Өнөөдөр
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Өнөөдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 03 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийнөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 0-2 хэм дулаан байна.
2021 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 31-нээс баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Өнөөдөр
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плаза хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Баянгол дүүрэг 2, 3-р хорооны нутаг дэвсгэр, Хонхны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийнэ. Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 06:00 цагийн хооронд хааж, засварлана гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Өнөөдөр
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барина
Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс Нидерланд, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэд, ус, ойн чиглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан болон Нидерландын Засгийн газрын гамшгийн эрсдэлийг бууруулах албаны мэргэжилтнүүд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гуу жалга орчимд ажиллаж, гарц гаргалгаа, шийдлийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Нийслэлээс хотын дундуур урсаж байгаа голын усны менежментийг сайжруулах, дэлхийн стандартын түвшинд хийж хэрэгжүүлэхийн тулд олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Уг ажлын хүрээнд зөвхөн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бус дунд болон урт хугацаандаа голуудын урсацыг тохируулж, ус хуримтлуулах, тухайн орчимд тохижилт хийх зэргээр голын усны менежментийг сайжруулах бодлого барьж буй” гэв.
Голын усны менежментийн шийдлийн талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн жил буусан үерийн дараа бид олон орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Тэдний хэлж буйгаар манай хотын дундуур урсдаг голууд их хэмжээгээр бохирдож, лаг хагшаасаар дүүрсэн байсныг цэвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг тодотгосон. Мөн Улаанбаатар хот олон уулын дунд оршдог тул жижиг хэмжээний гуу жалга ихтэй. Иймээс гэнэтийн усархаг борооноор гуу жалганууд руу урсаж орж ирэх лагууд их байдаг учир тунгаах хэсгүүд хийн, лагийг цэвэрлэх боломжтой. Түүнчлэн Сэлбэ, Улиастай, Туул зэрэг томоохон голын хотын суурьшмал бүс рүү ордог хэсэгт хөв цөөрөм болон ус тунгаах хэсэг байгуулах нь зөв гэдэг шийдлүүдийг гаргаж өгсөн. Манай байгууллагын зүгээс Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн 2-3 байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар хийх гэж байна. Энэ арга нь үр дүнтэй байвал цаашид бусад байршилд нэвтрүүлнэ” гэсэн юм.
Өнөөдөр
Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-ны өдрөөс хяналт шалгалт хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан бөгөөд 39 зөрчил илрүүллээ.
Тодруулбал, хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний 8 нэр төрлийн 108 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, 7 аж ахуйн нэгж, иргэнд 5,200,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс ил задгай хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.
Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногооны 18 нэр төрлийн дээж авч Стандарт хэмжил зүйн газрын харьяа хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хорио цээр болон пестицидийн үлдэгдэл, нитрат тодорхойлохоор шинжилгээнд хамруулаад байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах талаар 23 аж ахуйн нэгж, иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.