Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Б.Бямбасайхан: Залуу хүн зорилготой байж л хөгждөг

Огноо:

,

Сэтгүүлч:

-Сурч мэдсэнээ төрсөн нутагтаа зориулах сэтгэл минь намайг энд уядаг –

Өмнөговийн харьяат таньдаг ахтайгаа тааралдлаа. “Ах нь чамд нэг хүний тухай ярих гэсэн юм. Нас залуу гэхэд маш хэрсүү, дэндүү хөдөлмөрч эмэгтэй. Хамгийн гол нь байнга өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд чин сэтгэлээсээ хичээдэг зан нь надад их таалагддаг юм. Чи намтрыг нь уншаад үзээрэй. Ах нь чам руу майлээр явуулая. Ирээдүйгээ харсан, зөв сэтгэлтэй залуучууд л хөгжлийн түлхүүр биз дээ. Дэмжих л хэрэгтэй. Чи ярилцлага авбал сайн байна” гэлээ. Би ихэд олзуурхаж “Тэгэлгүй яахав. Хөдөлмөрч, зорилготой залуусаа дэмжихгүй бол сэтгүүлч гэж явахын хэрэг алга” гэсэн юм. Ах ч хэлсэн ёсоороо майл явуулж.

“Батхуягийн Бямбасайхан Миний бие нь 1984 оны 03-р сарын 18-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн. Хулгана жилтэй. Ам бүл 4. Нөхөр, хүү, охины хамт амьдардаг” гэж эхэлсэн намтар нь нэлээд урт хөвөрч. Залуу хүн хэдийдээ намтраа ингэтлээ зузаалав гэж бодож байсан ч уншиж дуусаад аливаад чин сэтгэлээ зориулдаг, үнэнч тууштай энэ бүсгүйн зорилго, тэмцэлд л гол учир нь байсан юм байнаа… Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаг бичдэг юм байна гэж бодсон билээ. Б.Бямбасайхан “2002 онд Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргэжээ. 2003 онд БХИС-ийн харъяа Радио операторын курсыг Радиотелеграфикч мэргэжлээр, 2009 онд Радио телевизийн дээд сургуулийн Найруулагч, сэтгүүлч мэргэжлээр тус тус төгсжээ. Мөн 2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн курс, 2011 онд Хэвлэлийн хүрээлэнгийн Эх бэлтгэл, дизайнерийн курст суралцсан байгаа юм. Түүний суралцах хүсэл эрмэлзэл үүгээр зогссонгүй, 2011 онд УТБА-ийг Төрийн удирлагын менежер мэргэжлээр, 2014 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр төгсжээ. 2016 онд РОУДС-д Төрийн  захиргааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан нь түүнийг сурч боловсрох, хөгжих дэвшихдээ хойрго хандаж хойш суудаггүй,  өөрийгөө хөгжүүлж, цагийг хий дэмий өнгөрүүлдэггүй хүн болох нь энэ хэдхэн баримтаас тодорхой харагдаж байгаа биз. Хувь хүн хөгжинө гэдэг улс орон хөгжихийн үндэс шүү дээ. Тэр өнцгөөс нь хараад Б.Бямбасайханаас үлгэрлэх, түүнд талархах сэтгэл төрснийг нуух юун.

Ажлын хувьд гэвэл Б.Бямбасайхан  2008 онд орон нутгийн “21-р суваг” ТВ-д зар сурталчилгааны менежер, сэтгүүлч, 2010 оноос “UCTV” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байгаад 2016 оны 9-р сараас одоог хүртэл аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанд мэргэжилтэн, албаны менежерээр ажиллаж байна. Угаасаа хөдөлмөрч, зорилготой хүн болохоор үүрэгт ажлынхаа хажуугаар  2009-2014 онд аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, 2015-2016 онд аймгийн НАМЭХ-ны тэргүүлэгч,  2014 оноос “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ-ийн Өмнөговь салбарын тэргүүн,  2015 оноос аймгийн ХЭАХН-ийн удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос аймгийн ГХУСАЗЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, 2019 оноос НАМЭХ-ны тэргүүлэгч зэрэг сонгуульд ажлыг гүйцэтгэж иржээ. Мөн 2016 оноос Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байгаа аж. Ёстой л нийгэм, улстөрийн идэвхтэй хүний л амжуулах ажил.

Говь нутгийн хөдөлмөрч нэгэн бүсгүйн тухай хүндэлж явдаг эрхэм ахаасаа анх сонсож, намтрыг нь уншсанаар эчнээ танил болсон Өмнөговь аймгийн хөгжлийг түүчээлж буй залуу үеийн төлөөлөл хөдөрмөрч, зөв сэтгэлтэй, зорилготой, зорилгодоо хүрэхийн төлөө хичээнгүйлэн,  чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж яваа Б.Бямбасайхан хэмээх шавилхан биетэй ухаалаг бүсгүйн үзэл бодлыг  нь хуваалцаж ярилцах боломж олдож бид хэсэгхэн хором ярилцсанаа энд сийрүүлье.

 -Өмнөговьчууд бол тэсвэр хатуужлаараа  алдартай. Их бичгийн хүн Бямбын Ренчин гуай “Их говийн зоригтон хүмүүс” гэж магтан дуулж, зохиол бүтээлдээ мөнхөлсөн байдаг. Та өмнийн шаргал говийн унаган бүсгүй. Өвөөгийн чинь дурсамжаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ?

–Баярлалаа. Та онож хэллээ. Миний нутгийн зон олон үнэхээр хөдөлмөрч, тэсвэр тэвчээртэй хүмүүс. Нэгэн жишээ хэлмээр санагдлаа. Социализмын үе л дээ. Хөдөлмөрийн баатар тэмээчнийд сум, нэгдлийн дарга нар нь ирж гэнэ. Жин үдийн нар голлож, халуун гэж жигтэйхэн. Харин баатар маань хээв нэг  тэмээгээ ноосолж зогсоно. Албаны улс “Иш та минь заавал энэ халуунд тэмээгээ ноосолдог нь юув дээ. Нар ташаарахыг хүлээхгүй дээ” гэвэл тэмээчин эр “Их үдийн наранд тэмээ номхон байдаг юм. Ноослоход амар” гэжээ. Дарга нар нь “Тэмээнээсээ тэвчээртэй хүн Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм дээд алдрыг хүртэлгүй яахав дээ”  гэж уулга алдаж байсан гэдэг. Миний өвөөгийн талаар та эхлээд асууж байгаа нь сайхан санагдлаа. Сайн ноён хан аймгийн Балдан засгийн хошууны амбан захирагч Минжүүрийнд  ганц нуган үр мэндэлсэн нь миний өвөө Дамба.

Өвөө маань хошуу ноёны өв залгамжлагч байсан бөгөөд одоогийн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Баян бор нурууны ард төрж өссөн гэдэг. Нэг ёсондоо язгууртан хүн байлаа. Тухайн цаг үе нь язгууртан болоод лам нарт халгаатай байсан болохоор 1937 оны хэлмэгдүүлэлтийн шуурганд авга ах зайран Их Минжүүр нь  өртөж хэдэн өнчин дүүтэйгээ  үлдсэн гэдэг. Мөн залуугаараа хань ижлээсээ салж ганц хүүгээ өсгөх хатуу тавилантай учирсан юм. Гэхдээ сэтгэлийн тэнхээтэй, ажилсаг хүн байсан учир  амьдралын хатуу хөтүүг  сөрж амьдарсан байгаа юм. Адуунд эрэмгий гэж гайхалтай. Морины сайныг унаж, Ноён, Сэврэй хийцийн жинхэнэ мөнгөн эдлэл хэрэглэлийг эдэлж ирсэн гэдэг юм. Өвөөгийн маань эдэлж хэрэглэж байсан манан хөөрөг, мөнгөн аяга, хормой шуулт, эмээл, хазаар нь аавд минь өвлөгдөн үлдсэн.  Нэгэнт өвөөгийн тухай ам нээж байгааг далимдуулаад аав Д.Батхуягаа дурсая гэж бодлоо.

Миний аав Д.Батхуяг нь 1939 оны зуны эхэн сард Өмнөговь аймгийн Сэврэй сумын Баян бор нурууны ард төрсөн хүн.  1948 онд Сэврэй сумын бага сургуульд элсэн орж 4 дүгээр ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаар хөдөө мал дээр гарч байсан юм билээ. Харамсалтай нь ээжийнхээ энгэрт эрхэлж, дэрвэх 13-хан насандаа хайрт ээжээсээ хагацсан даа. Тэр цагаас хойш аавтайгаа нэгдлийн олон адуу маллаж, тууварт явж, эмнэг хангал сургаж өссөн гэдэг юм. Мөн морь уяж уралдуулж сум орон нутагтаа хамгийн шилдэг адуучин болсон. Багаасаа хүнд хүчир ажил эрхэлж, тэр хэрээр эр бяр, ухаан бодол нь тэгширсэн  эр байлаа. Мөн сайхан барилдана. Барилдаан нь эвлэг, мэх нь уран бөгөөд хурдтай. Аав маань бидний ээжтэй гэр бүл болж 9 хүүхдийн ижий, аав болцгоосон. Би бага охин нь. Амьдалын ухаантай, алсын хараатай хүмүүс болохоор  үр хүүхдүүддээ их л зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Аав маань 2006 оны өвөл хүнд өвчний улмаас 67 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ. Өвөө, аав хоёр минь маш ажилсаг, ноён нуруутай, тусархуу, сайхан сэтгэлтэй, шулуун шударга хүмүүс байсан. Аав, ээжийнхээ захиас сургаалиар л явж ирлээ. Аав, ээж минь зөв явахыг л захиж сургадаг байсан.

-Зөв амьдрана гэдэг таныхаар ямар ойлголт бол? Таны баримтладаг гол зарчим?

-Аав, ээжийн минь үг сургааль алтнаас ч үнэтэй. Тэд маань биднийг бага байхаас эхлэн аливаа ажилд чин сэтгэлээсээ хандахыг зөвлөдөг байлаа. Мөн хар буруу санаагүй, атаа жөтөөгүй, ухаалаг, даруу, хөдөлмөрч, өгөөмөр амьдрахыг захиж сургаж  ирсэн. Тиймдээ ч би багаасаа л цагийг дэмий өнгөрөөхгүй юмсан гэж хичээж өссөн. Нэг дор олон ажил амжуулахын тулд зорилготой байх ёстой. Ийм л зарчим баримталж ирлээ.

–Та хэд хэдэн мэргэжил эзэмшиж. Гэхдээ нутгаасаа өөр газар ажиллаж байгаагүй юм байна. Нийслэлд  амьдрах бодол төрж байсан уу?

-Би энэ нутагт төрж, өссөн. Энэ нутагтаа л ажиллаж, амьдарна гэж боддог. Бүгдээрээ хот хүрээ газар руу зүтгэчихвэл хэн тухайн орон нутгийг хөгжүүлэх юм бэ? Сурч мэдсэнээ төрсөн нутагтаа зориулах сэтгэл минь намайг энд уядаг юм. Өмнөговь аймагт минь хөгжих боломж маш их байна. Гагцхүү залуус бид л өөрт ногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэх ёстой.

–Залуу хүн гэхэд та чамлахааргүй зүйл хийж бүтээж. Цаашдаа ч олон зүйл төлөвлөж байгаа нь мэдрэгдэж байна. Одоогийн залууст хандаж юу хэлмээр байна вэ?

-Зарим залуус цагийг дэмий өнгөрүүлж, аль болох амар хялбар аргаар амьдрах сонирхолтой болж. Ийм хандлага хотод ч, хөдөөд ч байна. Үүнд л их эмзэглэж явдаг даа. Залуу хүн зорилготой байх хэрэгтэй. Зорилготой хүн л хөгждөг юм. Хувь хүн  бүрийн хөгжил улс орны хөгжил дэвшлийн үндэс.

–Богинохон хугацаанд ярилцах боломж олгосон танд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд танай гэр бүлийн хүний тухай асууя гэж бодлоо. Таныг байнга дэмжиж, урмын үг хайрлаж явдаг хүн гэж яагаад ч юм бодогдлоо.

– Миний нөхөр чинь  тэмээчин хүн. Монгол Улсын гавьяат малчин Бүд гуайн дунд хүү Баттогтох гэж залуу бий. Намайг сурч боловсорч мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд хайрт ханийн минь нөмөр нөөлөг мэдээж их байсан. Ханьдаа үргэлж талархаж явдаг.

–Ярилцсанд баярлалаа. Дараа дахин уулзаж ярилцахдаа таатай байх болно. Танд амжилт хүсье.

Ярилцсан Д.Лхагвадорж

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/09/02

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга У...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэ...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ...

Үйл явдал2026/09/02

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно...

Үйл явдал2026/09/02

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй б...

Үйл явдал2026/09/01

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Үйл явдал2026/09/01

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Үйл явдал2026/09/01

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Үйл явдал2026/08/31

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал2026/08/31

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал2026/08/31

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал2026/08/31

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал2026/08/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал2026/08/31

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Санал болгох