Тод индэр
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“УИХ-ын эрхэм гишүүд ээ!
Найм дахь удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.
Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.
Учир нь өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд УИХ-ын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон. 2004, 2008, 2012, 2016 оны Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн нарийвчилсан тоо баримтыг харвал 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ. Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан байна. Улсын Их хуралд хоёр ч бүлэг байгуулчих хэмжээний тоо юм. Гишүүдэд хамаарах тусгай зөвшөөрлийн тоо нь 230. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжид ногдох улсын дунджаас 3.5 дахин их байна гэсэн үг.
Ийм зарчимгүй, ёс зүйгүй явдал Та бүхнээс гарах ёсгүй шүү. Та бүхэн бол ард түмнийг төлөөлж, тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө эрх олгогч, өөрсдийнхөө хөрөнгө орлогыг тэрбум тэрбумаар өсгөгч нар биш юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.
Сонгуулийн Ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 “…Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, 35.2.1 “…эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан нь зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт, сонгогчдод бас төрүүллээ. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооны ноцтой алдаа.
Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа.
Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг мөн өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна.
УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай.
Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоосоо авсан Ардчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг Та бүхнээс хүсэж байна. Яагаад гэвэл цар тахлын улмаас Монгол улсад экспортын орлогын хомсдол нүүрлэж, төсөв алдагдал хүлээж, эдийн засаг эрс дордох төлөв тодорхой харагдаж байна. Монголын 900 мянга орчим өрхийн амьдралыг доройтуулахгүй байлгах, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалахад Та бүхэн олонхын бүлэгтэй үндэсний эв нэгдэл, ард түмний эрх ашгийн төлөө ойлголцож ажиллах цаг үе иржээ.
Өмнөх парламентуудад хэвшил болсон талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга бат хариуцлагатайгаар, бүлгээрээ нэгдмэл ажиллахыг Та бүхэн хичээх ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиудад Та бүхний сонгогчдоос авсан дэмжлэгийн бууралт хатуу сануулж байна.
2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4%
2012 онд 35.3%
2016 онд 33.6%
2020 онд 24.5 хувийн дэмжлэг хүлээжээ.
Энэ бол иргэдээс Ардчилсан намд өгч байгаа бодит үнэлэмж, мөн сануулга юм. Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм. Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгааг ч үйл ажиллагаандаа анхаарах, тусгах ёстой болж байна. Энэ сонгуулийн үр дүнгээр сонгогчдын 54 хувийн дэмжлэгийг хүлээсэн нам, эвслүүдийн оролцоо гээгдэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал, сөрөг хүчин олигтой ажиллаагүйн харгай гэж үзэхээс өөр арга алга. Ардчилсан нам хамгийн гол сөрөг хүчний хувьд улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, таарах стратеги тактикийг боловсруулж, бусад нам эвсэл, бие даагч нарыг өөрийн эвсэлдээ урьж оруулан, энэхүү сонгуульд оролцсон бол дор хаяж нийт сонгогчдын саналын 54 хувийг нэгтгэж, өнөөдөр УИХ-д олонх болох боломж байсан юм.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар үнэтэй сургамж үлдээж байгааг нийт гишүүд анхаарч, холбогдох хуульд тусгах ёстой болж байна.
Юуны өмнө сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. Сонгуулийн гажуу системийн ачаар олонх биш олонхын засаглалыг үүсгэж байгаа нь шийдвэр гаргалтад гажуудал үүсгэх, иргэдийн бухимдал эргэлзээг төрүүлэх үндсэн нөхцөл болж байгааг анхаарах ёстой. Сонгогчдын санал, дэмжлэг парламентад тусгалаа олдог тийм шударга, зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах байдалд аваачих эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна.
Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол УИХ нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогдогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй.
УИХ-ын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ илүү төвлөрөх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудалд гүнзгий хутгалдаж, элдэв сангийн мөнгийг өөрсдөдөө хуваарилж байсан гажуудлыг арилгах, гишүүдийг төсөв, мөнгөнөөс хол байлгахад чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг Та бүхэн хийх ёстой.
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад Та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого, өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар туулахад бидэнд тусална.
Уул уурхайн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр зам, дэд бүтцүүдээ шуурхай барьж дуусгах, уул уурхайн экспортыг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд шаардагдах хууль, дүрэм журмыг батлан гаргах, баялгаас олох орлогыг хүртээмжтэй хуваарилах гээд маш олон хариуцлагатай ажил Та бүхний өмнө хүлээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд хэдий оройтсон ч Засгийн газартай ойлголцож, нягт хамтран ажилласны үр дүнд Гашуунсухайт – Тавантолгой, Тавантолгой – Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашид Алтанширээт – Баруун-урт, Баруун-урт – Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг УИХ, Засгийн газарт ногдож байгаа юм. Эдгээр төмөр замын маршрутын дагууд Тавантолгой, Оюутолгой, Хармагтай, Цагаан суварга, Манлай, Хараат уул, Төхөм, Төмөрт зэрэг томоохон ашигт малтмалын 36 орд газар байрлаж байгаа нь уул уурхайн экспортод үлэмж түлхэц өгөх юм. Дараагийн алхам бол уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажил болно. Үүнийг та бид хамтдаа хийх үүрэгтэй. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг яаралтай бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох шаардлагатай байна.
