Дэлхий нийтээр..
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 93 хувьтай байна
УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллах үеэрээ "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Долдугаар сарын 20-ны байдлаар төмөр замын газар шорооны ажил 93, шугам хоолойн ажил 85 гаруй хувьтай, гүүрийн ажил 37 хувьтай үргэлжилж байна. “Монголын төмөр зам” ТӨХК захиалагчаар, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб төмөр замын доод бүтцийн ажлын, “УБТЗ” ХНН төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа аж. Эл төмөр замын урт 416.1 км үргэлжлэх бөгөөд 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац нь 25 тн, царигийн хэмжээ 1520 мм-ээр баригдаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар эхлээд “Зүүнбаян” өртөөний ажилтай танилцлаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын эхний 50 километрийг гүйцэтгэж дууссан. Коронавирусийн цар тахлын улмаас цементийн хомсдол үүссэн тул төлөвлөгөөт ажил 10-14 хоногийн хоцрогдолтой байна” гэлээ. Гэхдээ хоцрогдлоо арилгах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж буйгаа танилцууллаа.
Дараа нь Зэвсэгт хүчний 7781, 7782 дугаар ангийн дайчдын гүйцэтгэж буй VI зөрлөгийн барилгатай танилцав. Тус хэсэг төмөр замын далан болон хоолойн ажлуудыг гүйцэтгэж дуусчээ. Энэ хэсэг 600 гаруй алба хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус ангийн бие бүрэлдэхүүний 63 хувь нь офицер, ахлагч нар, 20 хувь нь гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, 9 хувь нь цэргийн ангид ажиллаж байгаа хүмүүс, 8 хувь нь бүтээн байгуулалтад оролцох хүсэлт гаргасан сайн дурын иргэд байгаа гэдгийг бригадын генерал Л.Гансэлэм онцоллоо.

Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийнхан бетон зуурмагийн үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байна. Тэд замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлын 1.7 сая шоо метр газар шорооны ажлыг гүйцэтгэж, 60 гаруй төмөр бетон хоолойг цутгажээ. Өнөөдрийн байдлаар тус ангийн хариуцсан 4 хэсэг газрын ажил бүрэн дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Нийт газар шорооны ажил 93 хувьтай байна.
Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын бутлуурын үйлдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж сонирхлоо. Уг үйлдвэр нь 1000-1200 шоо метр бластер үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 262 хоолойн барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусчээ. Монголын төмөр замтай хийсэн гэрээ ёсоор тус үйлдвэр 110 мянган бластер үйлдвэрлэхээс 103 мянгыг үйлдвэрлээд байгаа талаар бригадын генерал Х.Гансэлэм танилцууллаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд гэхэд 37 байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний, Цагаан суваргын зэсийн, Хармагтайн зэс, алтны, Манлайн нүүрсний, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, Оюут улаан, Өндөр жавхлан, Зөөвч овоо, Хашаатын говийн нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байгаа бөгөөд нийтдээ 6.0 орчим тэрбум тоннын нөөц баялаг байгаа юм. Энэхүү төмөр замаар жилдээ 15.0 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсноор баялгийн экспорт, тээвэрлэлтийн хэмжээ далайц нэмэгдэж, улсын төсвийн орлого, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Тэрбээр үндэсний төмөр замын шинэ түүхийг бичиж буй “Монголын төмөр зам” ТӨХК, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, “УБТЗ” ХНН-ийн хамт олонд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
