Дэлхий нийтээр..
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа
Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар Баянзүрх дүүргийн 12 хорооны нутагт гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдаж буй барилгын В, Е хэсэгчилсэн талбарт ажиллалаа. Тэрхүү хэсэгчилсэн талбарт төсөлд шалгарсан “Скай вип констракшн”, “Гурван бухат” ХХК, “Батхэрэйд” ХХК-ийн барилгажуулах ажлын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.

Баянзүрх дүүргийн 12-р хороо Е хэсэгчилсэн талбайн 23.3 га газарт 4000 айлын орон сууц, 500 хүүхдийн цэцэрлэг, 1000 хүүхдийн сургууль, В хэсэгчилсэн талбайн 25.6 га газарт 3200 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох юм. Одоогоор В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Батхэрэйд” ХХК нийт талбайн 30 гаруй хувьд орон сууц бариад байна.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:
-Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт өмнөх жилүүдэд удаашралтай явагдаж, жилд 1500 орчим айлын орон сууц дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орж байсан. Энэ жилээс бид энэ тоог 3-5 мянгад хүргэхээр зорьж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон төрлийн бодлого хэрэгжүүлж байж бид зорьсон тоондоо хүрнэ. Төсөлд шалгарсан компаниуд маань үнийн өсөлтийг сөрөн ажлаа үргэлжлүүлсээр байгаад талархаж байна. Мөн ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэн гэр хорооллын нүхэн жорлонг буулгажээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжсэнээр төвлөрөл саарч, агаар хөрсний бохирдол буурахын дээр тэр хэрээр ядуурал буурч, амьдрах орчин сайжирна. Цаашид нийслэл, хувийн хэвшил, иргэний хамтын түншлэл, шийдвэрээр Гэр хорооллыг барилгажуулах төсөл урагшлах ёстой. Цаашид хотын зүгээс бүхий л талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Манай төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар дээшлэн, газар эдийн засгийн эргэлтэд орж, ажлын байр нэмэгдэх төдийгүй байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлэх өндөр ач холбогдолтой юм гэлээ.

“Гурван бухат” ХХК-ийн захирал М.Гантулга:
-Манай нэгж талбарт энэ хаврын хувьд газраа чөлөөлсөн 27 айл бий. Тэдгээрийн 13 нь нүүж явсан. Нийтдээ 18 блок 5, 12, 16 давхар барилгууд барихаас зургаан барилгыг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна. Бид зөвхөн орон сууцнаас гадна үзэсгэлэнгийн танхим, төр захиргааны байр барина.
-Газар чөлөөлөлт хийгээд барилга, орон сууц барихад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?
-Газар чөлөөлөх явцад багагүй бэрхшээл учирч байна. Бид газраа чөлөөлсөн айл өрхүүдэд байр өгөхөөр гэрээ байгуулж байгаа. Иргэд газраа бэлэн мөнгөөр өгөх, их хэмжээний талбай бүхий орон сууц хүсэх нь бий. Манай төсөл нийт 259 нэгж талбарт хэрэгжинэ. Түүний 30 орчим хувьд нь аж ахуй эрхэлдэг айлууд бий. Тэд хэлэлцээр хийхгүй гэсэн байр суурьтай байна. Зарим айлууд урьд өмнөх компаниудтайгаа ойлголцохгүйгээс болоод бүлэг үүсгэчихсэн жаахан хүндрэлтэй л байна. Таван давхар барилга бүхий хэсэгт 360 айлын орон сууц баригдана.
Өнөөдрийн уулзалтад иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд амьдрах орчноо сайхан болгохын тулд түргэн нүүсэн гэх иргэд цөөнгүй байлаа. Харин иргэн Н.Баярцог дахин төлөвлөлтийг дэмжиж буй боловч хашаандаа 30 жил амьдрахдаа 500 гаруй мод тарьсан нэгэн аж. Нарс гацуураас эхлээд алим, лимоны мод хүртэл тарьсан тул хашаандаа амины орон сууц барьж аж төрөх сонирхолтойгоо илэрхийллээ. Түүний хүсэлтийг сонсоод Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар дараах тайлбарыг хэлсэн.

-Иргэн Н.Баярцог шиг хүсэлтэй иргэд байдаг. Тэдний хувьд амины орон сууц маягаар аж төрж болно. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөндөө тусгаад өгч болно. Амины орон сууц маягаар үлдэж буй айлууд 2-3 давхраас өндөр, 400 метр квадратаас илүү талбайтай байр барьж болохгүй. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжгүй гэх мэт шаардлагуудыг тавина. Нэг хоёр жилийн дараа газар дээрээ өөр барилга бариулчихна гэж бодож буй хүмүүс байгаа бол боломжгүй юм шүү гэдгийг сайн ойлгоорой хэмээсэн юм.
Нийслэлийн удирдлагуудын очсон удаах талбар нь В талбар юм. Тус газарт “Бат хэрэйд” ХХК сургууль, цэцэрлэг барьж, 12 дугаар хорооны хүүхдүүдийг оруулах ажээ.

“Бат хэрэйд” ХХК-ийн захирал Д.Байгалмаа:
-Манай компани үйлчилгээтэй 128 айлын орон сууц барьж байна. В хэсэгчилсэн талбарт 295 айлын хашааны газрыг чөлөөлөхөөс 80 гаруй хувь нь гэрээгээ хийсэн. 78 айлын хашааг чөлөөлж 120 гаруй айлыг орон сууцанд оруулаад байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол яалт ч үгүй иргэд, төр, компани гурав ойлголцож, хамтарч байж үр дүн гарах юм. Орон сууцанд орсон айлууд маань баяртай байгаа. Энэ орчинд олон жил суурьшаад орчин нөхцөл тааруу, хөрсний бохирдол ихтэй, нүхэн жорлонгоо сэлгэж барих газаргүй болсон байсан.
Манай төсөл нийтдээ 3800 гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг барина. 2028 оны хүртэлх төлөвлөгөө график гаргаад, түүнийхээ дагуу ажиллаж байна гэсэн юм.


Нийслэлийн хэмжээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 43 талбарт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулаад байгаа юм. 2020 онд л гэхэд 30 орчим аж ахуйн нэгж төсөлд шалгарсан боловч 10 нь ажиллаад, 10 нь огт ажиллаагүй, үлдсэн нь иргэдтэйгээ ойлголцоогүйгээс ажлаа зогсоосон зэрэг хүндрэлтэй байсан бол өнгөрч буй хоёр жилийн хугацаанд нэлээд эрчимтэй ажилласан. Ковидын үед бид бодлогын баримт бичгээ цэгцэлсний үр шим одоо гарч байна хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч онцоллоо.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/03/29
Орчуулгын уралдаан дуусахад 12 хоног үлдлээ
-
Дэлхий нийтээр..2026/02/05
“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож б...
-
Дэлхий нийтээр..2023/11/17
“Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачил...
-
Дэлхий нийтээр..2024/09/24
Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад JICA хамтарч ажиллахад бэлэн гэв
