Хэн юу хэлэв...
Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна
Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр. Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заажээ. Мөн 2009 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн парад жагсдаг уламжлалтай.
Дэлхийн нийтийг коронавирусний цар тахлын аюул нөмөрч, манай орон бэлэн байдлын өндөржүүлсэн төвшинд ажиллаж, амьдарч байгаа энэ өдөр ч Монголчууд бид Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд алтан соёмбот Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлнэ.

Монгол түмний Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх болсон түүхээс товч өгүүлсү. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн ажээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилгаар 2008 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жил бүрийн долоодугаар сарын 10-ныг Монгол Улсын төрийн далбааны өдөр байхаар заасныг УИХ-аас дэмжин баталсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, Улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан байдаг. Харин 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхэлсэн байна.
Монгол Улсын Төрийн далбааны түүхээс...
Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй. 1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.
![]()
Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.
Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.
![]()
Тэгвэл 1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.
Харин 1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмэн хийх болсон нь шинээр нэмэгджээ.
1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2:1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна. Энэ үйл явдлыг Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.
![]()
Улмаар 1949 онд Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны талаархи заалт дараах байдалтай болжээ. Энэ нь “Зуун зургадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо тэмдэг, бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна” гэжээ.
1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.
![]()
Харин 1992 оноос хэрэглэж байгаа Монгол Улсын төрийн далбаа улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдагтай холбоотой.
Сонирхуулахад, гадаадын улс орнууд ч төрийнхөө далбаанд хүндэтгэл үзүүлдэг. Тухайлбал, Канад улс хоёрдугаар сарын 15, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14, Европын холбоо тавдугаар сарын 9, Итали Улс нэгдүгээр сарын 7-нд тус тус Төрийн далбааны өдөрөө тэмдэглэдэг байна.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2023/08/01
Үүрэг нуурын эргийн менежменттэй танилцлаа
-
Чөлөөт бүс2019/10/28
Дэлхийн цэргийн наадамд манай улсын 82 тамирчин өрсөлдөж байна
-
Дэлхий нийтээр..2025/01/28
Угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрхөд зөвлөгөө, мэдээлэл өглөө
-
Дэлхий нийтээр..2024/10/28
Улаанбаатар хот Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
