Дэлхий нийтээр..
Оросын боловсролын онлайн үзэсгэлэн болно
ОХУ-ын ЗГ-аас зарладаг бакалавр, магистр, доктор болон зуны сургалтын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг угтан Оросын боловсролын үзэсгэлэнг жил бүр Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс /РЦНК/ зохион байгуулдаг. Энэ жилийн боловсролын үзэсгэлэн 2021 оны 10 сарын 20-26-ны өдрүүдэд EXPO.EDURUSSIA.MN хаягаар цахимаар хийгдэх гэж байна.
Үзэсгэлэн нь Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр, тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил болон сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгохоос гадна Орост суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг нэг дор олгодгоороо онцлогтой.
Үзэсгэлэнгийн үеэр ЗГ-ын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар Улаанбаатар дахь “Русский дом”-с албан ёсны мэдээлэл, зөвлөгөө өгч бичиг баримтаа зөв бүрдүүлэх, орчуулуулах, https://education-in-russia.com/ сайтад бүртгүүлэх зааварчилгааг өгнө. Мөн их сургуулиудын элсэлтийн зөвлөхүүдтэй монгол хэлээр шууд холбогдох боломжтой.
Түүнчлэн мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын ололт дэвшил, шинэ бүтээл, брэнд бүтээгдэхүүнүүд, IT, дижитал технологи, инженер техник, менежмент маркетинг, бизнес удирдлага, хими технологи чиглэлээр шилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц, ярилцлага, сургалтууд, Орост суралцаж буй оюутнуудын “Дорога в Россию-2021” онлайн Форум, Орост төгсөгчдийн “Вместе с альма-матер” онлайн Форум, төгсөгчдийн зөвлөгөө зэрэг үйл ажиллагаанууд хөтөлбөрт тусгагджээ.
Үзэсгэлэнгийн хөтөлбөртэй энд дарж танилцана уу:
http://cdn.greensoft.mn/upl.../users/2344/files/programm.pdf
Үзэсгэлэнд бүртгүүлэх бол энд дарна уу:
http://expo.edurussia.mn/
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг гэдэг нь:
- Бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын хөтөлбөрүүд
- 5-6 жилийн үнэ төлбөргүй сургалт + сар бүрийн цалин
- 600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас сонгоно
- Орос хэлний мэдлэгийн оноо, ЕЭШ-ийн оноо шаардахгүй
- Банканд мөнгө байршуулахгүй, ажил хийх зөвшөөрөлтэй
- Сургууль, байр - нэгдсэн кампус хотхонд байрлана
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагууд:
Горилогчдын баримт бичгийг шалгах явцад Экспертын комисс нь дараах зүйлийг харгалзан үзэх болно. Үүнд:
- Боловсролын тухай үнэмлэхийн дундаж оноо
- Голлох хичээлийн дундаж оноо
- Нийгмийн ач холбогдол бүхий ололт амжилт, түүний дотор Русский Дом в Улан-Баторе-ийн арга хэмжээнд оролцсон байдал (спорт, нийгмийн амьдрал, урлагийн уралдаан тэмцээн гэх мэт)
- Тухайн чиглэлийн олон улсын олимпиад, бага хуралд оролцсон байдал, нийтлэлүүд:
✔Хотын түвшинд (магистр ба аспирантуудын хувьд их сургуулиуд)
✔Орос Улсад зохион явуулсан олимпиадууд
✔Бүх оросын олимпиад
✔Бага хуралд илтгэл тавьсан, нийтлэлүүд (диплом эсвэл нийтлэлийн скан хуулбараар баталгаажуулсан байна)
- Олон улсын ажиллагаанд оролцсон байдал (Ялалт, Бүхнийг хамарсан буюу тотал, Угсаатан зүйн зэрэг диктантууд-цээж бичиг)
Баримт бичгийг дүгнэхдээ Олимпиадуудын ялагч, шагналт байрны дипломуудыг харгалзаж үзнэ гэдгийг анхаарна уу!
Сонгон шалгаруулалтын ажлын хуваарь, шалгуур, шаардлагуудын дэлгэрэнгүй мэдээллүүд:
Хавсралт 1:
Хавсралт 1.1.:
Хавсралт 2:
Хавсралт 3:

Боловсрол, шинжлэх ухааны яам
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
