Тод мэдээ
Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Саналыг бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ. Ийнхүү Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатарыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар тогтов.
Санал хураалтын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн ИТХ-аас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгааг өндөр хариуцлага хэмээн хүлээн авч, ухамсарлаж байна” гэдгийг үгийнхээ эхэнд тодотгосон юм. Улмаар “...Энэ амаргүй хүндхэн цаг үед зоримог шийдвэрийг гаргаж байж “Авлигагүй Улаанбаатар-Шинэ сэргэлт”-ийг эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй алба хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх, зүтгэл, сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна…” гэсэн юм. Улмаар нийслэлийн засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хийх, нийслэл Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бодлогын талаар онцгой анхаарал хандуулж, ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Түүнчлэн хотын эдийн засгийн суурийг бэхжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжин, түгжрэлийг сааруулах цогц арга хэмжээний талаарх бодлого төлөвлөгөөгөө мөн танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Хишгээгийн Нямбаатарын намтар:
БОЛОВСРОЛ:
- 1986-1996 он Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургууль
- 1996-2000 он Орхон Их сургууль эрхзүйч, бакалавр
- 2000-2002 он Орхон Их сургууль Боловсрол судлалын магистр
- 2006-2008 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны магистр
- 2017 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны докторант
АЖЛЫН ТУРШЛАГА:
- Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
- Сонгинохайрхан дүүргийн Хуулийн хэлтэст мэргэжилтэн
- Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга
- Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга
- Монгол Улсын Их Хурлын гишүүн /2016-2020, 2020-2023/
- Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Тод мэдээ2023/11/03
БНХАУ-д сургалтад хамрагдсан сувилагчид туршлага солилцов
-
Тод мэдээ2023/12/07
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
-
Чөлөөт бүс2020/07/26
Монгол руу явуулсан Гитлерийн экспедиц юу хайсан бэ?
-
Өнөөдөр2023/10/12
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана