувьд Зээлийн мэдээллийн санд “Анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн зээлээр бүртгэгдэж байсан бол ирэх 60 хоногтоо багтаан хоцроосон зээлээ төлөх боломжийг олгож байгаа бөгөөд энэ хугацаанд “Хэвийн” ангиллаар Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ. Нөгөө талаас огт хугацаа хэтрүүлэлгүй зээлээ төлж байгаа зээлдэгчийн хувьд гэрээний дагуу зээлээ төлөх нь зүйтэй. Гэхдээ зохицуулалт үйлчлэх хугацаанд COVID-19-ийн үр дагавараас шалтгаалан цаашид зээлээ хоцроож төлөх нөхцөл үүссэн тохиолдолд зээл хоцорсон өдрөөс эхлэн 90 хоног буюу 3 сарын хугацаанд багтаан зээлээ төлөх тохиолдолд Зээлийн мэдээллийн санд “Хэвийн” буюу сайн ангиллаа хадгалах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тухайн иргэн маань аль цөөн хоногоор зээлийн хугацаагаа хэтрүүлсэн байна, төдий чинээ хоцорсон зээлээ төлөх хугацаа, боломж ихтэй гэж ойлгож болно. Энэхүү зохицуулалт нь хэрэглээний зээлтэй буюу голчлон иргэнд олгосон орон сууц, цалин, тэтгэвэр болон бусад аж ахуйн шинж чанартай санхүүжилтийн зориулалттай зээлтэй зээлдэгчдэд хамаарна.
- Энэ шийдвэрийн хүрээнд бизнесийн зээлд бүтцийн өөрчлөлт хийнэ гэж тайлбарлаж байсан шүү дээ. Чухам ямар өөрчлөлт хийгдэх бол илүү тодорхой тайлбарлаж өгнө үү?
- Зээлийн бүтцийг өөрчилнө гэдэг нь зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг ойлгодог. Энэ зохицуулалтыг ихэвчлэн түр хугацааны санхүүгийн хүндрэлд орсон, санхүүгийн хүндрэл арилсан тохиолдолд цаашид зээлээ хэвийн төлөх боломжтой байгаа зээлдэгчид олгодог. Манай журмаар зээлийн бүтцийг өөрчлөх боломж нь хязгаартай байдаг. Олон удаа зээлийн бүтцээ өөрчлөх, гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа зээлдэгчийн эрсдэл нэмэгдэж байдаг учраас ангиллыг бууруулах шаардлагатай болдог.
Харин энэ зохицуулалтын хүрээнд зээлээ одоогийн гэрээний дагуу төлөхөд хүндрэлтэй байгаа зээлдэгчдээс зээлийн гэрээний хугацаагаа сунгах, эргэн төлөлтийн хуваариа өөрчлүүлэх нэг удаагийн боломж олгож байгаа юм. Ингэж зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Зээлийн мэдээллийн санд хадгалагдах зээлийн ангилал буурахгүй буюу аливаа өөрчлөлт орохгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалт хэрэгжихээс өмнө зээлээ хугацаандаа төлж байсан боловч COVID-19-ийн үр дагавараас шалтгаалан цаашид төлбөрийн доголдол үүснэ гэж зээлдэгч үзэх тохиолдолд өөрийн банкиндаа хандаж зээлийн хуваариа өөрчлүүлэх хүсэлт тавих боломжтой. Хамгийн гол нь зээлдэгчид шинэ гэрээний дагуу зээлээ тогтмол, хуваарийн дагуу төлж байх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
Энэ боломжийг зээл авсан аж ахуйн нэгж болон иргэдэд олгож байна.
- Зээлийн хугацааг хойшлуулснаар банкинд үүсч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах вэ?
- Мэдээж зээлдэгчээс зээлээ төлөх хугацааг сунгана гэдэг нь банкуудад учрах эрсдэлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Гэхдээ Монголбанкны зүгээс банкуудад мөрдүүлж буй журам, зохицуулалтын хүрээнд түр хугацаанд уян хатан хандах байдлаар банкуудад хөнгөлөлт үзүүлж байгаа. Тухайлбал, дээр дурдсан ангилал бууруулах хугацааг уртасгахтай холбоотойгоор банкнаас байгуулах зээлийн эрсдэлийн сангийн зардал буурах боломжтойгоос гадна, хөрвөх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой зарим шаардлагыг бууруулах, хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
- Хэрэгжих хугацааны хувьд 1 сарын 31-ээс 7 сарын 31 гэж заасан нь ямар учиртай вэ?
- Энэ зохицуулалт хэрэгжих хугацаа гэж ойлгож болно. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл иргэдийн зээлийн ангиллын хөнгөлөлт үйлчилнэ.
- Тодруулга өгсөнд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Үйл явдал2024/05/08
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Үйл явдал2019/11/05
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай Тогтоолын төсөл өргөн...
-
Үйл явдал2025/04/16
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Дэлхий нийтээр..2025/06/24
ТЦА: Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хассан