Та бүхэн эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах төслүүдийг мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу амлалтаа биелүүлэхийг бүх боломжоороо дэмжиж өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй байна. Нөхөгддөг баялаг болох мал аж ахуйн орлогыг эрс нэмэгдүүлэхэд арьс шир, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжих нэн шаардлагатай байна. Гучин жил ярьсны эцэст эхлүүлсэн Дарханд босгож байгаа Арьс шир, ноос, ноолуур боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг Та бүхэн бодлогоор дэмжиж хурдан шуурхай ажиллаасай гэж хүсэж байна. Жилд 10 – 15 сая ширхэг арьс боловсруулах тус цогцолбор нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд борлуулснаар экспортын орлогыг үлэмж өсгөхөөс гадна Дархан хотод 8000 гаруй байнгын ажлын байр бий болгож, 180 орчим мянган малчин өрхийн тогтвортой орлогын баталгаа болох юм. Арьс шир боловсруулах 13 үйлдвэр, жилд 10 мянган тонн ноос боловсруулах ноос, ноолуур угаах самнах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд баригдаж байгаа. Үүнийг яаралтай үргэлжлүүлж, яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна.
Эрхэм гишүүд ээ,
Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна.
Асар их ажил, хүнд зорилтууд, зоригтой шийдлүүд Та бүхнийг хүлээж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс, Монголын ард түмэн хөгжин цэцэглэж, дэвжин дээшлэх болтугай” гэлээ.
Тод индэр
Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
Тод индэр
О.Батнайрамдал: Бакалаврын төвшинд суралцагчдад тэтгэлэг, магистр, докторын төвшинд бол зээл олгохоор зохицуулах нь зөв байна
Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв?
-Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм. Хамгийн үнэ цэнэтэй, тэр хэрээрээ хамгийн их хөрөнгө оруулалттай сан юм. Гэхдээ энэ сан өнгөрсөн хугацаанд зээл олгох журмаасаа эхлээд эргэн төлөлт хүртэл олон асуудлыг дагуулсаар байна. Нийтдээ 360 тэрбум төгрөгийн гадаад зээлийн санхүүжилт олгосон боловч эргэн төлөлтөд асуудал үүсч байна. Боловсролын зээлийн сан журмаар зохицуулагдаж ирсэн. Энэхүү мөрдөгдөж буй журам 27 хуудас бүхий олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон учраас ойлгомжгүй, ишлэлээс ишлэгдсэн маягтай баримт бичиг болжээ. Тиймээс журам бүрэн шинэчлэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Ингээд 2025 оны сонгон шалгаруулалтаас өмнө Боловсролын сангийн зээлийн журмыг шинэчлэхээр ажиллаж байна. Манай ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох яаманд хүргүүлэхэд бэлэн болоод байна.
-Боловсролын зээлийн сангийн журмын төсөлд ямар ямар өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан бэ?
- Ер нь бол Боловсролын зээлийн сан алсын хараагаасаа эхлээд стратегийн хувьд шинэчлэл хийх шаардлага буй болжээ. Жишээлбэл, Боловсролын зээлийн сан гэх атлаа нийт санхүүжилтийн 87 орчим хувь нь тэтгэлэг болж олгогдож байна. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх тусам хөдөлмөрийн зах зээлтэй уялдаад эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй нийцүүлэн Боловсролын зээлийн сангийн стратегийг тодорхойлох ёстой. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 35-45 хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт буюу бакалаврын боловсрол эзэмшихэд олгогдож байна. Гэтэл дэлхийн 100 топ сургуульд тэнцсэн хүүхдэд зээл хэлбэрээр олгогдож байна. Энэ нь харьцангуй ялгаатай байдал үүсээд байгаа юм. Мөн өндөр мөнгөн дүнгээр буюу 100-200 мянган ам. долларын зээл авсан оюутан бакалавраа төгсч ирээд зээлийг эргэн төлөх нь асуудалтай. Ер нь дөнгөж бакалаврын түвшний боловсрол эзэмшээд өндөр хэмжээний зээл төлөх нь хэцүү учраас зээлийн эргэн төлөлт ч тааруу явж ирсэнтэй холбоотой байх.
Тэгэхээр бакалаврын төвшинд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр тэтгэлэг, магистр, доктор буюу ахисан төвшинд зээл олгохоор зохицуулах нь зөв байна. Өөрөөр хэлбэл, ахисан төвшинд зээлээр суралцагч санхүүгийн хувьд зээлийг эргэн төлөх боломжтой болсон байна. Хоёрдугаарт, гадаадын их, дээд сургуульд суралцах хүүхдийн сонгон шалгаруулалтыг эрэмбэ, ерөнхий тест явуулж шалгаруулж байна. Зөвхөн эрэмбийг харах нь өрөөсгөл учраас тухайн хүүхэд өөрсийн санаачлагаар тэтгэлэг авсан бол үнэлэгдэж, оноожуулалтад нь ордог байх ёстой. Мөн тухайн сургуулийн төлбөрийн хэмжээг оноожуулалтад тусгах нь зөв хэмээн үзэж байна. Яагаад гэвэл зарим сургууль эрэмбэ нь ойролцоо атлаа хэд дахин илүү төлбөртэй байх тохиолдол байдаг. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын Их сургуульд 200 мянган ам.доллараар суралцуулахаар нэг хүүхэд явуулах нь уу эсвэл эрэмбээрээ ойролцоо Токиогийн их сургуульд яг энэ төсвөөр 10 хүүхэд суралцуулах уу гэдгийг бололцох ёстой. Энэ мэт уялдааг оноожуулалтад шингээж өгч байж, харилцан ашигтай, хүртээмжтэй зээлийн олголтыг шинэчлэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн.
- Төрийн албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зээлийн сангаас тэтгэлэг өгч болох уу?
- Төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжин чадавхжуулах хүрээнд гадаад болон дотоодын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Мөн шаардлагатай тохиолдолд гадаад хэлний бэлтгэлд хамруулах боломжийг олгоно. Түүнээс гадаадад суралцаад төгссөн хүүхэд тухайн орондоо ажлын туршлага хуримтлуулж ирэх боломжийг олгох уян хатан зохицуулалтыг тусгалаа. Хэрвээ эргэн ирэхгүй бол тэтгэлэг зээл хэлбэрт шилжиж, эргэн төлөгдөх нөхцөлттэй байна. Тухайн суралцагч энэ бүхнээ бүрэн ялгаж ойлгосон байхын тулд журмын шинэчлэл мөн чиглэж байна. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжаар суралцах боломжийг журамд тусгах ёстой юм.
-Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох зарчмаар төсөвлөсөн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?
- 2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Түүний 33,6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр саналыг боловсруулсан юм.
Тод индэр
Т.Баярхүү: Хуурайшилт ихтэй сумдад түймрийн эрсдэл маш өндөр байна
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, ой хээрийн түймэр, шар усны үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ талаар УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийт нутгаар хуурайшилт өндөр байгаа. Баруун аймгуудад цас ихтэй байгаа учраас шар усны үерийн эрсдэл өндөр байна. Өнгөрсөн долоон хоногт зүүн аймгуудад бүртгэгдсэн хээрийн түймэр түүнийг унтраах үйл ажиллагааг зохион байгуулсан аймгийн онцгой комиссын мэдээлэл, түймрийн хор уршгийг арилгах, түймэрт өртсөн айл өрхүүдэд чиглэсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.
Зүүн аймгууд ой хээрийн түймрийн эрсдэлтэй байгаа учраас хөдөлгөөнт бүлгүүд болон хяналтыг цэгүүдийг ажиллуулах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ чиглэлийн үйл ажиллагааг нэлээд эрчимжүүлэх үүргийг холбогдох аймаг орон нутгийн онцгой комиссын байгууллагад өгсөн.
Он гарснаас хойш 28 гал түймэр бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргүүдийн статистик тоо баримтыг аваад үзэхээр 46 орчим хувь нь шалтгаан эзэн холбогдогч нь тодорхой байна. Жишээлбэл хогийн цэгээс, машины яндангаас, айлын янданг ил задгай орхисон үнс нурмаас гэх мэтчилэн шалтгаанаас үүдэлтэй гал гарчээ. Харин 56 орчим хувь нь эзэн холбогдогч тодорхойгүй байна. Үүн дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Түймэрт өртсөн айл өрхүүдэд УОК-оос гэр хүнсний багц, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэлүүдийг эхний ээлжид хүргэж өгсөн. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гамшигт өртсөн айл өрхүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тусламжуудыг үзүүлсэн. Мөн ХХҮЕ-аас тухайн иргэдтэй уулзалт зохион байгуулж үнэлгээ хийгээд цаашид малжуулах чиглэлээр ямар төсөл хөтөлбөрт хамруулах чиглэлээр судалгааны ажил үргэлжилж байгаа.
Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудын цас одоохондоо хайлж дуусаагүй байна. Цастай байгаа газруудаар түймэр арай бага байгаа бол бусад аймаг, хуурайшилт ихтэй сумдад түймрийн эрсдэл маш өндөр байна. Ер нь өдөр ирэх тусам түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймээс дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.
-
Өнөөдөр2020/05/19
Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ
-
Өнөөдөр2021/01/27
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
-
Өнөөдөр2023/09/08
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод мэдээ2024/03/15
"Архашаат" боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрө...