Дэлхий нийтээр..
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эхэллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр барилгын төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр эдийн засаг тэлэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тодотгоод Засгийн газраас хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай үйлчлүүлэгчдийг эх орондоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулах шийдвэр гаргаж, барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм ч үүн рүү чиглэж байгааг хэллээ. Мөн улстөржилтөөс шалтгаалж томоохон төслүүд гацах ёсгүй. Хөрөнгө оруулалтуудын төсвийг бүтэн тавина. 2026 онд ашиглалтад орох энэ төслийн хүрээнд эмнэлгийн барилга, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УНТЭ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж ирсэн. Цаашид энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэх хандлагатай байгаа. Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 600 гаруй хүн байна. Энэ төв ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох маш том боломж бүрдэнэ. 2011 оноос зураг төсөв нь хийгдэж, яригдаж эхэлсэн уг төвийн хөрөнгө оруулалт хамтарсан Засгийн газрын үед шийдэгдэж, барилгын ажил ийнхүү эхэлж байна. Эрүүл мэндийн салбарынхан болон ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Гадаадад энэ төрлийн мэс заслын өртөг 300-450 сая төгрөг орчим байдаг бөгөөд монголчууд 2023 онд 203 сая ам.долларыг хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авахад зориулжээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засгийн хувьд гадаад валютын нөөцөө хамгаалж, дотооддоо эргэлтэд оруулах ач холбогдолтойг Ерөнхий сайд нэмж тодотгов. Мөн Засгийн газраас 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон өргөжүүлж, орчин үеийн техник технологийн дэвшил, AI хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийг гадаадад бэлтгэж, 2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг дөрвөн ортой байгуулж байжээ. Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эсийн эмчилгээ болон шинэ технологи, инновацыг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэх төдийгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад хийлгэснээс 10-50 дахин бага зардлаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн нэг жилд хоёр дахин олон хүнд үйлчлэх боломж бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд 160-180 үйлчлүүлэгч хамруулна. Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг 10 хувиар бууруулах ач холбогдолтой юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
