Тод мэдээ
Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.
Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.
“Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулна
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна.
Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.
“Монгол хүн мэргэжлийн түвшинд ажил хийж болдог, хөдөлмөрлөж чаддагийг энэ төсөл харуулж байна”
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ,
“Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.
Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй.
Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа.
Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой.
Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг “Салхитын алт, мөнгөний орд” харуулж чадлаа.
Цаашлаад “Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна.
Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай “Бороо гоулд” алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй.
Одоо “Хармагтайн орд”-ыг яг “Салхитын алт, мөнгөний орд” шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ.
Тод мэдээ
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцоно
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны есдүгээр сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон.
Дэлхийн 100 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм.
Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай болоод ач холбогдол, боломжийг бий болгох вэ?
- Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгоно. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.
- Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломжтой.
- Газар, бэлчээрийн зохистой ашиглалт болон цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
- Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
- Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломжтой.
- Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө.
- Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох буюу түр ажлын байр нэмэгдэнэ.
Тиймээс СОР17 нь зөвхөн төрийн оролцоотой олон улсын байгууллагын хурал бус зохион байгуулагч Монгол Улс, монголчуудад олон боломж олгох томоохон үйл явдал юм.
Тод мэдээ
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.
- Зам хаах: 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагт
- Зам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
Тод мэдээ
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.