Чөлөөт бүс
Хужирт яваа тарвагыг агнаж болдоггүй
Тарвага бүлээр амьдардаг мэрэгч билээ. Дэлхийд 14 зүйл тарвага байдгийн 8 зүйл нь Евроазид, 6 зүйл нь Америкт тархан амьдардаг. Харин Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн, шингэн байдаг.
Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 килограмм, биеийн урт нь 63 сантиметр. 90-160 миллиметр урт сүүлтэй. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 сантиметр урт үснүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Хойд хөл нь таван хуруутай бол урд хөл нь дөрвөн хуруутай байдаг онцлогтой. Хойд хөл нь урд хөлнөөс арай урт, бахим бүдүүн, мохоо хүчирхэг байдаг.

Эрийг бурхи, эмийг тарч, төллөсөн тарчийг нагай, тухайн жилийн төлийг мөндөл, дөнгөж гарсныг эргүү цагаан, нэг өвөл өнгөрснийг хотил, хоёр өвөл өнгөрснийг шар хацарт хэмээн нэрлэдэг. Шар хацарт гэгдэх наснаас эхлэн тарч хээл авч 30-35 хоног тээж, 4-5 дугаар сард 5-12 мөндөл гаргадаг. Тарвага 10 нас хүртэл төллөх чадвартай бөгөөд 15-16 жил насалдаг. Усныхаа хэрэгцээг өглөөний шүүдэр, ургамалд хадгалагдах усаар нөхдөг. Харин ургамал хатаж гандсан үед цас идэж, горхины ус уудаг.
Тарвага нэгийгээ хужирт явуулдаг. Хоёр завжаараа дүүрэн хужир дүүргээд үсэндээ хужир шингээгээд ирдэг. Хужирт яваа тарвагыг агнаж болдоггүй. Тарвага нь 42 төрлийн эмийн ургамал түүж иддэг учраас түүний юм бүхэн нь хүний өвчнийг анагаах увидастай байдаг байна. Жилийн 160-175 хоног буюу 6 сар орчмыг ичээндээ унтаж өнгөрүүлдэг. Энэ үедээ минутанд 1 удаа амьсгалдаг.

Ичсэн тарваганы зүрхний цохилт удааширч, биеийн дулаан нь цельсийн 4.6-7 хэм хүртэл буурдаг атал үхдэггүй. Ерөөсөө яаж ичдэг нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Тарваганы нүх нь ичээ, зусаал, дайснаас түр нуугдах муу нүх гэж ангилагдана. Ичээ нүх нь амрах, ичих, бүүр бие засах тусгай өрөөнүүдтэй. Тарвага идэшлэх, тоглох, нарлах, нутгийнхаа хил хязгаарыг тэмдэглэх, ичээ ноохойгоо засах зэрэгт өдөрт дунджаар 5-7 цаг зарцуулж үлдсэн бүх хугацаа буюу 87.5 хувийг нүхэндээ өнгөрүүлдэг.
Нас гүйцсэн нэг тарваганаас ойролцоогоор 10 килограмм өөхтэй мах гарна. Арьсыг нь арилжиж, махаар нь боодог, хорхог хийж, өөхөөр нь хүн малын яр шарх, хөхүүл ханиадыг эдгээнэ. Сайн ходоодыг нь хавар турж эцсэн малд өгч тэнхрүүлнэ. Муу ходоодоор нь нохой хооллоно. Шүд хумсаар нь гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Сүүлний үсээр нь бийр хийх гэх мэтээр тарвагыг монголчууд ямар ч хаягдалгүй ашигладаг байна. 1865 онд баруун Монголоос Өргөө, Хиагт, Ховдын хязгаараар урд, хойд хөршид худалдаалсан тарваганы арьс 30 мянга, 1922-1931 онд 16 сая орчим арьсыг хил нэвтрүүлсэн байдаг. 1946-1955 онд жилд дунджаар 2.3 сая тарваганы арьс, 1970 онд 20 сая, 1980 онд 15 сая арьс бэлтгэж байсан мэдээ байдаг.

Тарваганд нэг аюултай зүйл байдаг бөгөөд энэ нь тахал юм. Тарваган тахлын улмаас Европын хүн амын гуравны нэг нь үхэж байсан гашуун түүх хоёр ч удаа гарч байжээ. Ямар нэгэн өвчтэй тарвага хошгирч чаддаггүй бөгөөд тийм тарвага болон нохой үнэг, хярсанд бариулсан тарваганаас хол байх хэрэгтэй. Сүүлийн 20 жилд зах зээлд үнэ хүрдэг арьснаасаа болж тарваганы тоо толгой эрс цөөрч маш ихээр хорогдсон бөгөөд 2006 онд тарваганы хамгийн их тархацтай газруудыг хамруулаад Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт судалгаа явуулахад 22 мянга байжээ.
Чөлөөт бүс
Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...
Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.
Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.
Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.
Чөлөөт бүс
Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?
Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.
Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.
Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.
Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.
Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.
Чөлөөт бүс
Халимны сүү ууж болох уу?
“Амьтны сүү юм чинь ууж л таараа биз дээ?” гэж бодогдож байна уу? Тэгвэл жаахан сонирхоод үзье. Юуны өмнө, халимны сүү гэдэг чинь энгийн сүү биш аж. Үхрийн сүүтэй харьцуулахад хэд дахин илүү тослогтой, бараг л цөцгий, масло хоёрын дунд юм шиг өтгөн. Тэр бүү хэл усанд уусахгүй, харин шахагдаж гардаг гэвэл итгэх үү? Зулзагандаа зориулсан жинхэнэ “energy drink” гэсэн үг.
Гэхдээ эндээс л сонирхолтой хэсэг эхэлнэ.
“За тэгээд нэг амсаад үзчихье” гэвэл тийм амар биш.
Халим бол зэрлэг, асар том амьтан. Далайд амьдардаг, барихад ч бэрх. Дээрээс нь дэлхий даяар хамгаалагдсан амьтны нэг тул International Whaling Commission зэрэг байгууллагууд агнах, барихыг хатуу хянадаг. Өөрөөр хэлбэл, сүүг нь авах гэж оролдох нь өөрөө асуудал дагуулна.
Тэгээд ч бодоод үз дээ… усан дотор халим “саана” гэдэг кинонд л гардаг ажил шүү дээ. Бодит амьдрал дээр ийм технологи ч, арга ч байхгүй.
Тэгэхээр дүгнэлт?
- ✔️ Онолын хувьд: амьтны сүү тул ууж болох мэт
- ❌ Бодит байдалд: боломжгүй шахуу
- 😂 Туршиж үзэх: бараг “mission impossible”
Халимны сүү тийм өтгөн байдаг нь зулзагыг усанд дулаацаж, хурдан өсөхөд нь туслах зориулалттай гэнэ. Байгаль хүртэл “premium nutrition” хийчихжээ
-
Дэлхий нийтээр..2021/12/02
Цахим хурал хийж, холбогдох үүрэг даалгавар өглөө
-
Үйл явдал2022/04/15
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2025/05/30
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана
-
Дэлхий нийтээр..2023/10/27
Их Британи улсаас морьт эргүүлийн чиглэлээр туршлага судална
