Тод мэдээ
Ухаалаг хот ба гео оройн зайн мэдээллийн технологи семинар боллоо

НЗДТГ, АНУ-ын Вашингтон хотын Потомакийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ухаалаг хот ба гео орон зайн мэдээллийн технологи семинар өнөөдөр боллоо. Семинарт нийслэлийн нутгийн захиргааны 33 байгууллагын хот төлөвлөлт, хотын тулгамдсан асуудлыг хариуцан ажилладаг албан хаагчид, инженерүүд зэрэг 71 албан хаагч хамрагдав.
Тус семинарт АНУ-ын Вашингтон хотын Потомакийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн декан, бизнесийн ухааны доктор, профессор С.Андроников оролцсон юм. Тэрбээр илтгэлээрээ Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудал, Улаанбаатар хотыг хэрхэн тогтвортой, үр ашигтай хөгжүүлэх вэ, ухаалаг хот ба орон зайн мэдээллийн технологийн уялдаа, ухаалаг хотын шийдэл, дүрэм, засаглал, ухаалаг хотын сайн туршлага, гео орон зайн мэдээллийн технологийн орчин үеийн чиг хандлага зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэлээ.
Семинарт оролцогчид газар зүйн орон зайн мэдээллийг аль талаас нь судалбал үр өгөөжтэй вэ, Улаанбаатар хотын боломжийг хэрхэн харж байна вэ, бидэнд ямар давуу тал байгаа вэ, дата өгөгдлийг хэрхэн бий болгох вэ, бид юун дээр анхаарах вэ, орон зайн технологийг хөгжүүлэхэд эрсдэл нь юу вэ зэрэг сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Доктор, профессор С.Андроников Улаанбаатар хотыг ухаалаг хот болгон хөгжүүлэхэд хямд өртгөөр виртуал хотыг бий болгох боломжуудыг эрэлхийлэх, төрийн байгууллагууд дата мэдээллээ нээлттэй солилцож, асуудлыг цаг тухайд нь шуурхай шийдэх орчинг бүрдүүлэх нь чухал болохыг онцоллоо.
Тод мэдээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад өнөөдөр айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана.
Айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчилна.
Тод мэдээ
Монголд анх удаа “Milk Festival-2025” болно
Улс орнууд "Дэлхийн сүүний өдөр" (World Milk Day)-ийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай. Сүү сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа сүүний салбарын ач холбогдлыг таниулах зорилготой уг өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025” нэрээр зохион байгуулахаар боллоо.
Тэртээ 2001 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) санаачлан эхлүүлсэн энэхүү өдрийг манай улсад тус салбарын мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол өнөө жил цар хүрээгээ тэлж, үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох
- Сүү ХК,
- АПУ ДЭЙРИ ХХК,
- Тэсо Фүүдс ХХК,
- Витафит Милк ХХК,
- Монфреш ХХК,
- Үлэмж Органик ХХК болон ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Монголын сүүний нэгдсэн холбоо нар хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
Хүүхдийн тэтгэмжийг 2854 тэтгэлэг төлөгч гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2025 оны I улирлын байдлаар Нийслэлийн хэмжээнд тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Зөрчлийн тухай хуулиар тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол хүүхдийн эрхийн зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Судалгаагаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчилд хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй нь тогтоогджээ. Тухайлбал: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй 6236 хэргээс 3382 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлдөг бол 2854 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлөөгүй 1822 төлбөр төлөгч байгаагаас 51 хувь буюу 935 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх ажиллагаа явуулаагүй, 25 хувь буюу 460 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх боломжгүй, 14 хувь буюу 264 оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа, 8 хувь буюу 133 төлбөр төлөгч хорих ял эдэлж байгаа, 2 хувь буюу 30 төлбөр төлөгч Монгол улсын хилээр гарсан байна.
Тус прокурорын газраас хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хугацаатай үүрэг өгч, албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу тэтгэлэг төлөгчийн оршин суугаа газрын Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлэх, хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нийт гомдол, мэдээллийг нэн даруй шалган шийдвэрлэх, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг авах талаар тусгасан байна.
-
Тод мэдээ2021/08/25
Шадар сайд С.Амарсайхан Завхан аймагт ажиллаж байна
-
Тод индэр2020/12/21
БЗД-ийн иргэд “COVID/19”-ийн шинжилгээ өгөх хуваарь, байршил
-
Тод мэдээ2024/04/10
Цэргийн төв эмнэлгийн эрт илрүүлгийн баг Сүхбаатар аймагт ажиллаж байна
-
Тод зураг2020/01/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна